sonin.mn

Япон улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Япон Улсын парламент дахь ЛАН-ын Япон-Монголын харилцааг хөгжүүлэх бүлгийн дарга М.Хаяши, бүлгийн дэд дарга Я.Шиозаки, Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Нишимура нар бараалхлаа.

Ноён М.Хаяаши хол зам туулж ирсэн ч алжаалыг умартан хүлээн авсан Ерөнхийлөгчид талархал илэрхийлэв. Хоёр орны Засгийн газар хоорондын харилцаа амжилттай хөгжиж буйг ноён Хаяаши тэмдэглээд, өөрсдийн зүгээс парламент хоорондын харилцааг идэвхжүүлэхэд анхаарч байгаагаа хэллээ.

Мөн тэрээр “Парламент хоорондын айлчлал, уулзалтуудыг идэвхтэй хийхийн зэрэгцээ Ерөнхийлөгч таны хоёр орны хувийн хэвшлийнхний хамтын ажиллагааг дэмжиж, ойртуулах талаар гаргаж буй чармайлттай бид ч санал нэг байж, дэмжин  ажиллаж байна. Парламентын гишүүдийн уулзалт, айлчлалд хувийн хэвшлийнхнийг  оролцуулах нь үр дүнтэй байна гэлээ.

Ерөнхийлөгч “Миний айлчлалын зорилго тодорхой. Ерөнхий сайд Ш.Абэтай хэлэлцээ хийж хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурж, хамтдаа зоог барина. Мөн айлчлалын үеэр болох Монгол-Японы бизнес форум өндөр ач холбогдолтой” гээд хоёр орны хамтын ажиллагааг бүх түвшинд ойртуулах нь чухал гэв.  

Уулзалтад Элчин сайд С.Хүрэлбаатар, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, Гадаад хэргийн дэд сайд Д.Ганхуяг, Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн нар байлцлаа.

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг