sonin.mn

Эрхэм Ерөнхийлөгч таны амар амгаланг айлтгая. Том төрөөс ухаалаг төр рүү гэсэн таны хоёр цаг гаруй ярьсныг амьсгаагаа дарж, чих тавин сонсч бахархаж суулаа. Та бид бүхний хүсэл эрмэлзлэлийг бүрэн тодорхойлж, одоогийн төрийн тогтолцоо, ардчиллын үнэт зүйлд онолын болон арга зүйн асар том дүгнэлт хийж, цаашид хэрэгжүүлэх бодлогыг тов тодорхой болголоо.

Үүнтэй холбогдуулж, өнөөгийн эдийн засаг, нийгэм, улс төрийн талаар өөрийн бодож явдаг санаагаа танд илэн далангүй илэрхийлье.

1.Манай улс уудам газар нутагтай, байгалийн асар их баялагтай. 50 гаруй сая малтай, хоёр том хөршийн дунд оршдог мөртлөө ард түмэн нь амьдралын төвшингөөр өөдлөхгүй ядуурал, ажилгүйдэл олигтой багасдаггүй. Гурван сая хүрэхгүй хүнээ тэжээж чаддаггүй, албан тушаал, алдар нэрийн төлөө хоорондоо толхилцон ард түмнээ боддогүй нь төр гэж хэлэхэд бэрх болжээ.

Гэтэл 1.3 миллард хүн амтай Хятад улс ард түмнээ бүрэн тэжээгээд, үйлдвэрлэж илүү гарсан бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргаж, эдийн засгаараа дэлхийд тэргүүлэх байрны хэмжээнд хүргээд байна. Монгол, Хятад хоёрыг адилхан хүн удирдаж байна шүү дээ.

2.Монголд нийгмийн баялгийн 95 орчим хувийг 200 гаруйхан баячууд эзэмшиж цулайтлаа баяжиж, баян ядуугийн хоёр туйлд хуваагдаж, төрийн эрх, байгалийн баялаг ард түмний мэдэлд байна гэсэн Үндсэн хуулийн заалт яахаараа баячууд олигархчуудын мэдэлд орчихдог байнаа. Бид ийм байж улс эх орон урагшаа хөгжих болов уу?

3.Та өдөр бүр шахам, данхайсан төр, нүсэр орон тоо, үрэлгэн зардал хяналтгүй төрийн тухай байнга ярьж дохио санамж өгсөөр байхад Засгийн газар олонхиороо түрээ барьж, гаргасан хууль нь цоорхой ихтэй, хэрэгжилт нь явцгүй, аривгүй ажлын амжилт гарвал түүнийгээ рекламдаж бие биенээ дэмжээд ямар ч дутагдал гаргасан ч өөрсдийгөө хамгаалж өөгшүүлээд сөрөг хүчин, олон нийтийн зүгээс тавьсан шаардлага, санал санаачилгыг хүлээж авахгүй дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэх болов. Байдал ийм байхад албан тушаал, алдар нэрийн төлөө амиа өгөхөөс буцахгүй болсон Н.Батбаяр, Ч.Улаан нарыг хоёр ч удаа огцруулах санал гаргаад байхад хэний өмгөөлөлд хоргодож үлдээд байна.

4.Н.Алтанхуяг анх Ерөнхий сайдын алба авсан тэр мөчөөс хойш одоо хүртэл шүүмжлэлийн бай шүүр шанага шиг болж, ах дүү төрөл төрөгсөд, танил талаа төрийн нүх сүв бүрт шургуулж, алдаа дутагдлын үүр уурхай болж, ард түмнийг худал хуурмаг үгээр хуурч УИХ-ын толгой дээр гараад сандайлчихсан энэ хүнийг Засгийн газраас зайлуулахгүй яагаад толгойг нь илээд тонгочуулаад байдгийн учир шалтгаан хаанаа байна.

5.Ашигт малтмалынхаа тухай хуулийг арваад жил хэлэлцээд одоо хүртэл зөв голдрилдоо ороогүй гадны хөрөнгө оруулагчдыг үргээж, бизнес эрхлэгчдээ элдвээр хавчиж, Оюутолгойгоо хэвийн ажиллаж байна гэж худлаа хэлээд, "Чингис", "Самурай" бонд, ард түмний татварын мөнгөөр амиа аргацааж, банкууд чинь хоног хоногоор хоосроод байгаа бололтой. Телевиз, радио, хэвлэлээр шуугиад байна.

"Манай улс эдийн засгийн хямралд ороогүй ажил амьдрал хэвийн урагшилж байна" гэж Эдийн засгийн хөгжпийн сайд худлаа бураад, ард түмний амьдралд наалдацтай зүйл юу ч харагдахгүй, юмны үнэ өдөр хоногоор нэмэгдэж цалин тэтгэвэр түүний хурдьг гүйцэхгүй хоосон хонолгүй амиа аргацаах төдий л байна. Хоосон хоногчдын тоо хоног хоногоор нэмэгдэж бүсээ чангалж, ходоод нь хонхолзож буй ядуучуудын тоо олширсоор байна. Аргаа барахдаа ядуучуудад талон тарааж түр зуур амыг нь таглах төдий байна. Тэр нь юу шалих вэ дээ.

6.Ахмад настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хоёр жил юу ч харуулахгүй байж байгаад 2014 онд cap бүр 20 гаруйхан мянган төгрөг нэмсэн нь аманд ч үгүй, хамарт ч үгүй хоёрын хооронд хуураад өнгөрлөө.

2000 оноос ахмадууд амралт, рашаан сувилалд явсны онгоцны нэг талын зардлыг өгдөг байснаа больж 2013 оноос "ердийн унаа" гэсэн заалт гаргаж автобусны нэг талын зардал олгож хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн онгоцонд суусны нэг талын зардлаас Ховд, Баян-Өлгий, Увсаас суусан нэг ахмадаас 120-140 мяиган төгрөг, хөөрхөн монжиж эхлэв.

Шинэчилсэн нэртэй Засгийн газар өвөл хаврын хахир хатуу хүйтний улиралд ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ автобусанд суулгах, сургууль хийлгэсэн ч түүний гарын ая даах иргэд үгүй боллоо. Ахмадууд зун, намрын улиралд нутгийнхаа агаар ус, цагаан идээгээр гэдсээ цайлгаж ая тааваараа байхыг бодох нь зайлшгүй.

Харин өвөл хаврын хахир хатуу улиралд рашаан амралт сувилалд явах нь гарцаагүй. Манай 280 гаруй мянган ахмадын хэдэн хувь нь бие дааж амралт сувилалд явах хүн тун цөөхөн байдаг нь судалгаанаас харагддаг. Ийм байхад эд нараасаа мөнгө "саагаад" байхад санаа нь зовддоггүй.

Сонин Засгийн газар шүү!. 2016 оны УИХ, Орон нутгийн сонгуульд ахмадуудаа оролцуулахгүй сонгуулиа явуулаад туршиж үзнэ үү. Тэгвэл тэдний ар талд хэн байдаг нь бүр ч тодорхой болно. Бид ч гэсэн үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд нэг удаа ч гэсэн улс төрөөс хөндийрөөд түр ч болов сэтгэл амармаар байна.

7.Сонгуулийн хуулийг зайлшгүй өөрчлөх шаардлага амьдралаас урган гарч байна. Намын жагсаалтаар УИХ, орон нутгийн сонгуульд квотоор сонгогчдыг төлөөлж гарч ирэх нь утгагүй зүйл юм. Учир нь сонгогчид саналаа өгөөгүй бодол саналаа илэрхийлж эрэлт хүсэлтээ тавиагүй, захиа даалгавраа өгөөгүй тийм хүнийг сонгогчдын төлөөлөл болгож байгаа нь сонгогчдын сонгох, сонгогдох эрхийг боогдуулж Үндсэн хуулийг ноцтой эөрчиж, намын мэрээр бие биеэ дэмжсэн, хуучин суудлаа хамгаалж үлдэх гэсэн хортой бодлого/ сонгогчдыг доромжилж байгаа хэрэг юм.

Сонгогчид өөрийн төлөөллөө өөрөө олж олонхийн санал авч сонгогчдоо төлөөлж чадах чадвар, өндөр боловсролтой нэр цэвэр, олонд танигдсан хүн байх ёстой. Тэгэхдээ аль ч намаас нэр дэвшсэн ч өгөх хандив нь адилхан байхаар сонгуулийн ерөнхий хорооны дэргэд хандивын санг тооцож зарцуулдаг, нам эвслүүдээс бүрдсэн тусгай орон тооны аппарат ажиллах ёстой.

Ингэж чадвал сонгогчын санал худалдан авах, авилга өгч авалцах явдал гарахгүй, жинхэнэ олны санал авч тэднийг төлөөлж чадах төрийн түшээ гарна. Ордны хаалгаар орж Ерөнхийлэгчтэй биечлэн уулзахыг хүссэн 70,80 түүнээс дээш настнууд маш олон байна.

Иймд 2014 онд аймаг дүүрэг бүрээс 5-10 ахмадын бүрэлдэхүүнтэй чуулга уулзалт хийж Ерөнхийлөгчтэйгөө нүүр тулан уулзаж сэтгэл санаагаа хуваалцах бололцоо бүрдэж Том төрөөс ухаалаг төр рүү шилжих тухай таны хэлсэн үгний хэрэгжилтийг хангах, уян хатан бодлогын эхлэл улам гүнзгийрч бидний таьсан хүсэлтэд хариу авах боломж ч буй болох байх гэж найдаж байна.

8.Өргөсөн тангарагтаа үнэнч хүний төлөө амиа золиосолж, унтах нойр, идэх хоолоо мартаж, амрах амралтгүй, ажил амьдралаа хүний эрүүл энхийн төлөө зориулж, хүний цус өтгөн шингэнтэй хутгалдаж, хамгийн хүнд нөхцөлд ажилладаг, эрүүл мэндийн манаач болсон эмч сувилагч, асрагч нарын цалин бусад байгууллагын ажиллагсадтай харьцуулахад даанч бага байна.

Үүнд онцгой анхаармаар байна. Амь аварсан хүнд тэр дор нь шударга журам медаль олгож алдаршуулж байхад өдөрт хэдэн арван хүнд хагалгаа хийж, эм тариа хийж амь насыг нь аварч амьд явах насыг нь уртасгаж, нийгмийн тустай хөдөлмөрт оролцуулах, аж төрж амьдрах бололцоогоор хангаж буй эмч ажилчдыг алдаршуулах талаар бусдаас арай илүү анхаарч үнэлэмжийг нь нэмэгдүүлмээр санагдана.

9.Төрийн түшээдийн хариуцлагын тогтолцоо, ёс зүйн хэм хэмжээ, гаргасан хуулиа хүндэтгэж хэрэгжүүлэх, би ард түмний зарц, эдний төлөө ажиллах нь миний үүрэг гэдгээ ойлгох эрхэм дээдсүүдийн тoo хуруу дараад тоолоход тун ч цөөхөн болжээ.

"Давхар дээл"-ээ тайлах талаар та мөн ч олон удаа сануулж хуулийн төсөл боловсруулан УИХ-д оруулж хэлэлцүүлэхэд түүнийг эсэргүүцэж, аль болох удаан хугацаанд төрөөр тохуурхаж, ард түмнээ доромжилж, өндөр хангамжид өдөр хоног өнгөрөөхийг хүсэгч төрийн түшээдийн тоо олширч, ямар ч дутагдал гаргасан ч бие биеэ хамгаалах торон сүлжээнд хамрагдаж, толгой хоргодох нүх сүвээ эрэлхийлэн амь тэмцэж байгаа нь харамсалтай байна. Иймд эрхэм Ерөнхийлөгч та ухаалаг төрийн талаар хэлсэн үг тавьсан зорилт, хэрэгжүүлэх бодлогоо энэ бүхэнд чиглүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлье.

С.Минжүүр /Ховд аймаг/