sonin.mn

АМСТЕРДАМ. /ВВС/. Украины зүүн нутагт осолдсон, Малайзын иргэний агаарын тээврийн “Malaysia Airlines” компанийн нисэх онгоцны хохирогчдын цогцсуудыг Нидерланд руу тээвэрлэж байна. Цогцсуудыг өчигдөр Оросыг дэмжигч босогчдын хяналт дор ослын бүсээс галт тэргээр Украины зүүн нутгийн Харьков хотод аваачсан юм.

Украины Ерөнхий сайдын орлогч Владимир Хройсманы мэдэгдсэнээр, өнөөдөр 50 орчим цогцсыг Харьковоос Нидерланд руу явуулж байна. Ослын шалтгааныг тогтоох олон улсын мөрдөн шалгах ажиллагааг удирдах Нидерландад зориулсан төлөвлөгөөнүүдийг Украины Засгийн газар баталсан гэж тэрбээр хэлэв.

Украины Засгийн газар болон бусад улсын шүүх эмнэлгийн шинжээчид үлдсэн цогцсуудыг шалгасныхаа дараа Нидерланд руу задлан шинжилгээ хийлгэхээр явуулах юм. Энэ баасан гараг хүртэл цогцос таних ажиллагаа үргэлжилнэ.

Украины Засгийн газар ослын бүсэд хийсэн эрлийн ажиллагааг дуусгаж, нисэх онгоцонд сууж явсан 298 хүн бүгд амиа алдсан болохыг батлан мэдэгдсэн билээ.

Мөн осолдсон нисэх онгоцны хоёр хар хайрцагны мэдээллийг Нидерландын холбогдох албаны хүмүүсийн хүсэлтээр Британийн агаарын тээврийн ослыг мөрдөн шалгагчид сэргээхээр болсон гэж Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон мэдэгдэв. Гэхдээ эдгээр төхөөрөмжийг хэзээ улс руу нь илгээхийг Британийн албаны хүмүүс хэлээгүй.

Харин сэргээсэн мэдээллийн агуулгыг нийтэд дэлгэлгүйгээр Нидерланд руу илгээх ажээ.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг