sonin.mn

Хот төлөвлөлтийг нийслэлийн хоёр зах руу тэлж төвлөрлийг сааруулах бодлого баримталж байгаа ч шинэ орон сууцны хорооллуудыг барихаар сонгосон газруудад бэлэн инженерийн шугам сүлжээ байхгүй, түүнчлэн хуучин дэд бүтэц ачааллаа даахгүйд хүрээд байсан.

Засгийн газраас энэ асуудлыг цогцоор нь шийдвэрлэж  “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т шинэ бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, инженерийн дэд бүтцийг нэгдсэн бодлогоор барьж байгуулах, хотуудын ус хангамж, бохир ус цэвэрлэх байгууламжид технологийн шинэчлэл хийж, дэд бүтцийг хөгжүүлэх зорилт тавьсан.

Энэхүү зорилтын нэг болох Буянт-Ухаа хорооллын инженерийн шугам сүлжээний ажлыг хүлээлгэн өгөх нээлтийн ёслол өнөөдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн, Нийслэлийн Засаг даргын Зам  тээвэр, дэд бүтэц хариуцсан орлогч Н.Гантөмөр, Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал, Хөгжлийн банкны захирал Ж.Мөнхбат, Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэн, Дэд бүтэц төслийн захирал Б.Ариунболд зэрэг албаны хүмүүс оролцлоо.

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 06 дугаар сарын 18-ны 286 дугаар тогтоолоор батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу Хан-Уул дүүргийн 8,9,10 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийт 170 га талбайд Буянт–Ухаа хороолол баригдаж байгаа юм.

Тус хороололд дэд бүтцийн барилга байгууламж, шугам сүлжээ баригдсанаар орчин үеийн тохилог 15 мянган айлын орон сууцны барилга, 7500 хүүхдийн сургууль, 3750 хүүхдийн цэцэрлэг, 60 ортой ахмадын эмнэлэг, өдөрт 1315 хүнд үзлэг хийх өрхийн эмнэлэг, 300 ортой төрөх эмнэлэг, төрийн байгууллагууд, их сургууль болон спорт цогцолборын 5-21 давхар бүхий барилга обьектууд шинээр баригдахаар төлөвлөгдсөн билээ.

Чингис бондын хөрөнгөөр санхүүжүүлж буй энэ ажлуудын үр дүнд  хүн амын орон сууцны хангамж, хүртээмж нэмэгдэн, Улаанбаатар хотын хөрс, ус, агаарын бохирдол багасан, нийслэлийн хүн амын 30 хувь нь хотын цэвэр орчинд, шинэ тохилог, орчин үеийн иж бүрэн орон сууцны хороололд амьдрах боломж бүрдэх аж.

Барилга хот байгуулалтын яамны харъяа “Дэд бүтэц” төслийн нэгжээс 200 га талбайг хамарсан Буянт-Ухаа орон сууцны хороололд инженерийн дэд бүтцийн 9 багц ажлыг 59.9 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэж байгаагаас 8-ыг нь 10 сарын дотор амжилттай хэрэгжүүлэн дуусгаад байгаа нь энэ аж.

Төслийн нэгжийхэн мөн Буянт-Ухаа орон сууцны хороололд цахилгаан хангамжийн 2 хуваарилах байгууламж, 250-630кВ-ын хүчин чадалтай 25 хаалттай дэд станцын барилга, тоног төхөөрөмжийн хамт, 27 км кабель шугам угсарч монтажлах ажил, дулаан хангамжийн 10 ус дулаан дамжуулах төвийн барилга,  цэвэр ус хангамжийн 20 гүний худаг, 2800 м3-ийн багтаамжтай 2 усан сан, Ф110-315 мм-ийн диаметртэй 18.2 км урт шугам хоолой угсарч монтажлах ажил, бохир ус хангамжийн 2 насос станц, Ф150-600 мм-ийн диаметртэй 14.1 км урт шугам хоолой угсарч монтажлах ажлуудыг тус тус амжилттай хийж гүйцэтгэжээ.

Энэхүү бүтээн байгуулалтын ажлуудыг гардан гүйцэтгэж байгаа “Дэд бүтэц” төслийн хүрээнд 26 ажлыг хариуцан хэрэгжүүлэхээс 2013 онд 14 ажлыг, 2014 онд 12 ажлыг тус тус хэрэгжүүлж байгаа аж. Эдгээр инженерийн шугам сүлжээний ажлууд цөм Чингис бондын хөрөнгөөр хийгдэж байгаа ба Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжиж байгаа юм байна. Буянт-Ухаа орон сууцны хорооллын 20 000 м3 бохир ус цэвэрлэх байгууламжийн ажлыг 2015 онд бүрэн ашиглалтанд хүлээлгэж өгөх ажээ.

Ч.Ариунболд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг