sonin.mn

Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, НҮБ-ийн Хүүхдийн сан, Гэр бүлийн боловсролын “Сэтгэлийн учиг” ТББ-тай хамтран нийслэлийн хэмжээнд  9 дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн 27 мэргэжилтэн, хорооны 70 нийгмийн ажилтан, 152 хорооны хэсгийн ахлагч нийт 249 хүнийг сургалтад хамруулж байна.

Энэ сарын 16-24-ний өдрүүдэд зохиогдож буй энэхүү цогц сургалтаар “Гэр бүл ба хөршийн холбоо”, ”Амьдралд бэлэн”, “Хүүхдийг хүмүүжлийн эерэг аргаар хүмүүжүүлэх нь” гэсэн гурван сэдвээр сургагч багшаар бэлтгэж байна.

Сургагч багш нар нь хүүхдийн хүмүүжил, гэр бүлийн боловсролын үйлчилгээг хороогоор дамжуулан үзүүлэх, эцэг эхчүүдэд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх, тэдэнтэй зөв харилцах дадал чадварыг нэмэгдүүлэх, өсвөр үе, залуучуудад хөгжил төлөвшлийнх нь явцад тулгардаг бэрхшээлтэй талуудыг харгалзан тэдэнд туслах, хүүхэд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чадвартай эзэмших аж.

Мөн сургагч багш нар нийслэлийн хэмжээнд бүртгэгдээд байгаа хараа хяналт сул, хараа хяналтгүй 898 хүүхэд, тэдний гэр бүлд хүрч үйлчилнэ. Ингэснээр аливаа эрсдэлээс хүүхэд гэр бүлийг урьдчилан сэргийлж, гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэрэг буурна гэж үзсэн байна.

Ч.Ариунболд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг