sonin.mn

Зүүн хойд Азийн бүс нутгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны асуудлаарх орон нутгийн засаг захиргаадын дээд хэмжээний 19 дэх удаагийн уулзалт энэ сарын 21-24-ны хооронд Улаанбаатар хотноо болж байна.

Уг дээд хэмжээний уулзалтаар мужууд бүс нутгаа холбосон транзит тээврийг хөгжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулах зэрэг хэд хэдэн санал гаргасан байна.

Мөн мужийн захирагч нар өнөөдөр хуралдан ирэх онд хийх ажлынхаа Тунхаг бичгийг гаргалаа. Тунхаг бичгийн хүрээнд Бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн гол тулгуур болох хөрөнгө оруулалт, үйлдвэржилт, бизнес, боловсрол соёл, спортын салбарын хамтын ажиллагааг бүхий л талаар хөгжүүлж, хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлэх, тээвэр логистикийн сүлжээг хөгжүүлэхийг чухалчлах зэрэг ажлыг зохион байгуулах болжээ.

Мөн хил гаалийн бүрдүүлэлтийг өөрчлөх, визний нөхцлийг хөнгөвчлөх, аялал жуулчлалын таатай нөхцлийг бий болгоход анхааран ажиллах, агаарын бохирдолтой тэмцэх, хог хаягдал, цөлжилт, дэлхийн дулаарал зэрэг асуудлаар мэдээлэл солилцож, харилцан туршлага судлах, бүс нутгийн хэмжээнд зохион байгуулагдах олон улсын чухал хуралд хамтран оролцох зэргийг Тунхаг бичигт тусгасан байна.

Уг дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Төв аймаг, ОХУ-ын Приморын хязгаар, БНСУ-ын Канвон муж, БНХАУ Жилинь муж, Япон улсын Тоттори муж багтдаг байна. Дээрх мужууд жил бүр дээд хэмжээний уулзалт хийн, бүс нутгийг хөгжүүлэх зорилгоор өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа дүгнэх, ирэх жилийн зорилгоо тодорхойлдог ажээ.

Уулзалтын хүрээнд эдийн засгийн форум, байгаль орчны форум, хэвлэл мэдээллийн форум гэсэн салбар хуралдаанууд болдог байна. Мөн муж хоорондын ажил хэргийн уулзалтууд болох аж. Жил бүрийн уулзалтаар эдийн засаг, соёл урлаг, боловсролын чиглэлээр ирэх онд хийгдэх ажлуудаа төлөвлөсөн Тунхаг бичиг гаргаж, мужууд хамтран хэрэгжүүлдэг юм.

Өнгөрсөн жил манай улс Японы Тоттори мужтай эрүүл мэнд, хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажилласан байна. Эрүүл мэндийн чиглэлээр Төв аймгийн нэгдсэн эмнэлэгийн эмч нарыг Тоттори мужийн төв эмнэлэг дээр дадлагажуулж байгаа юм. Мөн тус мужаас Төв аймагт эмнэлэгийн тоног төхөөрөмж нийлүүлжээ.

Тухайлбал, ЖАЙКА-тай хамтран жирэмсэн эхчүүдийн цусны даралт ихсэх өвчнийг оношлох тоног төхөөрөмж нийлүүлжээ. Мөн хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх зорилгоор Япон улс руу агрономичдыг явуулан сургалтад хамруулдаг байна.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг П.Төгөлдөр

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг