sonin.mn
Монгол хүн мянга сонсохоор нэг үз гэдэг дээ. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны урилгаар Монголын парламентын сэтгүүлчдийн холбоо, МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сонины сэтгүүлч сурвалжлагчдын хамтарсан баг  6 дугаар сарын 5-13-ны өдрүүдэд Өвөрмонголоор аялах боломж олдов.
 
Нийт 2600 км аялсан аялалын маань зорилго тус орны орчин үеийн үйлдвэрлэл, ХАА, бэлчээржүүлэлт болон ойжуулалтын бодлого, түүний үр дүнтэй танилцах явдал байв.
 
Аялалын багийн маань ахлагч УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ахлах референт Ш.Содномжамц. Улаанбаатар-Эрээний галт тэргээр арав гаруй цаг довтолгосны эцэст бид хоёр улсын хил гаалийн шалгалтыг давж, Эрээний галт тэрэгний буудалд хөл тавилаа.
 
Тавь гаруй насны намхавтар эр биднийг угтсан нь аяллын маань хугацааны хөтөч, бас орчуулагчаар ажиллах Өвөрмонголын Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны Гадаад суртал ухуулгын газрын дарга Баянжаргал аж. 
 
Мөн манай МОНЦАМЭ агентлагийн Хөх хот дахь сурвалжлагч Б.Занданхүү маань тосч зогсоог харахад хүнийрхэж бишүүрхэх сэтгэгдэл төрөхийн завдалгүй шинэхэн орчиндоо уусав. Эрээн хотын галт тэрэгний буудал олны хөлд дарагдаж хуучирсан янзгүй, бас шинэчлэгдэж өөрчлөгдсөн шинжгүй.
 
Дотор хүний ярих тод чангыг хэлэх үү, олны дуу чимээ цангинаж цуурайтах галт тэрэгний буудлаас гарахад Б.Занданхүү маань “Энэ автобусанд суух юм” гээд шар өнгөтэй аяллын автобус заав. Дотор нь орвол манай хэд өөр өөрийн суудлыг олж тухалсан байх ба нэгэнт байр суудлаа олж, ачаа тээшээ цэгцэлснээс хойш аялалдаа гарцгаалгүй яав гэж.
 
Аяллын эхний цэг Эрээн
 
Аяллын эхэнд бид Эрээн хот дахь Хятад-Монголын найрамдлын эмнэлгээр зочиллоо. Эмнэлгийг хот байгуулагдсаны 50 жилийн ойд зориулан барьжээ. Төслийн нийт хөрөнгө оруулалт нь 60 сая юань. 180 ортой, уламжлалт болон орчин үеийн лабораторитой. 
 
Хил гаальд ойрыг хэлэх үү, манай монголчууд тус эмнэлэгт ихээр ирж эм барих төдийгүй хэвтэн эмчлүүлдэг болжээ. Жил бүр тус эмнэлэгт 4000 орчим элэг нэгтнүүд маань эмчилгээ үйлчилгээ авдаг ба тэдгээрийн 700-800 нь хэвтэн эмчлүүлдэг гэнэ. 
 
Энэ эмнэлгийг барихаас өмнө жил бүр Эрээнээр дамжин Бээжин, Хөх хотод эмчлүүлэх монгол өвчтөний тоо 70 мянгад хүрсэн тул хотын зэрэглэлийн төсөл болгож уг эмнэлгийг барьсан байна. Зориод ирсэн Монголчуудад 20 хувийн хямдрал үзүүлдэг гэж эмнэлгийн удирдлагууд ярилаа.
 
Тэдний үйл ажиллагаатай танилцаж явах зуур тус эмнэлэгт солилцоогоор ажиллаж буй Замын-Үүдийн нэгдсэн эмнэлгийн Чих, хамар, хоолойн эмч Г.Гантулгатай хэд гурван үг солив. Хоёр эмнэлэг хооронд байгуулсан гэрээний дагуу ажиллаж буй хамгийн анхны мэргэжилтэн нь Г.Гантулга эмч гэнэ. 
 
Тэрээр одоогийн ажиллаж буй чиглэлээрээ 2-3 сар туршлага судлаад буцна гэв. Тэндээс хөдлөөд бид “Хаоган” жимс жимсгэний паркаар зочиллоо. Товчдоо бол энэ парк жимс жимсгэнэ, үр тариа, хүнс, хүнсний тос зэргийг татан авч, импортод болон экспортод нийлүүлдэг томоохон хэмжээний хадгалалт бүхий агуулах юм.
 
2009 оны 4 дүгээр сард уг паркийг барьж эхэлсэн бөгөөд 10 дугаар сарын нэгэндээ  ашиглалтад оруулсан байна. Байнгын температуртай болон өвлийн агуулах, баглаа боодлын цех зэрэг юм юмтайн дээр хамгийн гол нь мэргэжлийн лаборатори дэргэдээ ажиллуулдаг тул жимс, хүнсний ногооны чанар аюулгүй байдалд эргэлзэх зүйлгүй гэнэ.
 
Аялал Хөх хот руу чиглэв
 
Аялал Хөх хот руу чиглэлээ. Эрээнээс цаашхи газар нутгийн тогтоцыг харахад манай аль нэг говийн аймгийг санагдуулам. Бөртийх төдий үүлтэй, тал хээр нутаг хэдэн арван км үргэлжилнэ. Ганц хүн, ганц айлын бараа харагдахгүй ийм замаар явахад орон нутгийн томилолтоор явж байна уу гэж эндүүрмээр.
 
Саарах ч үгүй, удаашрах ч үгүй жигд хурдаар таван цаг шахам давхисны эцэст газрын байдал өөрчлөгдөж, улаан тоосгон шавар тагз, байшинтайгаа залгаа шахуу ногооны талбай, талбайн нэг багахан үзүүрт 20 хүрэхтэй үгүйтэй хонь голдуу бага мал хариулах малчин зэргийг харахад сая л хил даван яваа минь илүү мэдрэв. 
 
Төд удалгүй автобусны урдуур гүйцэж түрүүлэх хөнгөн тэрэгнүүд олшрох нь хот газар ойртсоны дохио болой. Би ажсангүй үгүй юу Хөх хотын хаалга гэхээр зүйлтэй таарсангүй, шуудхан л хотод ороод ирдэг юм.
 
Бодвол хот далайцтай хөгжиж байгаа учраас угтах хаалгыг сайтар бодож, холхон газраас босгохоор тооцоолсон юм болов уу гэх гаргалгааг амихандаа гаргаад аяллаа цааш нь үргэлжлүүллээ. Хотын захаар саяхан нурааж буулгасан бололтой улаан тоосгоны үлдэгдэл бүхий газрууд ихээр тааралдана. 
 
Энд хуучны гэх өнгө төрх бүрмөсөн арчигджээ. Тагзан байшингуудын оронд чамин хийцтэй 20-30 давхар орон сууцны хорооллуудыг барьсан нь автобусны цонхоор ээлж дараагаар нүднээ тусна. Бас барьж байгуулж байгаа нь ч олон юм. 
 
Тийм олон барилгыг зэрэг барьж байна гээд бөөн хүн хүч, кран техник хөлхөлдөж байгаа юм алга.  Тав арван хүн ухас дөхөс хийсэн янзгүй энд тэнд ганц нэгээрээ бөртөгнөх нь  хэзээ энэ олон барилгыг барьж дуусгах юм бол доо гэх бодол төрүүлэх. 
 
За тэгээд, Ази төрхтэй европ хийцтэй энэ хотод зам гүүр, замын хашлага,  дугуйн зам, цэцэрлэгт хүрээлэн, усан оргилуур, хиймэл нуур, алаг эрээн цэцэг навч ер нь илүү юм байна уу гэхээс дутуу юмгүй газар аж.
 
Технологиороо торойно л гэнэ шүү
 
Харь гүрний хуучин технологийг царайлж суухын зовлонг ирэх жилүүдэд Өвөрмонголчууд үзэхгүй нь бололтой. Технологи гэхээр ганцхан үйлдвэрлэлийн салбарт гэж ойлгов. Ер нь бүхий салбарт өөриймшүүлэх бодлого энэ улсад явагдаж байх шиг. 
 
Хөх хот дахь “Иньхүн” компани үүний нэг нотолгоо юм. Энэ компанийн үүдээр ороход ямар нэг лабораториор орчих шиг санагдсан. Ажилтан ажиллагсад нь цагаан нөмрөг өмссөн байх ба өрөө тасалгаа бүрт элдэв оношилгооны шил сав, хөргөгч хөлдөөгч байрлуулаастай. 
 
Тэгэх нь ээ, энэ лаборатори буюу өөрсдийнх нь нэрлэснээр сурвалж эсийн энэхүү компани нь генетикийн дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн газар болж таарав. 
 
Хүүхэд төрснөөс 2 цагийн дотор хүйнээс нь эрүүл эсийг нь авч хадгалах ба хэрэв тухайн хүүхэд хэзээ нэгэн цагт тэр цусны өвчнөөр өвдвөл хадгалсан эрүүл эсээрээ нэг удаа бүрэн эрүүлжүүлэх боломжтой гэнэ. Ийм төрлийн бааз Хятад даяар хэд хэд байдгийн нэг нь энэ аж. 
 
Одоогоор тус лабораторид 6000 эс хадгалагдаж байгаа, үүн дотор нэг монгол хүн эсээ хадгалуулсан гэх мэдээллийг тэндхийн ажилтан хэлсэн. Хэрэв эсээ урт хугацаанд хадгалуулах бол хугацаанаас хамаарч өөр өөр үнэ тарифтай гэнэ. 
 
Эсийн түвшинд хийж буй уг судалгаагаар цаашид бүх төрлийн өвчнийг илааршуулдаг болох тухай ч энэ үеэр дурдагдав. Өөр нэг дэвшилтэт технологи нь хүний өөхнөөс гоо сайхны бүтээгдэхүүн гаргах үйлдвэрлэл аж. 
 
Хэрэглэгч дунджаар 3 сая төгрөг төлсөн тохиолдолд гоо сайхны бүтээгдэхүүн гаргуулж аваад, мөнхийн залууг хүсэмжлэх биш “нутагшуулаад” авах бололцоо бий гэх үгс чих дэлдийлгэж л явлаа.
 
Харин нүд бүртийлгэсэн зүйл гэвэл нефтийн шаарыг боловсруулж гаргасан үлээхийн төдийд найгалзах цахилгааны утас, өнгө өнгөөр гэрэлтэх сатуркан гэрэл, нано техниологиор бичигдсэн хэзээ ч үл арилах сав боодлын тэмдэглэгээ, насандаа ганц удаа худалдан авсан байхад бэх нь үл дуусах үзэг гээд хөгжил дэвшлийн үр шим олныг гаргаж авч, амьдралд нэвтрүүлээд эхэлсэн байхыг үзлээ.
 
Бид ардчиллыг хөгжүүлсэн, хурдацтай хөгжиж байгаа гэдэг ч нам гүмхэнээр оршин тогтнож байгаа тэдний хаахна явна вэ гэсэн сөргөлцүүлэх бодлын хайчинд оролгүй хаагуур нь зөрж өнгөрөх билээ.
 
Маллахыг зогсоож бэлчээр сэргээсэн нь
 
Аяллын хоёр дахь өдөр Хөх хотын дагууд дэрлэх Далан харын ууланд хэрэгжүүлж буй 667 га газрыг бэлчээржүүлэх төсөлтэй танилцлаа. Анх энэ газар ямар ч үржил шимгүй, хайрган хөрстэй газар байсныг дөрөвхөн жилийн дотор нутгийн өвс ногоогоор ногоожуулсан байна. 
 
Ямар өвс тарьвал ургалт сайтай, ганд тэсвэртэй байх нь вэ гэдгийг судалж тогтоосны эцэст зохиомлоор тарималжуулсан нь эрсдлийг тооцоолсон том алхам болж, төсөл ч үр дүнгээ өгчээ. 
 
Мөн зүлэг бүхий өнөөх талбайгаа хүний хөлд арчигдахаас сэргийлж, газраас хөндийрүүлсэн модон зам барьсан байх нь бас л нэг ухаан юм даа.
 
Тэд нэг төслийг нөгөөтэй уяж өгөхдөө тун чадамгай. 667 га талбайг зүлэгжүүлчлээ гээд ажил зогссонгүй, түүнийгээ түшиглээд олон улсын жишигт нийцсэн морин тойруулга, морь айл, олон улсын морь бойжуулах бааз байгуулахаар төлөвлөжээ. 
 
Түүнчлэн Хөх хотод монгол өвс судлан хөгжүүлдэг “Хэшиньюань” нэртэй их сонирхолтой компани байна. Энэ компани нь ус бага хэрэглэдэг гангийн ургамал судлан хөгжүүлэх, мод цэцэг тарьж ургуулах, цэцэрлэгжүүлэх, экологийн чиглэлийн бүтээн байгуулалт явуулах зэрэг олон чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг юм байна. 
 
Нөхөн сэргээлтийг нэмэгдүүлэх, цөлжилтийг бууруулах, хүчилтөрөгчийн ялгаруулалтыг нэмэгдүүлэх гол бааз сууриа монгол өвс гэж тодорхойлсон нь нүдээ олсон гэхээс өөр юу гэлтэй.
 
Компанийн гадна доторгүй тарьж ургуулсан цэцэг мод байх ба хамгийн гол нь ховордож устаж байгаа монгол өвс ногоог хадгалж, устаж үгүй болохоос сэргийлсэн байхыг олж харах л хамгийн сайхан нь байлаа. 
 
Хэрэв шаардлагатай гэвэл нэг цэцгийг 30 мянга болгон өсгөх чадвартай ийм л нэг компани ажиллаж байна. Гаднаас харвал мод үрсэлгээний газар юм болов уу гэж таахаар ч дотрыг нь шинжвэл шинжлэх ухаанчаар алсаа бодсон үйлдвэрлэлийг тэд сонгон хөгжүүлж байна.
 
Тариалахыг зогсоож ойг сэргээсэн нь
 
Энэ улс маллахыг зогсоож бэлчээр нутгаа сэргээхийг зорьж байгааг дээрх өгүүлэмжээрээ уншигчиддаа хүргэсэн. Харин энэ хэсэгт тариалалтыг зогсоож ойг сэргээх бодлого явуулж байгаа  талаар багцлан хүргэж байна.
 
“Өвөрмонголд юу олон бэ” гэж хэн нэгэн надаас асуувал ямар ч санаж бодох зүйлгүйгээр “Мод олон” гэж хариулах хариулттай энэ аяллаас эргэж ирлээ. 24 сая хүн амтай орноор аялж байгаа гэхэд хүнээс нь илүү  зохиомлоор тарьж ургуулсан ой шугуйг л илүү олныг харж явлаа. 
 
Хэдэн зуун км аяллаа ч чанартай зам, түүнийг дагаж ургасан модыг торох юмгүй олж харах болно. Бид Хөх хотод саатах зуураа Далан харын уулын нэгээхэн сархиаг хэрхэн моджуулсаныг харлаа.
 
Жил гаруйн хугацаанд 3 сая мод тарьсан гэх тэрхүү бүтээн байгуулалт бол Өвөрмонголчуудын хувьд ердийн л нэг ажил бололтой. Уг газрыг эздээс нь худалдаж авч сар бүр тодорхой хэмжээний мөнгийг төрөөс хуваарилах ба тухайн иргэний газар эзэмших хугацаа хэзээ дуусна, тэр цагт газар төрийн мэдэлд очихоор зохицуулалтыг хийжээ. 
 
Энэ бүгдийг үзээд бид Баяннуур хотыг зорив. Зам зуурт Далан харын уулын салбар нурууд дүнхийн үргэлжилнэ. Уулын бэл мөрт цайрч үзэгдэх хайрга олборлолтын ор мөрийг далдалж зулзаган мод бас л цөөнгүйг тарьжээ.