sonin.mn

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат болон бусад холбогдох албаны хүмүүс нийслэлийн иргэдэд гэр бүлийн зориулалтаар өмчлүүлэх 52 байршлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

НИТХ-аас иргэдэд газар өмчлүүлэх үйл ажиллагааг цахим хэлбэрээ зохион байгуулах болж, энэ зургадугаар сарын 26-нд 52 байршлаас 20 байршлыг баталсан. Харин ирэх сарын 1-нээс эхний ээлжийн таван байршилд газар өмчлүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах болжээ.

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хожуулын аманд 909 иргэнд, Сонгинохайрхан дүүргийн, 21 хороо Соёоны аманд нийт 4189 иргэнд газар, Хан-Уул дүүрэг 12, 13 дугаар хороо Эрдэнэтолгой 869 иргэнд газар өмчлүүлэх аж. Мөн Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн 1-р хэсэгт 7504, Багахангай дүүргийн 2 дугаар хороонд 1483 иргэн газар өмчлөх юм.

Газар өмчлөх хүсэлтэй иргэд www.umch.ub.gov.mn цахим хаягаар суурин компютер болон гар утасаараа орж бүртгэлээ хийлгэх аж. Ингэхдээ дээрх цахим хаягийн “Гэр бүлийн зориулалтаар газар өмчлөх цахим бүртгэлийн систем” хэсэгт нэврэн өөрийн мэдээллээ оруулах юм.

Өөрөөр хэлбэл, тус хэсэгт нэвтрэхэд маягт гарч ирэх бөгөөд тухай маягтад регистерийн дугаар, ургийн овог, эцэг эхийн нэр, өөрийн нэр, төрсөн хот аймаг болон сум дүүрэг, үндэс угсаа болон гэрийн хаяг болон холбоо барих утасны дугаар, цахим хаягаа үлдээх аж.

Газар өмчлөх хүсэлтийн хариуг цахимаар 10 хоногийн дотор ирүүлэх бөгөөд хариу ирсэн дариуд нь иргэд тухайн дүүргийнхээ газрын албанд өргөдөл бичиж өгөх ёстой аж. Дээрх 52 байршилд газар өмчлөх иргэд 2013 оны тавдугаар сарын 30-наас өмнө шилжин ирж, нийслэлийн бүртгэлтэй болсон байх хэрэгтэй юм.

Газар өмчлөх хүсэлт нэг хаяг дээр давхардсан тохиолдолд дүүрэг бүрийн газрын албан дээр автомат машинаар сугалаа явуулах аж.

Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, “Иргэдэд газар өмчлүүлэх шийдвэр эрт гарсан ч тодорхой шалтгаануудын улмаас удаашралтай байлаа. Тухайлбал,  нийслэлийн иргэд 21 аймагт газар өмчилсөн байна уу гэдгийг нягтлахын тулд орон нутгийн газар өмчлөлийн бүртгэл мэдээлэлтэй танилцах шаардлагатай болсон.

Одоогоор Завхан, Сэлэнгэ аймгаас бусад аймгийн бүртгэлтэй танилцсан байна. Нийслэлийн иргэд хуулийн дагуу Улаанбаатарт эзэмших 0.7 га газраа шилжүүлэн орон нутагт 0.5 га газар өмчлөх эрхтэй. Тиймээс иргэд хэсэг бүлгээрээ нийлэн газар өмчлөх эрхээ шилжүүлж, орон нутагт газар өмчлөх тохиолдол байдаг.

Тухайлбал, гэр бүлээрээ 0.7 га газраа нийлүүлэн Сэлэнгэ аймагт газар авч тариалан эрхэлж буй өрх олон. Эдгээр иргэд дээрх байршлуудаас газар өмчлөх эрхгүй. Тиймээс бид бүх аймгийн газар өмчлөлийн мэдээллийг нэгтгэж байна. Одоогоор “Хаягжуулалтын тухай” хуулийн дагуу хаягжуулалтыг шийдвэрлэсэн. Байр зүйн загвар, хэсэгчилсэн зураг төслөө боловсруулсан. Цаашдаа бусад байршлуудад шат дараатайгаар газар өмчлүүлэх болно” гэлээ.

Мөн энэ үеэр нийслэлд 20 байршилд газар дуудлагаар худалдах болсон талаар мэдээлэл өглөө. Тухайн байршлуудын дийлэнх нь буюу 10 байршил Хан-Уул дүүрэгт буюу Авто худалдааны цогцолбор барих газарт байрлаж байгаа аж.

Дээрх  10 байршил нь 10.1 га талбайг эзэлж байгаа бөгөөд дуудлага худалдаагаар борлуулснаар Авто худалдааны цогцолборт тавигдах, авто зам, шугам сүлжээ зэрэг дэд бүтцийг шийдвэрлэх хөрөнгийг босгох боломжтой гэж үзэж байгаа аж. Энэ талаар ирэх есдүгээр сард НИТХ-аар хэлэлцэх бөгөөд 10 дугаар сарын 1-нээс дуудлага худалдааг зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна.

Мөн зуслангийн бүсэд Сүхбаатар дүүргийн 25 хороо, Ар хустайн зусланд 366 га талбайд 1478 хашаа, 20 хороо Цээнэ зусланд 173 гад 644 хашааны зөвшөөрлийг иргэдэд олгох болжээ. Мөн Сүхбаатар дүүргийн 20 хороо, Цолмон зуслан болон Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын зусланд иргэдийн газрыг хаягжуулж, өмчлүүлэх болжээ.

Харин Чингэлтэй дүүргийн 19 хороонд байрлах Жигжид зуслангийн хашаанууд нь ой болон усны сав газарт хэт ойрхон байрласан болон иргэд хооронд газрын маргаан их тул дүүргийн газрын албанаас асуудлыг шийдвэрлэх хүртэл газар олгохгүй байхаар тогтжээ.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Б.Чадраабал