sonin.mn

Канад улсын Гадаад хэргийн сайд ноён Жон Рассэл Бэйрд манай оронд энэ өдрүүдэд айлчилж байна. Өнөөдөр түүнийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр яригдсан эхний сэдэв бол Монгол Улс нь Канад Улсын Засгийн газраас хөгжлийн албан ёсны дэмжлэг үзүүлэх орнуудын жагсаалтад анх удаа багтсан тухай байв. Тодруулбал, тус улсын Засгийн газар нь хөгжиж буй орнуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор таван жил тутам 20-25 улсыг сонгон, хөгжлийн тусламж үзүүлдэг байна.

Улмаар Канад Улсын Засгийн газраас 2014-2019 онд хөгжлийн тусламж үзүүлэн, хамтран ажиллахаар сонгосон 25 орныг өнгөрсөн долоо хоногт албан ёсоор зарласан бөгөөд тус жагсаалтад Монгол Улс анх удаа сонгогджээ.

Жагсаалтад багтсан орнуудад Канадын Засгийн газар жил бүр баталдаг гадаад оронд үзүүлэх хөгжлийн тусламжийнхаа дийлэнхийг зориулдаг байна. 2013 онд тус улсаас гадаад оронд үзүүлсэн нийт тусламж болох 5.2 тэрбум ам.долларын 80 гаруй хувийг өмнөх жагсаалтын 20 орон авчээ.

Харин энэ удаагийн жагсаалтад багтсан 25 орон Канад Улсын Засгийн газраас ирэх 5 жилд гадаад оронд үзүүлэх хөгжлийн нийт тусламжийн 90 орчим хувийг авах аж.

2014 онд баталсан 25 улсын жагсаалтад Ази тивээс дараах улсууд багтжээ. Үүнд:

1.         Афганистан

2.         Бангладеш

3.         Индонез                    /шинээр нэмэгдсэн/

4.         Монгол Улс               /шинээр нэмэгдсэн/

5.         Мьянмар                   /шинээр нэмэгдсэн/

6.         Филиппин                 /шинээр нэмэгдсэн/

7.         Вьетнам

Уулзалтын үеэр харилцан санал солилцсон удаах сэдэв нь хоёр орны харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагаа байлаа. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр ноён Жон Рассэл Бэйрдэд хандан газар нутгийн өргөн уудам, харьцангуй цөөн хүн ам, уур амьсгал төдийгүй хөрсний бүтэц зэрэг хоёр орны адил төстэй шинжүүдийг нэрлээд эдгээр нь харилцан ашигтай хамтрахад хамгийн том давуу тал болохыг тодотголоо.

Улмаар монгол хонины ноосоор хийсэн барилгын дулаалгын материал нь хүйтэн уур амьсгал бүхий Канад улсад манайхаас нийлүүлж болох хамгийн боломжтой экспорт хэмээн санал болголоо. Хариуд нь ноён Рассэл энэ боломжийг ажил хэрэг болгох хэрэгтэй гээд нэмж ноолууран бүтээгдэхүүн худалдан авах боломж бүрэн бий гэж мэдэгдсэн.

Харин манай орны хувьд “Чингис” бондын санхүүжилтээр баригдаж буй хурдны замын технологит канад стандартыг авахаар баталгаажуулаад буй. Мөн канад технологийн карказан барилга манайхны ам сайтай байдаг брэнд үйлдвэрлэл болоод байгааг Эдийн засгийн хөгжлийн сайд хэлээд ийм технологийн орон сууцны хороолол байгуулахад хамтран ажиллахыг урьсан.

Цаашлаад гэр хорооллын инженерийн шугам сүлжээ, газар дорх байгууламжийн бүтээн байгуулалт, барилга, замын стандартдаа канад технологийг нутагшуулахад хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн юм.

Хариуд нь ноён Рассэл хамтран ажиллах саналуудыг таатай хүлээн авч буйгаа илэрхийлээд, өнөөдөр санал солилцсон тодорхой яриаг ойрын хугацаанд ажил хэрэг болгох чиглэлээр хоёр талын хариуцсан яамд болох Канад улсын Гадаад хэрэг, худалдааны яам, Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яам энэ сараас эхлэн хамтран ажиллахаар тохиролцлоо.

2013 оны эцсийн байдлаар манай Канадад 135.5 сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн экспортод гаргаж, 80.3 сая ам.долларын үнэ бүхий машин, тоног төхөөрөөмж, тэдгээрийн эд анги зэрэг бүтээгдэхүүн импортоор авчээ.

2013 оны 10 дугаар сарын байдлаар 1990 оноос хойш Монгол Улсад Канадын дагнасан болон хамтарсан хөрөнгө оруулалттай нийт 136 компани үйл ажиллагаа явуулж, манай улсад орсон хөрөнгө оруулалтын 3.53 хувь буюу 498.05 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийсэн нь Монгол Улсад хөрөнгө оруулсан гадны орнуудаас 6 дугаарт бичигдэж байна.

Канадын хөрөнгө оруулалтыг салбараар нь авч үзвэл геологи, уул уурхайн эрэл хайгуул, олборлолтын салбарт 89.15 хувь, банк, санхүүгийн салбарт 1.76 хувь, худалдаа, нийтийн хоолны салбарт 8.2 хувийн хөрөнгө оруулалт тус тус ногдож байна.  

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг