sonin.mn

Төрийн өмчийн их, дээд сургуулийн захирлууд Хонг Конгийн их сургуулийн үйл ажиллагаатай танилцаж туршлага судлаад иржээ. Энэ талаар ШУТИС-ийн захирал Б.Очирбаттай ярилцлаа.

-Саяхан Хонг Конг яваад ирсэн гэсэн. Энэ талаар яриагаа эхлэх үү. Ямар ажлаар яваад ирэв?

-Монгол Улсын тэргүүлэх их сургуулиуд болох ШУТИС, АШУҮИС, МУБИС, “Отгонтэнгэр” их сургууль, Санхүү эдийн засгийн дээд сургууль болон Боловсрол, шинжлэх ухааны яам, Дээд боловсролын шинэчлэлийн төслийн удирдах ажилтнууд Хонг Конгийн их сургуульд зохион байгуулсан “Маргаашийн дээд боловсрол” сэдэвт 10 хоногийн зуны сургалтад хамрагдаад ирлээ. Сургалтад хамрагдах бүх зардлыг БШУЯ-ны шийдвэрээр дээд боловсролын шинэчлэлийн төслөөс санхүүжүүлсэнд маш их талархаж байна.

Энэ хүрээнд Хонг Конгийн их сургуулийн удирдлага, профессор багш нар дээд боловсролын салбарын  тодорхой чиглэлүүдээр өөрийн сургуулийн жишээн дээр үндэслэн  практик сургалт зохион байгууллаа. Сургалтад манай улсаас гадна Азийн 10 гаруй орны их дээд сургуулийн удирдлага хамрагдсан.

Энэ сургалтын дараа Азийн орнуудын дээд боловсролын чуулга уулзалт болсон. Энэ үеэр олон улсын дээд боловсролын салбарт тулгамдаж байгаа асуудлууд, түүнийг хэрхэн шийдвэрлэж байгаа туршлага, арга замууд, цаашид улс орнууд энэ талд хэрхэн хамтарч ажиллах вэ гэдгээ ярилцсан юм.

-Ази тив дэлхийн хамгийн их хүн амтай. Тэр хэрээр өрсөлдөөн их гэдэг. Тэгэхээр Азийн улс орнуудын дээд боловсролын чиг хандлага ямар байна вэ. Тэд ямар зорилт дэвшүүлэн ажиллаж байна?

-Дээд боловсрол улс орнуудын хамгийн чухал асуудлын нэг болж байна. Учир нь дэлхий маш хурдтай өөрчлөгдөж байна. Дэлхийн хүмүүс түүнийг дагаад мөн хурдан өөрчлөгдөж байна. Тийм учраас бидний хойч үе, хүүхэд залуусын хүсэл сонирхол ч өөрчлөгдөж байна. Энэ нь шинжлэх ухаан, технологийн өндөр хурдацтай хөгжилтэй шууд хамааралтай юм.

Үүн дотроо мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хөгжил  шууд холбоотой. Боловсролыг ерөнхийд нь авч үзвэл уламжлалт их сургуулийн болон орчин үеийн их сургуулийн сургалт, багш, оюутны ялгаатай байдал гэдэг асуудал яригдах болж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, бидний хичээл сургалтаа явуулдаг байсан хуучин арга зүй, хэлбэр орчин үеийн нөхцөлд тохирохгүй болсон. Энэ бол зөвхөн манай улсад тулгамдаж байгаа бус бүхий л улс оронд тулгарч байгаа асуудал юм.   Жишээлбэл, хуучны лекцийн хичээл өнөөдрийн орчин, нөхцөлд утга учир муутай зүйл болж хувисан.

Багшийн ярьдаг, хэлдэг мэдээлэл нь цахим хуудаснаа, хэвлэмэл, аудио, видео хэлбэрээр хүмүүст хүртээмжтэй, нээлттэй болсон. Тийм зүйлийг багш нь  ярьж, оюутан нь бичиж тэмдэглээд, түүнийгээ уншиж мэдлэг болгоод багшдаа эргэж шалгуулдаг тогтолцоог өөрчлөх хэрэгтэй болсон.

-Хонг Конг дээд боловсролдоо хэрхэн анхаардаг юм бол?

-Сургалт, семинарын үеэр Хонг Конгийн их сургуулийн үйл ажиллагаатай маш сайн танилцсан. Өмнө нь бид гадаадын их сургуулиудаас туршлага судалж байхдаа богино хугацаанд  тодорхой зарим зүйлийг нь судлаад өнгөрдөг байснаас биш бүхэлд нь нарийн танилцаж байсангүй.

Түүнчлэн тус их сургуулийн профессор, багш нарын яриа танилцуулгаас гадна бодит амьдралд хэрэгжүүлж байгаа практик туршлагаас нь суралцана гэдэг бидэнд маш чухал сургалт, уулзалт болсон. Бид өнөөдөр дээд боловсролын салбарт өөрчлөлт хийхээр ажиллаж байна.

Их сургуулийн хөтөлбөрүүдийг шинэчилж, удирдлага менежментээ цаашид хэрхэн авч явах вэ гэдгээ ярьж шийдэж байна. Сургуулийнхаа үйл ажиллагааг яаж олон улсын жишиг, стандартад хүргэх вэ гэж зорьж байгаа энэ үед энэхүү сургалт, семинар цаг үеэ олсон ажил болсон.

Хонг Конгийн их сургууль 1911 онд байгуулагдсан. 1997 он хүртэл Англи улсын харьяанд байсан учраас Британийн боловсролын системээр явж ирсэн. Харин 1997 оноос Хятад улсын харьяанд орсноор дээд боловсролын салбартаа маш том өөрчлөлт хийсэн байна. Гэхдээ Британийн дээд боловсролын уламжлалт сайн зүйлсээ хадгалж үлджээ.

Мөн үүн дээрээ олон улсын дээд боловсролын салбарын шилдэг туршлагыг өөрийнхөө үйл ажиллагаанд нэвтрүүлж чаджээ.  Хонг Конгийн их сургуульд нийт багш нарынх нь 80 хувь нь гадаад багш байх жишээтэй. Мөн бүх хичээл англи хэл дээр явагддаг.

Англи хэл бол тус их сургуулийн орчны үндсэн хэл болсон байна. Энэ мэтээр цаашид хийж хэрэгжүүлж болох олон чухал санааг олж харсан. Зарим боломжтойг нь өөрийн их сургуульд энэ хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлье гэж бодож байгаа.

-Тухайлбал, ямар санааг түлхүү ашиглахаар шийдэв?

-Тэнд бүх зүйл дүрэм журмаар зохицуулагддаг. Сургууль нь өөрийн дүрэмтэй. Энэ дүрэмд бүхий л үйл ажиллагааг нарийн зохицуулсан. Их сургуулийн удирдлага, профессор багш нар, төр болон бизнесийн салбартай ямар уялдаатай ажиллах вэ гээд маш олон асуудлыг тодорхой зохицуулж өгсөн нь өвөрмөц санагдсан.

Олон жижиг дүрэм журам бус нэгдсэн нэг дүрэмтэй байх нь бидэнд хэрэгтэй санаа авах зүйлийн нэг байлаа. Тиймээс би сургалтаас ирсэн даруйдаа сургуулийнхаа дүрмийг шинээр боловсруулахаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Хонг Конгийн их сургуулийг ямар ч мэргэжлээр төгссөн байлаа хамгийн их чухалчилдаг зүйл нь аливаа сургалтын хөтөлбөрт байх нийтлэг үндсэн курсууд гэдэг зүйлийг хатуу баримталдаг байх жишээтэй. Энэ нь мэргэжлээсээ үл хамааран заавал судлах ёстой. Энэ нь бидний хэлж заншсанаар дээд боловсролын суурь хичээл гэж хэлдэг зүйл биш байгаа юм.

Тухайн курсууд нь оюутнуудыг нийгэмд ажиллаж, амьдрах иргэн хүн, мэргэжилтэн болгон төлөвшүүлж байгаа гэдэгтэй холбоотой бөгөөд тухайн хүнд хэрэгтэй нийгмийн, хүмүүнлэгийн, соёлын зэрэг бүх төрлийн боловсролыг олгох зорилготой юм байна. Үүний дараа мажор буюу мэргэжлийн үндсэн курсуудээ судалдаг юм байна.

Сүүлд нь минор буюу нарийсгасан мэргэжлийн хичээлүүд болон сонгон суралцах хичээлүүдээ үзэх зэргээр сургалтын хөтөлбөрүүдээ зохион байгуулдаг юм билээ. Энэ нь бидний өнөөдөр шинэчилж боловсруулж байгаа сургалтын хөтөлбөрүүдтэй үндсэндээ төстэй юм.

Тиймээс бидний хийж байгаа шинэчлэл олон улсын жишигт нийцэж байна гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл бид дэлхий нийтийн жишгээс хоцроогүй байна.

-Дээд боловсролын чиглэлд бид өнөөдөр Азидаа ямар төвшинд явж байна вэ?

-Сургалтад Вьетнам, Лаос, Камбож, Энэтхэг, Малайз, Хятад, Мъянмар зэрэг олон улсын их сургуулийн удирдлага оролцсон. Сургалтад оролцож буй бусад улсын оролцогчдын хэлж, ярьж буйгаас харахад бид Азидаа нэг их хоцрогдсон зүйл ажиглагдсангүй. Бид их сургуулийн менежмент, үйл ажиллагааны талаар хууль эрх зүйн зохицуулалтаа олон улсын жишигт хүргэчихвэл тэднээс дор орох зүйл алга.

-Сургуулийн зүгээс оюутнууддаа хэрхэн ан­хаар­даг юм бол?

-Хонг Конгийн их сургууль оюутнууддаа хандуулах анхаарал нь их юм. 18 нас хүрээгүй оюутнуудаа тусгайлан анхаарч эцэг эхчүүдтэй нь холбоотой ажиллаж аливаа асуудлыг шийдэхдээ тэндээс зөвшөөрөл авдаг юм байна. Энэ нь бидэнд хэрэгтэй зүйл юм. Манайд өнөөдөр 11 дүгээр ангиа төгсөөд ирж байгаа хүүхдүүдийн ихэнх нь 16-17 настай байгаа. Тиймээс энэ талд цаашид анхаарах хэрэгтэй.

Сургалттай холбоотойгоор ярихад, заах гэж ярихаа больсон байна. Бид багш л бүгдийг заадаг гэж ойлгодог. Гэтэл тэнд заахаасаа илүү сурах гэдэг зүйлийг түлхүү гаргаж тавьжээ. Энэ мөн л бидний цаашид анхаарч ажиллах  зүйл байлаа.

-Манайхан мэргэжил дээшлүүлэн суралцах сонирхолтой байдаг. Үүнийг Хонгконд хэрхэн зохицуулж байна вэ?

-Тэнд ахисан төвшний сургалтыг өвөрмөц зохион байгуулдаг юм байна. Тухайлбал, магистрантур, докторантурт сурч байгаа оюутнуудад хоёр удирдагч багш томилж өгдөг байх жишээтэй. Ахисан төвшинд сурдаг оюутнууд гол төлөв судалгаа хийдэг. Тиймээс судалгаанд суурилсан сургалт түлхүү байх юм.

Хоёр багш томилох нь олон давуу талтай. Нэгдүгээрт, хоёр шинжлэх ухааны салбарын огтолцол дээр судалгаа хийж байгаа бол тухайн хоёр салбараас нь удирдагч багш томилж өгөх нь илүү ач холбогдолтой гэж тайлбарлаж байна. Эсвэл нэг туршлагатай ахмад профессор, мөн нэг залуу удирдагч багш томилж өгвөл хоорондоо уялдаатай хамтарч ажиллахад эвтэй байдаг гэх жишээтэй.

Зарим тохиолдолд нэг удирдагч багшийг нь эрдмийн ажил талаас нь түлхүү харж томилдог байна. Энэ нь судалгааны ажлаа дээшлүүлж олон улсын төвшинд хүргэхэд нөлөөлөх бол нөгөө багш нь зөвхөн суралцах үйл ажиллагааг нь дэмжиж өдөр тутмын ажлыг нь анхаардаг байх юм.

Мөн тухайн оюутныг удирдсан багш нар хагас жил тутамд өөрийн тэнхимдээ тайлан бичиж өгдөг юм билээ. Энэ нь удирдагч багшийн хариуцлагыг дээшлүүлж ахисан төвшний сургалтыг чанаржуулах нэг арга болсон байна.

-Манайд их, дээд сургуулиудын санхүүжил­тийн эх үүсвэр нь сургалтын төлбөр байдаг. Харин Хонг Конгийн их сургууль санхүүжилтээ хэрхэн шийдэж байна вэ. Төр засгаас нь хэр анхаардаг юм бол?

-Хонг Конг нь Хятадын харьяа боловч автономит тусгаар бүс нутаг юм. Тэнд Хонг Конгийн уугуул иргэд буюу тус бүс нутгийн оюутнууд үнэ төлбөргүй суралцдаг юм билээ. Өөрөөр хэлбэл, тухайн оюутны сургалтын төлбөрийг Хонг Конгийн Засгийн газар нь бүрэн хариуцдаг. Харин гадаад оюутнууд хөнгөлттэй нөхцлөөр суралцдаг. Тэгэхээр манай оюутнууд тэнд  суралцах өргөн боломжтой.

Төр, засгийнх нь зүгээс сургалтын төлбөрөөс гадна их сургуулийн судалгааны ажилд санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Тус сургууль  дэлхийн шилдэг 50 сургуульд багтдаг бөгөөд судалгааны ажилд түлхүү анхаардаг, тэргүүлэх судлаач багш олонтой юм.

Бидний санаа авч болох өөр нэг асуудал нь өөрсдөө хөрөнгө босгох байсан. Өөрийн төгсөгч, дэмжигч, бизнесийн хамтрагч нартайгаа ойр ажиллаж тэднээс хандивын шугамаар ихээхэн хэмжээний хөрөнгө босгодог юм байна. Тэрхүү хөрөнгө оруулалтаар шинэ сургуулийн байр, танхим, лаборатори зэргийг барьж хандивлагчдынхаа нэрээр нэрлэн алдаршуулжээ юм байна.

Мөн зарим хандивын хөрөнгийг банкинд хадгалж хүүгээр нь оюутнууддаа тэтгэлэг олгодог гэсэн. Ийм байдлаар өөрсдөө багагүй хэмжээний хөрөнгө босгож ажилладаг нь бидний цаашид санаа авч хэрэгжүүлж болох ажлын нэг байлаа.

Тус сургуулийн хувьд Засгийн газрынхаа харьяа учраас санхүүгийн үйл ажиллагаа нь Засгийн газраас гаргасан журмаар зохицуулагддаг юм байна. Мөн санхүүгийн бүх үйл ажиллагаа нь ил тод байхыг шаарддаг учраас тайлан зэрэг нь бүх хүнд нээлттэй байдаг юм билээ.

-Л.Гантөмөр сайд тө­рийн өмчийн их сур­гуулиудыг судалгаа хий­дэг, түүгээрээ санхүү­жилтийнхээ тодорхой хувийг бий болгодог болох талаар ярьж байгаа. Энэ хэр боломжтой вэ?

-Бид тэнд байхдаа тус сургуулийн энэ чиглэлийн ажлыг нэлээд судалсан. Хонг Конгийн их сургууль бүх багш нараа эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийхийг нь дэмждэг. Судалгааны төсөл олж ирсэн багшид давуу эрх олгодог. Судалгаа шинжилгээний төслийг хэрэгжүүлэхээс өмнө тухайн багштайгаа тохирч, тодорхой гэрээ байгуулдаг.

Санхүүжилтийн тодорхой хувийг нь их сургууль нь авч үлдээд, бусад санхүүжилтийг захиран зарцуулах эрх нь тухайн судлаач профессорт шилждэг. Тиймээс тухайн профессор судалгаагаа чанартай хийхэд анхаарлаа хандуулдаг юм байна. Судалгааны үр дүнд бий болсон шинэ технологийн патент, оюуны өмчийг сургууль нь эзэмшдэг.

Шинэ технологи, патентыг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд олсон орлогоос тодорхой хэмжээний хувийг их сургууль лицензийн гэрээгээр авдаг байна. Энэ бол тус сургуулийн санхүүжилтийн бас нэг эх үүсвэр байх жишээтэй. Дэлхий нийтэд ч гэсэн ийм чиг хандлагыг баримталж байгаа. Тиймээс үүнийг бид ч бас баримталж ажиллахыг зорьж байна.    

-Багшлах боловсон хүчийг бэлтгэхдээ хэрхэн анхаардаг юм бол. Бидэнд суралцах, туршлага болох зүйл хэр байна?

-Хонг Конгийн их сургууль 26 мянга орчим оюутантай. Нэлээд өвөрмөц бүтэц, зохион байгуулалттай. Тэндхийн анагаах ухааны факультет  маш нэр хүндтэй. Дэлхийн эхний аравт орохоор сургалт, судалгааны ажил явуулдаг. Мөн боловсролын факультеттэй. Энэ факультет нь манай Боловсролын их сургуультай адил багш нараа бэлтгэдэг.

Их сургуулийн багш хүн ямар мэдлэг боловсрол, ур чадвар, дадал эзэмшиж хэрхэн ахиж дэвших зэргийг нэлээд нарийн зохицуулсан байдаг. Мөн багш нарынхаа ур чадварыг дээшлүүлэхэд ихээхэн анхаарч, дотооддоо тодорхой сургалтыг тогтмол зохион байгуулдаг юм байна. Тус сургууль 10 факультеттэй. Эдгээрийн есийнх нь декан гадаад хүн байх юм.

Энэ нь тус сургууль нэлээд олон улсын шинжтэй их сургууль болохыг харуулж байна. Тэд сургуулийн декан, профессор авч ажиллуулахдаа олон улсад нээлттэй тендер зарладаг байна. Ингэснээр тухайн шалгуурыг давсан гадаадын иргэд олноор ирж ажилладаг байх юм. Мөн энэ хэмжээгээрээ тэдэнд өгдөг цалин, урамшуулал өндөр байна. Ингэж их сургуулийн чанар, нэр хүндээ өсгөдөг.

Мөн тус сургууль нь багш нараасаа гадна ажилтнууддаа нэлээд өндөр шалгуур тавьдаг юм билээ. Жил бүр тус сургуулийн багш, ажилтнууд тухайн жилийн үйл ажиллагааныхаа гүйцэтгэлийн тайланг гаргаж, зохих үнэлгээ авдаг юм байна. Энэ үнэлгээнээс хамаарч тухайн хүний цалин хөлс, хөдөлмөрийн гэрээ, цаашид ажиллах эсэх нь тодорхой болдог байна. Энэхүү үнэлгээний систем нь бидэнд бас чухал хэрэгтэй юм.

-Оюутнуудын санааг зовоодог асуудлын нэг бол төлбөр. Жил бүр л нэмэгддэг. Тэгэхээр үүнийг яаж шийдвэрлэх ёстой вэ. Нэмэхгүй байх боломж бий юу?

-Хонг Конгийн их сургуулийн сургалтын төлбөрийг Засгийн газраас нь тогтоож өгдөг. Түүнээс сургууль нь өөрсдөө тогтоодоггүй. Манайд их сургуулиуд өөрсдөө тогтоодог. Гэхдээ их сургууль бүр удирдах зөвлөлтэй. Мэдээж төрийн өмчийн их сургууль учраас төрийн төлөөлөл давамгайлдаг.

Удирдах зөвлөл сургалтын төлбөрийг үндсэндээ Засгийн газрын бодлогыг харгалзан улс орны нөхцөл байдал, хүмүүсийн амьжиргааны төвшинг харгалзан тогтоодог. Гэхдээ өнөөдөр бидний хувьд дээд боловсролын төлбөрийн хэмжээ тийм өндөр биш.

Сургалтын төлбөрийг бид олон жил доогуур төвшинд барьснаас үүдэж эргээд дээд боловсролын чанар, нэр хүнд буурч, үнэгүйдэх шинжтэй болж байна. Ерөнхийдөө жил бүрийн инфляцын төвшинтэй уялдуулж л сургалтын төлбөрийг нэмэгдүүлдэг. Энэ жилийн хувьд саяхан манай удирдах зөвлөл хуралдаж сургалтын төлбөрийг 13 орчим хувиар нэмэх шийдвэр гаргасан.

Бодит орлого, зарлагаа тооцвол 26-27 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай байсан ч удирдах зөвлөл дээрх шийдвэрийг гаргасан. Тиймээс бид сургалтын төлбөрийг өндөр гэж үзэхгүй байна.

Сард 200-300 мянган төгрөгийн төлбөр авдаг цэцэрлэг байхад дээд боловсролдоо жилд 1,5 сая төгрөг төлөх нь тийм хүндрэлтэй асуудал биш болов уу. Цаашид дээд боловсролын үнэлэмж, төлбөрийн хэмжээ, профессор багш нарын цалин, хөлс, нийгмийн баталгааг олон улсын жишигт ойртуулах зайлшгүй шаардлага тавигдаж байна.

Э.Орхонсүрэн

Эх сурвалж: