sonin.mn

ГАЗА. /Reuters/. Израилийн армийнхан Газын зурваст явуулж буй цэргийн ажиллагаагаа улам эрчимжүүлж байна. Энэ сарын эхээр Газын зурваст Израилийн арми цэргийн ажиллагаа явуулж эхэлснээс хойш хамгийн их цус урсгасан тулаан өчигдөр болжээ.

Хоёр талаас амь үрэгдэгсдийн тоо эрчимтэй нэмэгдсээр байна. Израилийн хүчнийхэн өнгөрсөн бямба гарагийн орой Газын зурвас руу газраар илүү хүчтэй довтолж, өчигдөр шөнө агаараас цохилт өгчээ.

Израилийн армийн мэдэгдсэнээр, бямба гарагаас хойш 13 цэрэг нь амь үрэгдсэн байна. Сүүлийн хэдэн жилийн дотор тус улсын армиас ийм олон цэрэг нэг хоногт амиа алдсан тохиолдол гараагүй юм.

Харин Палестины албаны хүний мэдэгдсэнээр, ням гарагт Газын зурвасын 87 хүн, тэдний дотор энгийн номхон иргэд амь үрэгджээ. Газын зурваст Израиль агаараас цохилт өгч  эхэлснээс хойш амь үрэгдсэн палестинчуудын тоо 425 болов.

Мөн өчигдөр л гэхэд халдлагаас дайжин Газын зурвасаас 20 мянга орчим хүн дүрвэсэн байна. Ингэснээр орон гэрээсээ дүрвэсэн хүмүүсийн тоо 81 мянга болов.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг