sonin.mn

Сүүлийн хэдэн жилд МОНГОЛ УЛС УРУУ ЭКСПОРТЫН ОРЛОГО  БОЛОН ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХЭЛБЭРЭЭР ОРОХ долларын  хэмжээ нь эрс багасчээ.
Гадаад худалдааны алдагдал энэ жилээс овоо багасч байгаа ч төгрөгийн ханшны уналт зогсох найдвар бага байна.

Өнгөрсөн хоёр гурван жилд  МОНГОЛ УЛС бонд зарж төгрөгийн ханшийг тогтоон барьж байжээ гэвэл нэг их буруудахгүй байхаа. Одоо бондын долларууд ч дуусч байна.

Нэмж Бонд зарах гэхээр УИХ-ын баталсан хуулиар нийт зээлийн хэмжээг  УЛСЫН ТӨСӨВИЙН 50%-аас хэтрүүлэхгүй гэсэн заалттай бөгөөд уг хуулийг өөрчлөхөд УИХ-ын 51 гишүүн буюу нийт гишүүдийн 2/3-ийн саналаар өөрчлөх юм байна. МАН-ы гишүүд хөндлөн хараад хэвтчиж байгаа тул энэ хувилбар бүтэхгүй. Энэ зун Хятад ба ОХУ  улсын удирдагчид Монголд ирэх ажээ.

Бас манай ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  өнөө маргаашгүй Япон руу ниснэ. Манай төр засгийн  томчуудад  эдгээр  улсуудаас тусламж  гуйх санаа байх шиг байна. Мэдээж том гүрнүүд ашиг харж л мөнгө хаях байх. Хятадын Ши Жин Пин ирэх үеээр Монгол улсыг ШХАБ гэдэгт орохыг шахах сураг дуулдаж байна.

Монгол улс нь Төв Азид АНУ, Герман, Англи, Франц, зэрэг улсуудын нөлөөг бий болгохыг хүсэн мөрөөдсөөр ирсэн бөгөөд манай гадаад бодлого яг үүний төлөө 100 жил өөрчлөгдөөгүй тууштай  байжээ.

Гэтэл энэ (ШХАБ)-нь яг үүний эсрэг Төв Азид барууны нөлөөг оруулахгүй, хориглон ОХУ ба Хятадын сүүлчийн 300 жилийн ноёрхолыг төв азид хадгалахад чиглэж байдаг байна. Харин ОХУ-ын Путин Монголд ирэх үед Уран, Асгатын Мөнгөний орд газрыг ашиглах асуудлууд хөндөгдөх бололтой.

Япон нь ОХУ ба Хятад хоёртой өрсөлдөгч улс тул Монголыг эдэнд сул хаяж өгөхгүй  байхаа. Япон улс нь 1990-оны үеэс л Монгол улсын төсвийн алдагдалыг хааж, ТЭЦ-4, ТЭЦ-3-ыг зогсоочилгүй байлгаж, мөнгө хөрөнгөөр тусласаар иржээ. Богд ууланд эрвээхэйн хөнөөл дэлгэрч модгүй болох аюул нүүрлэхэд Японы элчин сайдын яамнаас мөнгө гаргаж, хор цацаж устгал хийж байлаа.

УБ-д Замын түгжирэл хүндрэх үед Нарны зам, гүүр, зүүн 4 замын уулзварыг засаж өгч байв. Гэх мэт Монголд тусласаар иржээ. Энэ жил Монгол улсын гадаад худалдааны алдагдал түүхэндээ хамгийн бага байна. Яваандаа Монгол улс гадаад худалдаан дээр алдагдалгүй болох нь ойлгомжтой. Бид энэ 1-2 жилийг л аргалахад хөл дээрээ босоод ирэхээр байгаа юмаа.

ОХУ ба Хятадын дарга нар ирнэ гэхээр баярлах юм огт байхгүй. Тэд зүгээр юм өгөхгүй. Бид төлбөрийг нь хожим илүү үнэтэй төлөх нь гарцаагүй. Ноён ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маань луу ба баавгайн  дунд шахагдсан Монгол улсыг тэтгэх болов уу гэсэн итгэл найдвар өвөртлөн арлын зүгт удахгүй нисэх гэж байна. Түүний юутай ирэхээс төгрөгийн ханш хамаарах шинжтэй болчоод байна.

Г.Баян