sonin.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол-Японы бизнес форумд хэлсэн үгэндээ ингэж хэллээ. Манай өмнөдөд дэлхийн хамгийн олон хүнтэй зах зээл байна, манай  умардад дэлхийн хамгийн том газар нутагтай асар их баялагтай гүрэн байна. Бидэнд ирээдүй бий, тиймээс Монголд хөрөнгө оруулах нь ирээдүйд ашигтай гэж уриалахдаа энэ үгийг Ерөнхийлөгч хэлсэн юм. Түүний энэ үгийг хөгжлийн дэд сайд О.Чулуунбат мөн батлан хөрөнгө оруулахыг уриаллаа.

Мөн форумыг зохион байгуулахад идэвхтэй оролцож, ивээн тэтгэсэн байгууллагын нэг Японы Ардын дипломатын холбооны төлөөлөгч Ерөнхийлөгчийн үгийг ишлэн хөрөнгө оруулахыг өөрийн компаниуддаа уриалав. Монгол 3 дугаар сарын 11-ний гамшгийн дараа Монголчууд хамгийн түрүүнд бидэнд тусласан бөгөөд үүнийг Ерөнхийлөгчийн өмнөөс нэмж хэлэх ёстой гэсэн юм.

Монгол бол эртний мөртлөө шинэ улс. Улаанбаатарт очоод Япончууд олон асуудлыг яагаад шийдэж чадахгүй байгаа юм бол гэж шүүмжилж магадгүй. Гэвч Монгол улс асар хурдацтай хөгжиж байгаа бөгөөд асуудлуудаа шийдэхийн аргагүй тийм хурдан хөгжиж байгаагаараа шинэ улс юм гэлээ. Тиймээс Монголд боломж их бий, хуулийн таатай орчин, таатай нөхцөл хүлээлгүй эрсдэл хийсэн компаниуд алдахгүй гэж тэр хэллээ.

Форумыг нээж Японы эдийн засгийн байгууллагуудын холбоо “КАЙДАНРЕН”-ы Ерөнхийлөгч С.Сакибара үг хэлэв. “Сүүлийн жилүүдэд Монгол улс ашигт малтмалаас эдийн засгийн ихээхэн өсөлт олж байна. Японы бизнесмэнүүд үүнийг томоохон боломж гэж үзэж байна.

“КЕЙДАНРЕН” эдийн засгийн түншлэлийн сүүлийн шатны хэлэлцээрийг батлуулж, хөрөнгө оруулалтын чөлөөт тогтвортой орчныг батлуулахыг хүсэж байна. Бид Засгийн газар, Ерөнхийлөгчөөс дэмжлэг хүсэж байна. Энэ форум харилцааны шинэ эринийг эхлүүлнэ гэж найдаж байна” гэлээ. “КАЙДАНРЕН”-ы Ерөнхийлөгчийн хүссэн эдийн засгийн түншлэлийн “Хамтарсан мэдэгдэлд” гарын үсэг зурахад бэлэн болсныг Ерөнхийлөгч мэдээллээ.  

Форумд Ерөнхийлөгчийн хэлсэн үг нэг цаг үргэлжлэв. Тэрээр форумд Монголоос 130, Японоос 180 бизнесмэн оролцож байна. Үдээс хойшхи танилцах уулзалтад 500 гаруй компани оролцохоор бүртгүүлсэн. Ийм том бизнес форум анх болж байна. Хоёр тал итгэлцсэн харилцаа тогтоогоосой. Монгол Японы харилцаа эртний түүхтэй. Монголчууд түүхийнхээ онцгой үед Японтой харилцахыг эрхэмлэж ирсэн байдаг.

Хубилай хаан тэр үеийн Японы Камияд захидал хүргүүлэн, элч илгээж, харилцаа тогтоохыг оролцсон. Тэр захидал Нара хотод, сүмд хадгалагдаж байдаг. 1911 оны дараа Богд хаан тусгаар тогтнолоо дэмжүүлэхээр элч илгээж байсан.

1990 онд Ерөнхий сайд Д.Бямбасүрэн гуай, Ерөнхийлөгч П.Очирбат гуай бүх талын дэмжлэг хүссэн захидал илгээж, харилцаа холбоогоо бэхжүүлэх сонирхлоо илэрхийлсэн. Энэ бол Япон улсыг чухалчлан үзэж байгаа монголчуудын илрэл. Япон-Монголын харилцааг идэвхжүүлэх иргэдийн санаачлага 1960-аад онд идэвхжсэн нь Монголд байсан олзлогдогсод буцан ирсэнтэй холбоотой. Өнөөдөр Япон-Монголын 70 гаруй сайн дурын нийгэмлэг байна.   

Энд тэмдэглэн хэлэхэд 1990 оноос хойш хамгийн том тусламжийг Япон өгсөн. Зөвхөн өөрөө туслаад зогсоогүй бусад орны тусламж дэмжлэгийг зохион байгуулж өгсөн. Хүнд үед байнга туслаж ирсэн Японы ард түмэнд, Японы Засгийн газарт талархал илэрхийлж байна. Баярлалаа. Бид хүний тусыг мартахгүй.

Японы тусламж дэмжлэгийн онцлог нь нүдээ олсон байдаг. Өвлийн хүйтэнд гал алдах шахаж байхад манай уурхай, станцуудад Япончууд хамгийн түрүүнд туслаж байсан. Хот суурин газар хөл дүүжлэх унаагүй болох шахаж байхад автобус, шатахуунаар туслаж байсан. Гал команд, түргэн тусламжийн машингүй болж байхад түүнийг урьдчилж хараад ирүүлж байсан.

Шилжилтийн үед хөдөөнөөс хотод олон айл өрх нүүдэллэн ирж, үй олон хүүхэд хөдөөнөөс ирээд сургуульгүй байхад Япон улсын тусламжаар цэцэрлэг, сургууль барьж байсан. Өнөөдөр зөвхөн тэр цэцэрлэгүүдэд 55 мянган хүүхэд хүмүүжиж байна. Энэ тусламж томоохон эмнэлэг барьж өгснөөр төгсөнө. Одоо бид цаашид харилцан ашигтай хамтран ажиллах цаг ирлээ.

Энэ бүх дэмжлэг тусламж таны бүхний зүтгэж олсон мөнгөнөөсөө төлсөн татварын мөнгө байсан учраас үүнийг ингэж нэгбүрчлэн ярьж байгаа юм. Тэр үед дөнгөж тэнцэж байсан шинэ ардчилсан тогтолцооны унага өнөөдөр хөгжилд хүрэх хөлөг болон өссөн байна. Сүүлийн үед манай ДНБ олон дахин нэмэгдсэн.

1990 оныхоос 20 дахин нэмэгдсэн. Хувийн хэвшил хөл дээрээ тогтож, эдийн засгийн гол салбар болсон. Манай өсөлт ойрын 10 жилд дунджаар 10 орчим хувь байх прогнозтойг та бүхэн мэдэж байгаа биз ээ. Дутагдалтай нь зөвхөн уул уурхайд түшиглэсэн өрөөсгөл бүтэцтэй байна...

Бид өнөөдөр эдийн засгаа солонгоруулах зорилт тавьж байна. Та бүхэн цагийг алт шиг үнэлдэг улс учраас цаг алдалгүй шууд ажил хэрэгтээ оръё.
Энэ уулзалтын санаачлага Ерөнхий сайд Ш.Абэ гуайтай уулзаж байхад гарч Засгийн газрууд, хувийн хэвшлийнхэн шууд дэмжсэн.

Өнөөдөр манай тун цөөхөн компаниуд хамтарч ажиллаж байна. Хөрөнгө оруулалт хагас тэрбум, худалдааны эргэлт 100 тэрбумаас хэтрэхгүй байна. 2011 онд би та бүхэнд хандаж “Цаг ирлээ, сэрцгээе” гэж хэлж байсан. Энэ унтаа байдлаасаа гарцгаая. Бид хамтран ажиллах гурван зарим дэвшүүлж байна.

Нэгд, хамтарч судлая, хийе, үйлдвэрлэе, зах зээлд хамтдаа гарцгаая.
Хоёрт, асуудлыг зөвхөн хувийн хэвшилд даатгалгүй хоёр Засгийн газар ч дэмжье
Гуравт, зөвхөн монголын зах зээлд баригдалгүй дэлхийн зах зээлд хамт гарцгаая.

Манай эдийн засаг бага ч манай улс үндэстний түүхэнд үлдээсэн ул мөр тод. Манай урд хамгийн олон хүнтэй зах зээл, манай умардад хамгийн өргөн уудам газар нутагтай гүрэн байна. Японоор “Яг одоо хийе” гэдэг. Цөмөөрөө одоо л хийцгээе.

Хоёр орны улс төрийн харилцаа хамгийн сайн түвшинд байна. Бүс нутагтаа хамгийн сайн харилцаатай улсууд бол манай хоёр улс. Эдийн засгийн түншлэлийн харилцааны стратегийг үндсэнд тохирсон. Өнөөдөр гарын үсэг зурна.Улмаар хоёр орны парламент батласнаар хөрөнгө оруулалт эрх зүйн орчинг бид бүрдүүлнэ.
Банк санхүүгийн салбарын харилцаа ч сайн байна.

Улаанбаатарт Японы хоёр банкны салбар нээгдсэн бол өнөөдөр Монголын хоёр банк Токиод салбараа нээх гэж байна. Дөрөвт боловсон хүчний асуудлыг бид амжилттай шийдэж байна. Ойрын таван жилд Монголын мянган инженер, 5000 мэргэжилтэй ажилчин Японд бэлтгэхээр болсон.

Бид асуудлыг ингэж цогцоор нь харж байна. Хоёр орны Засгийн газруудын хамтран ажиллах эрмэлзэл давхцаж байна. Бид Японы бизнесийн шилдэг арга барил, ноу хау зэрэг шилдэг бүхнийг хүлээн авч хэрэглэхийг эрмэлзэж байна гэлээ...

Ерөнхийлөгч Монгол улсын хөгжлийн онцлог, тулгарч буй бэрхшээл түүнийг даван туулж буй байдал, томоохон хамтарсан төслүүдийн хэрэгжилт, хөрш орнуудтай харилцаж буй эдийн засгийн харилцааны талаар дэлгэрэнгүй мэдээлээд “Миний энэ удаагийн айлчлал бүхэлдээ хоёр орны бизнесийн үйл ажиллагааг идэвхжүүлэхэд чиглэж байна” хэмээн онцлон тэмдэглэлээ.

Ерөнхийлөгчийг үг хэлсний дараа Монгол Японы биенес эрхлэгчид хамтран ажиллах боломж, худалдаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар хэлэлцлээ. Мөн хамтран ажиллаж буй зарим төслүүдтэй Ерөнхийлөгч танилцлаа.
Ерөнхийлөгч өнөөдөр Япон Улсын Ерөнхий сайд эрхэмсэг ноён Ш.Абэтай хэлэлцээ хийж, хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурж, зоог барина.  

Япон. Токио хот А.Баатархуяг