sonin.mn

Энэ удаагийн зочноор эрдэмтэн-зохиолч Л.Одончимэдийг урьж ярилцлаа.

-Та сайхан зусч байна уу, хаа­гуур явж наадав даа?

-Сайхан зун болж, газар сайгүй л сэтгэл тэнүүн, сэрвээ дээгүүр наадав бололтой. Хөдөө рүү сэтгэлтэй, нутаг амьтай бүхэн л сумандаа очиж наадацгаасан байх. Миний хувьд ч ялгаагүй.

-Танай сум чинь?

-Дорноговийн Дэл­гэрэх. Соёлын гавьяат зүт­гэлтэн, эрдэмтэн-зо­хиолч До.Цэнджав, Ур­лагийн гавьяат зүтгэлтэн Б.Нагнайдорж, МЗЭ-ийн шагналт зохиолч Г.Цэдэвдорж нартай хамтран сумынхаа 90 жилийн түүхийн ном, бас баримтат киног бүтээж өгсөн.

- Сумын чинь наадам гоё болов уу?

- Улсыг хөгжлийг Улаанбаатар хотоор биш сумаар тодорхойлдог гэж би үздэг хүн. Улаанбаатар хотыг ер нь хөгжиж байгаа гэж үзэх үү, хөгширч байна гэж үзэх үү гэвэл хүмүүс янз янзаар л хариулах байх. Сумдын хувьд  бүгдээрээ л нүдний өмнө хөгжиж байна. Та ардчиллын эхний жилүүдэд сум ямар болж  байсныг санаж байгаа бол өнөөдөртэй харьцуулж үзээрэй л дээ.

Хүн бүхэнд төрсөн нутаг нь гоё

Хүрээ хийдийнхэндээ хот нь гоё

Хүйгээ дарсан бидэндээ говь минь гоё гэж би нэг шүлгэндээ бичсэн.

Сумын хөгжил гэдэг хүний хөгжил юм. Тиймээс манайхан сэтгэлгээний хоцрогдлыг халж, хүнээ хөгжүүлэхийн төлөө сумтайгаа хамтран ажилладаг, эрдэмтэн мэргэдийг урьж аваачдаг чухал хэрэгцээт ном зохиолоор хангадаг. Бидний ном, кино, наадмын хөтөлбөр энэ бүхэлдээ хүний хөгжлийг харуулахыг зорьсон.

Ардын хувьсгалаас хойш хоёрхон уртын дуу зохиогдсоны нэг “Алтанговийн унага” дууг Дэлгэрэхийнхэн бүтээсэн. Дорноговь аймгийн сүлд дуулал “Тал нутгийнхны дуу”-г манай сумын уран бүтээлчид зохиосон. Монголын хайчилбарын урлалын эцэг, Урлагийн гавьяат зүтгэлтэн  Д.Гүрдорж Дэлгэрэхийнх.

Манай сумаас 1959 онд фестивальд 30 морин хуурч шалгарч байсан, өнөөдөр сумынхаа концертонд 50 хуурч гаргаж байна. Зуун буудалт даамын өсвөр үеийн улсын аварга баг, мөн Ази тивийн аварга даамчин  сумын сургуулиас төрөөд байна. Тайж, банди, будангууд гэсэн адууны угшлыг бий болгож, төрийн наадамд түрүү авч байна.

Мал сүргээ өсгөсөөр нэг хүнд ногдох тоо толгойгоор улсын дунджаас тав дахин өндөр болгож чадлаа. Манай сумынхны амьдрал нүдний өмнө дэвжин дээшилж байна. Ажлаараа аймагтаа тэргүүлдэг сум боллоо.

 Танай сумынхан чинь яасан их баян тансаг, ямарч олон машин тэрэгтэй юм бэ гэхэд манай сумын нэг цогтой эр

“Хүүхэд унадаг мотоцикль

Нүүхэд хэрэглэдэг ачааны машин

Авгайн унадаг Япон жийп

Анд унадаг “69”

Агтаа ачдаг портер

Аргал ачдаг трактор цөм бүрнээрээ бий” гэж хэлсэн гэдэг. Энэ нь үнэн юм.

Гэхдээ манайх бол үүцээ задлаагүй цөөхөн сумын нэг. Одоо л уул уурхай, төмөр зам яригдаж эхэлж байгаа юм. Тэгэхлээр дээр дурьдсан бүхэн  авъяас, ажил хөдөлмөрөөрөө олсон амжилт юм. Тиймээс бид наадмаа хүний хөгжлийн баяр гээд байгаа юм. Манай сум ажилгүйдэл, ядуурлыг арилгаж, тэгж дүүрэн амьдралтай сум болсноо   хамгийн түрүүнд зарлан тунхаглах сайхан зорилт дэвшүүлсэн.

Энэ бол том зорилт, төр засгаас уухайлан дэмжих ёстой чухал асуудал. Харамсалтай нь дөжирсөн дүлий нийгэмд юу ч санаачлаад нэмэргүй юм. Юутай ч манай сумынхан хэлсэндээ хүрнэ. Тэгээд яахыг нь харна даа.

-Таныг баг, сумын хөгжлийн талаар ярьж бичдэг, санаа дэвшүүлдгийг бид мэднэ. Ер нь сумын наадам, ялангуяа түүхт ойн тухай хүмүүс янз янзаар ярих юм. Энэ тухай таны бодол?

- Ядуугаараа гул барьж гаднаас юм гуйж гувших шалтаг хайх, Монголыг өрөвдөж хайрласан дүр үзүүлж өрөнд баригдсан орон болгох гэсэн гадны зорилго хоёрыг хэрэгжүүлэхэд хэрэгтэй элдэв үзүүлэлт сэддэг бололтой юм. Тиймээс л Монгол Улс хүний хөгжлөөрөө дэлхийд тэхий дундаас хойш ордог. Энэ бол худал үзүүлэлт.

Монголын хөгжлийг тодорхойлъё гэвэл говь, хангай, хээрийн юмуу, эсвэл нийслэлд ойрхон дундач зайд,  тэгээд  алс бөглүү орших сумдыг сонгоод судлахад үнэн зөв хариулт гарна. Одоо энэ “Шинэ сум” төсөл, тэр Х.Баттулга сайдын сум сонгоод тохижуулж эхэлсэн ажил, Дундговийн Гур­ван­сайханы эх­лэл, Сүхбаатарын дар­га Ж.Батсуурь, Зүүн­хараагийн Цээпилдоржийн санаачилгыг би их анзаарч суудаг.

Хүмүүсийг би надаас илүү нутаг сэтгэлтэй гэж боддог. Гэтэл сумандаа очиж тусалдаггүй бололтой юм. Очоод овойж оцойтол юм босгодоггүй юмаа гэхэд оюун сэтгэлгээний шинэчлэлийн талаар туслах боломжийг ашиглахгүй байгаа юм. Баяр наадам болохоор баахан баян тансаг хүмүүс очиж сумынхандаа дээрэлхээд, баярхаад байгаа мэт харагддаг.

Гэтэл зуд болж мал үхэж, эсвэл төрсөн нутаг нь түймэрт шатаж байхад хэн ч очдоггүй. Сүүлийн үед ургийн баяр гэж сайхан уламжлал тогтож байна. Ургийн баяраар хэн нь хэр баян болсноо гайхуулах биш, тааруухан амьдралтай нэгнийхээ амьжиргааг өөд татдаг, архи уудаг нэгнийгээ тэр амьдын тамаас татаж гаргадаг, удам угсаагаараа нийлж төрөлх нутгаа хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулдаг тийм бага хуралдай болговол зүйтэй гэж боддог. Би сумынхандаа үүнийгээ хэлдэг л юм. Бас ч сонсох нэг нь сонсч байнаа.

Улсын наадмын тухайд бол бүх сумд нэг л өдөр нааддаг болбол зүгээр юм. Эс тэгвээс наадам хэсч, сумынхны арай ядан цуглуулсан бай шагналыг зүйлийг нь хамж аваад явчихдаг “нисдэг хулганууд” бий болоод удлаа. Ялангуяа төрөөс төрсөн тэрбумтнууд, алдар хүндэд хүрсэн баян тарган болсон уяачид одоо ичих цаг нь болсон баймаар юм.

Тэд удахгүй машинаар биш нисдэг тэргээр явж бүх сумыг цөлмөдөг болох байхаа. Борог өвсний адуу нь тарилга тэжээлийн морьдод тэлүүлж, сумын заан дангийн даваанд улсын цолтой бөхийн аманд гарч, сумынхан урилгатай, урилгагүй зочдод нь бүдүүлэг хө­дөөгийнхөөрөө дуудуулж, дараа нь тарьсан хог, уусан архины шилийг нь цэвэрлэдэг, төв хөдөөг холбож гайгүй сайхан наадам зохион байгуулах гэж хэдэн сар шаналсан сумын удирдлага төвийнхний худал амлалтын авлагатай, өч төчнөөн өр ширтэй хоцордог тийм дүр зураг түгээмэл боллоо.

Тэгээд, наадмын дараа  хэд бороо орж, хүчтэй салхилахад байшин барилга, хашаа хороондоо түрхсэн зос будаг нь арилж, элдэв уриа лоозон нь урагдаж, сумын хаалга гэдэг нэг янхигар төмөртэй, тагтааны баастай хэдэн суваргатай хоцордог. Нутгаасаа хур­дан адуу хямдхан авсан тухай сонссоноос биш, хурдан хүлгээ сумандаа бэлэглэсэн уяач гэж сонс­сонгүй.

Үндсэндээ наадам бол хот нь хөдөөгөө цөлмөх нэг арга ухаан мэт харагдах болж байна. Эсвэл бүр эсрэгээрээ тэрбумтнууд бүх зардлыг дааж, сумаа байтугай айм­гаа худалдаж авдаг баяр болох тийшээ хандаж бай­на. Хүн сул олсон мөн­гөндөө харамгүй байд­гийн нэг жишээ юм даа.

-Та Үндэсний баяр наадмын хуулийг батлуулж байсан хүн. Энэ бүхнийг яавал зохилтой гэж бодож явна?

-Төрөө дээдэлдэг монгол ёс уламжлалаа бодож тэр хуулийг батлуулсан. Популист маягийн хуулиас өөр юм хийж чадахаа больж байгаа төрийн түшээд тэр хуулийг хувь хүмүүст зориулан өөрчилж байгааг бас ажиглаж л сууна. Хууль эргэж үйлчилдгийг ч бас харлаа. Цол авсан хүмүүс нь  чухам ямар ааш аяг гаргахыг үзлээ.

Ардын хувьсгалын баяр наадмыг  орон даяар нэг л өдөр зохион байгуулдаг болгон хуульчилж болно. Хэн, хаанаа очиж уралдаж, барилдах нь чөлөөтэй боловч төрөлх сумыхнаа басч, хөдөөгийн малчдыг элэг барьж байдгийг хаах арга төрд байх ёстой. Улсын цолтой бөхчүүд зөвхөн төрийн их баяр наадамдаа барилддаг байхаар хуульчилсан ч болно.

Харин тухайн аймаг, сум нэр цохож уривал очиж барилддаг байж болно. Амьдрал баян. Энэ бүхнийг нэг мөр хэлчих бэлэн жор байхгүй. Танай сонин энэ талаар хэлэлцүүлэг явуулаад үзэхгүй юм уу. Хөдөөнийхэн өөрсдөө их ухаалаг санаа хэлнэ дээ. Тэнд эрүүл саруул ухааны эх нь байдаг.

Монголын дүр төрхийг харахад ухаантнууд нь хотод шигдээд, хөдөөд зөвхөн бэлтгэн нийлүүлэгчид нь үлдсэн юм шиг харагддаг. Насаараа адуутай ноцол­дож, морь уяж, олон түмнийг баясгаж, нутаг усныхаа нэрийг гаргаж ирсэн уяачдын хүртэж чадаагүй алдар цолыг морио бусдаар уяулдаг  улстөрчид авчихдаг тийм гажиг үзэгдэл ч газар авлаа. Ичиж амьдармаар юм.

-Ер нь тэгээд манай амралт, баяр ёслол нь ихдэж байгаа юм биш үү?

- Манайхан урд хөршийгөө баяр ёслолоор их олон хоног амардаг гэж шүүмжилдэг. Тэд бол ажил хийх цагтаа хийх шиг  хийгээд, амрахдаа амрах шиг амардаг улс. Манайхан бол юу ч хийж амжаагүй байж дэндүү олон хоног амардаг. Ер нь наадам бол төрийн дээдсийн хувийн имижээ өсгөдөг нэгэн өвөрмөц хэрэглүүр болоод удлаа шүү дээ.

Та бод доо, жилд 360-аад хоног бий. Үүнээс 100 гаруй нь хагас бүтэн сайн. Албан ёсны хуультай амрах өдөр 15 болж байна. Цаана нь салбарын баярын өдөр  гэж 50-иад өдөр архиддаг. Гэтэл зам, гүүр, барилга, геологийн ажлын хугацаа ердөө л 5-6 сар.

Хүн амын тал нь хүүхэд, насанд хүрэгсдийн дотор тэтгэврийнхэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, элдэв өвчний группт орсон  хүмүүс бараг 400 мянгад хүрдэг. Цагаан захтан төрийн албан хаагч 220 мянга хүрлээ.

150-160 мянган оюутан нэртэй ирээдүйн ажилгүйчүүд байдаг. Ингээд үзвэл яг бүтээн байгуулалтад гар бие оролцдог 600-700 мянган хүн, жилдээ 200-аадхан өдөр ажиллаад нөгөөх америк маягийн капитализмаа хэзээ нь байгуулах вэ. Муу хэлдэг социализмын үед чинь ажилчин анги гэдэг бүхэл бүтэн систем бий болсон юм.

Тэр  аж үйлдвэртэйгээ хамт устсан. МСҮТ-өөр бэлтгэж байгаа залуус хэзээ ажилчин ангийг бүрдүүлэх нь бүрхэг. Түрүүч нь ажилгүйчүүдийн эгнээнд орж байна. Монгол Улс амрлт, аялал, жуулчлал, зугаа цэнгэлийн орон болох тийшээ л явж байна. Өнгөрсөн 25 жилд улсын чанартай нэг ч үйлдвэр баригдсангүй.

Хөдөлмөрийн баатар төрүүлэх тийм хүч сорьсон үйлдвэр байхгүй болохоор урлаг соёлынхонд баатар цолоо өгөх боллоо гэж шүүмжилж байна. Гэхдээ надад тэр баатруудын хөдөлмөрийг үгүйсгэх санаа алга.

-Энэ нь чухам юунаас болоод байна гэж та үздэг вэ?

-Улс төрийн талцал, хэмлэлдээнээс болоод сонгуулиас сонгууль хүртэлх хэмжээнд сэтгэж, санал авах марафонд гүйцгээх болсны уршиг. Засаг захиргааны нэгжийг цөөлөх, төсвийн зардлыг багасгах, томоохон үйлдвэр байгуулах, орон нутгийн төрийн байгууллагыг ард нийтээр сонгодог болох гээд томоохон асуудлаас цөмөөрөө айдаг.

Нефть боловсруулах үйлдвэр юу болов. Дорноговийн аж үйлдвэрийн парк хаачив. Нэр төр олох ажил амжуулах, сонгуулийн хуулийг өөрсдөдөө ашигтайгаар өөчлөх, насаараа төрийн  хамгаалалтанд амьдрах  арга сэдэх нь улс төрчдийн эрхэм зорилго боллоо.

Ийм байхад улс орныг алсын хараатай удирдах тухай ярьсан хүн адгийн тэнэгт тооцогдоно. Төрийн төвшинд шийдвэр гаргах эрх бүхий нөхөд яг хамелон шиг байхад улс яаж хөгжих юм бэ. Ингээд яривал олон зүйл бий. Цаг, цаас хоёрын гарз биз дээ, больё.

-Баяр наадамд тэрбум төгрөг гаргалаа гэж ярих юм. Энэ ер нь зөв үү, буруу юу?

- Ингэж их хөрөнгө зарж байгааг олон янзаар тайлж болно. Ардчилсан хувьсгалаар олж авсан эрх чөлөө, тусгаар тогтнолоо ёс төртэй тэмдэглэхийг зорьж байна гэж үзье гэтэл  өнгөрсөн жилээс “Ардын хувьсгал” гэдэг үгнээс цэрвээд байх болсны учир юу вэ гэсэн асуулт бас гарна. Наадамчиддаа сайн үйлчилье, гадны жуулчид, наадмын төлөөлөгчдөд уламжлалт баяраа зөв ойлгуулъя гэж бодсон байж болох талтай.

Тэгвэл зээлийн өрөнд дарагдахаасаа өмнө, мөнгөтэй байхдаа ингэж  байхгүй яасан юм бол гэж бас бодогдоно. Бас АН л эрх чөлөөний баяраа ингэж чухалчилдаг гэдэг сэтгэгдэл төрүүлэх гэсэн оролдлого байж болох. Бухимдал туйлдаа хүрч байгаа энэ үед уйлсан хүүхдийг модтой чихрээр хуурдаг шиг арга хэрэглэсэн ч байж болох.

Наадмын маргааш намар гэдэг шиг одоо ам.доллар 2000 руугаа явж эхэллээ. Их наадаж наргисны дараа юу болохыг цөмөөрөө харлаа. Ямартаа ч нэг амаараа бүсээ чангалъя гэж хэлээд, нөгөө амаараа амраад бай, уугаад бай, зугаалаад бай гэж хэлсэнтэй л дүйцсэн ажил боллоо. Зөвхөн улсын баярт нэг тэрбумыг гаргасан бол хөдөө, аймаг, сумдад хэдэн төгрөг зарс­ныг сонирхох хүн алга.

“Явах хүнээр ачаа бүү татуул” гэж үг бий. Бас тулгыг нь тэмээний үдээрээр үдчихээд, “Намайг явсан хойно галлаарай” гэж хэлсэн тухай ёгтлол байдаг. Үүний адил залуучууд маань төр барьж байхдаа “дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргээд авъя, биднээс хойш яавал ч яаг” гэж бодоогүй л байлтай.

Эцэст нь наадам сайн гэлээ ч зөвхөн ажил хийж байж л айл гэрийн амьдрал дээшилж, үр дүнд нь улс орон хөгждөг ганцхан үнэнийг Монгол улс тойрохгүй. Гагцхүү тэр ажил хөдөлмөрийн зүгт түүчээлэн авч явах улс төрийн хүчин хаана байна вэ. Одоо бүгдээрээ амарна. Засгийн газар нь Хөвсгөлд амрах бололтой.

Намар цуглараад  улстөрөө хийж, дан давхар дээлээ ярьсаар өвөлтэй золгоно. Хуртай жилийн өвөл нь ямар байдгийг малчид маань мэдэж байгаа. Наадмын дараа бэлгэгүй юм ярилаа гэх хүн байж магадгүй. Үнэн үгийг цагт нь хэлсэн дээр байдаг даа.

Ч.Зотол

Эх сурвалж: