sonin.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2014 оны 7 дугаар сарын 21-нээс 24-нд Япон Улсад ажлын айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японы Ерөнхий сайд Ш.Абэ-тай хэлэлцээ хийж, дүнгээр нь хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японы Парламент дахь Найрамдлын бүлэг, Монголтой харилцдаг олон нийтийн байгууллагуудын удирдлага, Японы Эдийн засгийн байгууллагуудын холбоо /KEIDANREN/, Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага /JETRO/, Япон, Монголын эдийн засгийн хорооны ерөнхийлөгч нартай уулзалт хийж, КEIDANREN-тай хамтран зохион байгуулах Монгол, Японы Бизнес форумд оролцож илтгэл тавина.

Монгол, Японы Бизнес форумд оролцох үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, хөрөнгө оруулалтын боломж, мөн монголын талаас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон бүтээн байгуулалтын төслийг Японы хувийн хэвшилд танилцуулах юм.

Түүнчлэн Монгол, Японы эдийн засгийн байгууллагууд, хувийн хэвшил хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, холбоо тогтооход дэмжлэг үзүүлэх зорилгоор Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага /JETRO/-тай хамтран "Бизнес нетворкинг" арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.