sonin.mn

Төрийн өмчийн хорооны 2014 оны 143 дугаар тогтоолоор "Их тэнгэр" цогцолборын 24 дүгээр байрыг төр өмчдөө буцаан авахаар болсон. Уг байр Монгол Улсад төрийн дээд хэмжээний болон албан ёсны айлчлал хийж буй гадаад орны төр, засгийн тэргүүнүүд, зочид төлөөлөгчид болоод төрийн тусгай хамгаалалтад байдаг хүмүүсийг байрлуулдаг онцгой объект юм.

Харин энэхүү байрыг "Номин холдинг" ХХК 18 жилээр түрээслэсэн байдаг ба энэ хугацаандаа зохих хууль тогтоомжийг удаа дараа зөрчиж иржээ. ТӨХ түрээсийн гэрээгээ цуцалсны гол шалтгаан нь ч энэ аж. "Номин холдинг" ХХК "Их тэнгэр цогцолбор"-ын баруун талыг түрээслэдэг байна.

Энэ хэсэгт "Номин холдинг"-ийн охин компани болох "Номин тэнгэр" үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд тэдний мэдэлд гурван давхар байр байдаг аж. Энэхүү байранд усан бассейн, фитнесс, кино танхим, биллярд, хүүхдийн тоглоомын газар, уулзалт, хурлын танхим гээд дутуу зүйл үгүй.

Харин тус компанийнхан уг байраа м.кв-ыг нь 3000 ам.доллараар нэг жилээс дээш хугацаагаар гадаад, дотоодын бэлтэй эрхмүүдэд түрээслэдэг байна. Мөн тус байранд Монголдоо л ганц өндөр зэрэглэлийн цэцэрлэг ажиллуулдаг аж. Харин өдгөө тус цэцэрлэг ажиллахгүй болсон нь өндөр үнэ төлсөн эцэг, эхчүүдийг мөн бухимдахад хүргэжээ.

Харин "Номин холдинг" ХХК-ийн ерөнхийлөгч Ш.Баярсайхан төр өмчөө эргүүлэн авсанд ихээхэн эгдүүцсэн бололтой. Тэрбээр төр, эасаг болоод Авлигатай тэмцэх гаэрын албан тушаалтнуудыг занаж зүхсэн бичлэгээ цахим ертөнцөд үлдээжээ.

Үүндээ "Их тэнгэр" дэх байшинг 18 жилээр гэрээлж авсан Баярсайхан гэдэг хүн байна. Би 22 жил бизнес хийхдээ ийм юм үзээгүй, ард түмээн. Төр хувийн хэвшлийг уландаа гишгэж, айдас хүйдэст автсан, Авлигатай тэмцэх газар нь олон дахин шалгасан аймшигтай жилүүд болж байна. Нэг өдөр л нэг юм болно шүү, би хэлчихье.

Хэн та нарт даалгавар өгснийг надад хэлчих. Дээрээс, дээрээс гэж байгаад та нар хүн алдаг. Хувийн хэвшлийг алж байгаа хүмүүс сайн сонсч ав. Цаг нийгэм өөрчлөгдөнө өө.Би ардчиллыг дэмждэг хүн. Ардчилалд маш их тусалсан, Цаг өөрчлөгдөнө шүү...

Миний хэлсэн үгийг өлгөж авах гэж байгаа юм уу. Бариад хорьчих, шорондоо хийчих, Та нар зүгээр байгаа хүнийг шоронд хийдэг биз дээ Өвчтэй байхад эмийг нь оруулахгүй боосоор алчихдаг юм байна лээ. Түүн шигээ алчих. Зөндөө юм байгаа шүү, цаана чинь" хэмээн ихэд бухимдангүй байгаа нь дүрс бичлэгийн хальснаа үлдсэн байна.

Монголдоо л томоохонд тооцогддог "Номин холдинг" ХХК 20 гаруй охин компанитай. Компанийн ерөнхийлөгч Ш.Баярсайхан нь олны өмнө төдийлөн гараад байдаггүй, нууцлаг, даруу төлөв эрхэм гэгддэг, Гэвч энэ удаад тэрбээр үнэхээр тэсэрчээ.

У.Мичид

Эх сурвалж: