sonin.mn

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн хамт олон эмнэлгийн тусламж үйлчилгээнд үр дүнтэй хэрэгжсэн шинэ санаа, шилдэг технологи, аргуудыг “Сайн туршлагын сан”-д бүртгэж, 2011 оноос баталгаажуулдаг болжээ. Үүний дагуу энэ оны эхний хагас жилд амжилттай хэрэгжсэн дараах технологи, шинэлэг ажлуудыг “Сайн туршлагын сан”-д бүртгэсэн байна.

Үүнд, хоол боловсруулах дээд замын "Karl-Storz" фирмийн уян дурангийн оношилгоо, эмчилгээ. Энэ технологийг нэвтрүүлснээр 1055 хүнд оношилгоо, эмчилгээ хийж, эдийн шинжилгээ 20, ходоодны хүнд шархтай 10 хүнд шууд эмийн эмчилгээ хийсэн нь зовиур шаналгааг хурдан хугацаанд намдаах, эдгэрэлтийг хурдасгасан үр дүнтэй арга болсон байна.

Энэ нь Улаанбаатар хот руу явах чирэгдлийг бууруулсан аж. Мөн хүүхдийн тасгийг олон улсын стандартын дагуу “Хүүхдийн жишиг хүлээн авах” болгон тохижуулж, эрэмбэлэн ангиллыг цаг алдалгүй үзүүлж 8589 хүүхдэд үйлчилжээ.

Сэргээн засах тасагт Тархины цус харвалтын дараах саа, саажилтыг эмчлэх хөдөлгөөн заслын тоног төхөөрөмж, хэрэгсэл бүхий өрөөтэй болсны зэрэгцээ сувилахуйн тусламж үйлчилгээнд шинэ технологиудыг нэвтрүүлсэн байна. Сувилагч нарын ажлын бүтээмжийг дээшлүүлэх, хөрвөх чадварыг сайжруулах зорилготой “Ажлын байрны солилцоо” хөтөлбөр хэрэгжүүлсэн нь үр дүнтэй ажил болжээ.

Б.Туул

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг