sonin.mn

Олон улсын Хоршоодын холбооны Ази-Номхон далайн бүсийн захирал ноён Баласубраманиан Айэр (Balasubramanian Iyer) энэ сарын 21-24-ний өдрүүдэд манай оронд ажлын айлчлал хийж байна. Ноён Б.Айэрийн айлчлал УИХ-ын гишүүн, Монголын хоршооллын Үндэсний нэгдсэн холбооны ерөнхийлөгч Н.Энхболдтой албан ёсны уулзалт хийснээр эхэллээ.

Уулзалтын эхэнд Н.Энхболд ноён Б.Айэрт шинэ албанд томилогдоод Монголд айлчилж байгаад нь баяр хүргээд өөрийн орны хоршооны хөгжил өнөөгийн байдал, Монгол Улсын төр засгийн зүгээс хоршооллын хөдөлгөөнийг дэмжих чиглэлээр хийж байгаа ажлын талаар танилцуулав. Мөн уулзалтын үеэр НҮБ-аас дэвшүүлсэн “Мянганы хөгжлийн зорилт”-ыг хэрэгжүүлэхэд хоршоодын гүйцэтгэж буй үүрэг, тогтвортой хөгжлийг хангахад хоршоод, хоршоо дэмжигч байгууллагууд хэрхэн хамтран ажиллах талаар харилцан санал солилцлоо.

Ноён Б.Айэр, Н.Энхболд нар бүс нутгийн хэмжээнд хоршоог хөгжүүлэх нэгдсэн бодлого, үндэсний хоршоодын холбоод Олон улсын хоршоодын байгууллагуудын харилцаанаас гадна хоршоод хоорондын шууд харилцааг хөгжүүлэхийн ач холбогдлын талаар ярилцаж энэ чиглэлээр тодорхой ажлуудыг хийхээр тохиролцов. Манай орны хоршооны хөгжил, одоо мөрдөгдөж буй хууль эрх зүйн зохицуулалтын талаар ноён Б.Айэр сонирхлоо. Н.Энхболд өөрийн санаачлан боловсруулсан, удахгүй УИХ-д өргөн барихаар бэлтгэж байгаа “Хоршооны тухай” хуулийн төслийг танилцуулав.

Ноён Б.Айер, МХҮНХ-ны Ерөнхийлөгчийг Индонез улсад 9 дүгээр сард болох Ази-Номхон далайн бүс нутгийн 11 дүгээр чуулганд оролцож хуралдаан удирдах хүсэлт тавьж урилга гардуулав.