sonin.mn

Япон улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар албан ёсны хэлэлцээ хийж, хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа.

Хэлэлцээний эхэнд Ерөнхий сайд Ш.Абэ “Японы Эдийн засгийн байгууллагуудын холбоо КEIDANREN-тай хамтран зохион байгуулж буй Монгол, Японы Бизнес форумд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж таныг ирж оролцож байгаад баяртай байгаагаа илэрхийлье. Таны манлайлал дор эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах хэлэлцээ зарчмын тохиролцоонд хүрсэнд таатай байна. Япон, Монгол хоёр улсын харилцаа өндөр түвшинд хөгжиж байгаа бөгөөд цаашид бидний хамтын ажиллагаа улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ”Манай хоёр орны харилцаа Шинзо Абэ таны Монгол улсад хийсэн айлчлалаас хойш улам эрчимжиж өндөр түвшинд хүрч байгаа. Таны дэвшүүлсэн ажил хэрэгч санаачлагууд улам эрчээ авч ажил хэрэг болж байгаад баяртай байна . Хоёр улсын засгийн газар тууштай хамтран ажилласны үр дүнд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр зарчмын тохиролцоонд хүрсэнд таатай байна. Энэхүү хэлэлцээрийг хийснээр хоёр улсын бизнес хөрөнгө оруулалтын таатай орчин,тогтвортой эрх зүйн харилцаа үүснэ гэдэгт итгэлтэй байгаа. Ирэх оны эхний улиралд хоёр тал гарын үсэг зурж, соёрхон батлах бололцоотой гэж үзэж байна” гэж хэллээ.

Хэлэлцээний дараа  Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ  нар Монгол Японы хооронд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах хэлэлцээ зарчмын тохиролцоонд хүрсэн болон Япон улс Монгол улсын хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тухай хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурж, хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийлээ.

 Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ ”Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Япон улсад хийж байгаа ажлын айлчлалыг чин сэтгэлээс халуун дотноор хүлээж авч байна. Мөн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхийн тулд эдийн засгийн харилцааг улам нягт  болгох асуудал дээр Ерөнхийлөгчтэй санал нийлж байгаа. Дараах гурван агуулгыг хамарсан хамтарсан мэдэгдэлд сая гарын үсэг зурлаа.

Нэгдүгээрт Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулах хэлэлцээ үр дүнтэй болж зарчмын тохиролцоонд хүрснийг сайшааж байна. Тус хэлэлцээр нь манай улсын хувьд  саяхан байгуулсан Австралийн хэлэлцээрийн дараах 15 дахь хэлэлцээр болох юм. Мөн Монгол улсын хувьд анхны эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр бөгөөд бие биенээ харилцан нөхсөн эдийн засгийн харилцааг цоо шинэ шатанд гаргах өндөр ач холбогдолтой юм. Цаашид тус хэлэлцээрийг гарын үсэг зурж хүчин төгөлдөр болгох ажлыг түргэвчлэхийг зорьж хамтран ажиллана.  

Хоёрдугаарт  Монгол улсын үйлдвэрлэлийг төрөлжүүлэх, экспортыг дэмжих зорилготой “эрч нэмэх” санаачлагыг миний зүгээс дэвшүүлж дэмжлэг хүлээсэн. Энэ нь өнгөрсөн жилийн гуравдугаар сард миний бие Монгол улсад хийсэн айлчлалынхаа үеэр дэвшүүлсэн хамтын ажиллагааны  санаачлага юм. Ингэснээр олон улсын өрсөлдөх чадвар бүхий нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг өргөтгөхөд дэмжлэг үзүүлэх болно.  

Гуравдугаарт Эдийн засгийн бүтцийг шинэчлэх мөн ил тод, тогтвортой эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтийг хүлээн авч, манай улсаас эдийн засгийн зөвлөх томилуулах саналтай байгаагаа илэрхийлсэн. Ийм дэмжлэгээр дамжуулан Монгол улсын дунд болон урт хугацааны эдийн засгийн хөгжлийн бодлогыг боловсруулахад хувь нэмэр оруулах болно.

Монгол улстай харилцан ашигтай бие биенээ харилцан нөхсөн харилцааг улам бэхжүүлж, стратегийн  түншлэлийг улам хөгжүүлэх бодолтой байна” гэж хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Япон Улсын Ерөнхий сайд эрхэмсэг ноён Ш.Абэтэй чин сэтгэлийн найрсаг байдалд хэлэлцээр хийсэнд таатай байна. Манай хоёр орны стратегийн түншлэлийн харилцаа, эдийн засгийн түншлэлийн харилцаагаар баяжин бэхжих болж байгаад туйлын баяртай байна.

Хоёр талаас үндсэндээ тохиролцсон эдийн засгийн түншлэлийн харилцаа бол хоёр талын эдийн засаг хөрөнгө оруулалтын харилцааг улам идэвхжүүлэхэд тогтвортой эрх зүйн орчин болж чадна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлье. Бидний эдийн засгийн харилцаан дээр гаргаж ирж буй санал бол хамтарч судлая,хамтарч хийж бүтээе, хамтарч зах зээлд гаръя гэсэн саналыг дэвшүүлж байгаа.

Энэ саналын хүрээнд өнөөдөр Япон улсад хамгийн өргөн хүрээтэй эдийн засаг, хувийн хэвшлийнхний чуулга уулзалт боллоо.  Энэ чуулга уулзалт дээр Монголын эдийн засгийн байдал хөрөнгө оруулалтын орчны талаар дэлгэрэнгүй танилцуулга хийсэн байгаа. Хоёр талаас энэ чуулга уулзалтад оролцсон компани, төлөөлөгчдийн тоо 500-д хүрснийг энд тэмдэглэж хэлье.

Япон улстай харилцах харилцаа бол  Монгол улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байдаг. Энэ тэргүүлэх чиглэлийн харилцаа нь Монголын хөгжлийн эрх ашиг, манай үндэсний эрх ашигт нийцэж байдгийг энд цохон тэмдэглэхийг хүсч байна” гэлээ.