sonin.mn

УИХ-ын гишүүн Л.Болд өчигдөр Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, Яармаг-Нисэх-Био-Шувууны 36.2 км болон Богд уулын арын 17 км замын ажилтай танилцав.

УИХ-ын гишүүн Л.Болд эхлээд Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлийн үйл ажиллагаатай танилцан тулгамдаж буй асуудлын талаар эмнэлэгийн удирдлага, эмч нартай санал солилцлоо.

Тус нэгдэл нь анх 1990 онд 229 эмч, албан хаагчдын орон тоотойгоор харьяаллынхаа 80 мянган хүнд II шатлалын эмчилгээ үйлчилгээг үзүүлэх боломжтойгоор байгуулагдсан  ч өнөөдөр нийслэлийн хүн амын нягтаршлаас үүдэн 158 мянган хүнд үйлчилж байгаа гэсэн албан бус тоо гарчээ.

Тиймээс тус эмнэлгийн “А” корпус буюу нураагдсан барилгын суурин дээр нэгдсэн эмнэлгийн барилга барих нэн шаардлагатай байгаа аж. Уг ажлын хүрээнд Нийслэлийн ИТХ-ийн энэ сарын 6-ны хурлаар нэгдсэн эмнэлэгийн барилгын зургын төсөл хийх 80 сая төргөгийг баталж өгсөн талаар дурдагдав.

УИХ-ын гишүүн Л.Болд энэхүү асуудалд барилгын зураг төслөө түргэвчлүүлэхийг зөвлөн шинэ эмнэлэг барих хөрөнгийг ирэх жилийн төсвийн төсөлд оруулж шийдүүлэх талаар хөөцөлдөх болно гэдгээ дуулгалаа. Ийнхүү шинэ байр болон бусад тоног төхөөрөмжийн шинэчлэл, боловсон хүчний мэргэшил дээшлүүлэх асуудлыг шийдэхээр ярилцлаа.

Нийслэлийн Өмчийн харилцааны газраас ирэх наймдугаар сарын 1-нээс нийслэлийн иргэдэд газар өмчлүүлэх үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулахаар бэлтгэл ажлаа хангаад байгаа билээ. Уг ажлын хүрээнд Л.Болдын санаачилгаар Хан-Уул дүүргийн 16 хороо, Багахангай болон Багануур дүүргийн нийт 23 хороо тус бүрт нэг түр ажилтанг сургаж байгаа аж.

Тэрбээр уг ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн байранд Нийслэлийн өмчийн харилцааны газрын мэдээлэл технологийн хэлтсийн мэргэжилтэн Д.Энхмаагийн явуулж буй сургалтанд сууж байгаа түр ажилчидтай уулзлаа.

УИХ-ын гишүүн Л.Болдын санаачилсан уг ажлыг дэмжиж түүнтэй хамт сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл иргэдэд цахимаар газар өмчлөх асуудалд зөвлөгөө, зааварчилгаа өгөх түр ажилчдыг зөөврийн компюьтераар хангахад хамтран ажилласан байна.

УИХ-ын гишүүн Л.Болд Яармаг-Нисэх-Био-Шувууны 36.2 км болон Богд уулын 17 км замын ажилтай танилцлаа. Эдгээр замыг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахын тулд өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хурлаас шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг эцэслэн шийдсэнийг сайд Л.Болд мөн дуулгав.

Мөн ашиглалтын шаардлага хангахгүй хуучин байрыг дахин төлөвлөж барих ажлын хүрээнд Нэхмэлийн шар буюу II хорооны 19 байрны иргэдтэй уулзан шинэ батлагдсан журмыг танилцууллаа.  УИХ-ын гишүүн Л.Болд өнөөдөр Багануур дүүрэгт ажиллаж байна.

Б.Туул

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг