sonin.mn
Хятадын Банкны Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газар  “Монгол-Хятадын соёл боловсролын сан”, “Монгол-Хятадын нийгмийн хөгжлийн сан”-д  хандив өргөх ёслолын үйл ажиллагаа боллоо. Ёслолын үйл ажиллагаанд Монгол улсын Засгийн газрын төлөөлөл, БНХАУ-аас Монгол улсад суугаа  Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Шао Лунь тэргүүтэй албаны зочид оролцсон юм.
 
 Ёслолын  ажиллагааны үеэр Хятадын банкны Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар “Монгол-Хятадын соёл боловсролын сан”, “Монгол-Хятадын нийгмийн хөгжлийн сан”-д  хандив өргөхөөс гадна Монгол улсын Дундговь аймгийн  Говь-Угтаал сумын дэд бүтцийн хөгжилд зориулан 50 сая төгрөгийг хандивлалаа.
 
Хятадын Банкны Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газар нь тус сангуудын үүсгэн байгуулагч, сангийн бүхий л үйл ажиллагааг үнэ төлбөргүй удирдан явуулагч бөгөөд уг арга хэмжээний үеэр  тус банкны Тэргүүн дэд төлөөлөгч Дай Шингжүн нь сангийн  үйл ажиллагааны талаар товч танилцуулав. Тодруулбал: Монгол Хятадын байгууллагуудын нийгмийн хариуцлагыг нэгтгэх, түүнчлэн эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор “Монгол Хятадын соёл боловсролын сан” болон “Монгол Хятадын нийгмийн хөгжлийн сан”-г тус тус байгуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар  долоон  удаагийн нийт 40,000 ам долларын тусламж, тэтгэлгийг Монгол улсын нэр бүхий байгууллага, иргэдэд олгожээ. Үүнээс дийлэнхи нь “Мөрөөдлийн од” тэтгэлэг,  “Ирээдүйн од” хөтөлбөрөөр дамжуулан дунд сургуулийн сурагчдад  зориулагдсан  байна.
 
Сангууд нь Монгол - Хятадын байгууллагуудын хамтын оролцоотойгоор Монгол,  Хятад улсын иргэдийн итгэлцлийг улам бэхжүүлж, Монгол Улсын эдийн засаг,  боловсрол болон нийгмийн хөгжил, Монгол -Хятадын соёлын харилцаанд бодитой хувь нэмэр оруулах зорилготой ажээ.
 
Э.Сүрэн