sonin.mn

Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг УИХ тавдугаар сарын 8-нд баталсан. Ингэснээр эдийн засгийг эрчимжүүлэх "ЭЗЭН-100" хөтөлбөрийн цаг явж эхэлсэн. Энэ хөтөлбөрийн тухай шинжээчид "Эдийн засагт голлон нөлөөлөх зүйлсийг ялган, жагсаасан" хэмээн дүгнэж байгаа.

Үүний зэрэгцээ "100 хоногийн дотор юуг ч амжуулж чадахгүй" гэсэн олон түмний эсэргүүцэлтэй тулгарсаар ирсэн. Одоо Засгийн газрын ажилд дүн тавихад хоёрхон долоо хоногийн хугацаа үлдэж байна.

Дээрх хугацаанд хийхээр төлөвлөсөн арга хэмжээнии дийлэнх нь хуулийн нэмэлт өөрчлөлт, шинэчилсэн найруулгын төсөл, бодлогын шийдвэрийг УИХ-аар батлуулсны үндсэн дээр хэрэгжих учиртай. Гэвч өдгөө 10 гаруйхан хоног дутуу байхад эдийн засгийг эрчимжүүлэх хэдэн арга хэмжээ авч дөнгөсөн бол?

Одоогийн байдлаар энэ асуултад хариулт өгөх эрх мэдэлтэн эзгүй байна. Эрх баригчид улсын баяр наадмаас эхлээд сумдын ой, даншиг, их хурд, овооны наадам зэргээр явж, хуушуур "амталж" үндэсний хувцсаа сурталчилж яваа.

Тэднийг ийн цэнгэж явах хойгуур "Эзэн-100"-гийн сүүлчийн өдөр хоногууд ямар ч хариуцах эзэнгүй, хийсэн ажилгүй өнгөрч байна. Уг нь УИХ-ын ээлжит бус чуулган хуралдвал энэ хөтөлбөрийг нэлээд урагшлуулах төлөвтэй.

Тус хөтөлбөрийн хүрээнд Засгийн газар татварын ачааллыг бууруулах, тайлагнах журмыг хөнгөвчлөх, ил тод, нээлттэй болгох чиглэлтэй Татварын багц хууль, далд эдийн засгийг бууруулах, татварын баазыг өргөтгөх зорилгоор боловсруулсан Эдийн засгийн Өршөөлийн тухай хууль, Өмчлөх эрхийн тухай хууль, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд давхацсан хяналт шалгалтыг хийхгүй байх Хяналтын тухай хууль, Хөдлөх болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлээд байгаа.

Гэвч валютын ханшид дарлуулсан олон нийт энэ хөтөлбөрийн биелэлтэд чих тавьсаар суугаа. Тиймээс Ерөнхий сайдын өмнөөс тус хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар чадан ядан хариулт өгөхийг хичээе.

1. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг баталсантай уялдан Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах болон ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагааг сэргээхтэй холбогдох хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

Энэ зорилтын хүрээнд төрийн тусгай хамгаалалттай болон дархан цаазат газар, хилийн зурвас нутгийн ашигт малтмал олборлохыг санаархав. Өнгөрсөн сарын байдлаар 1200 гаруй тусгай зөвшөөрөл олголоо. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгосноор эдийн засагт 1-1.5 тэрбум ам.доллар орж ирнэ гэж Монголбанк таамаглаж буй.

Мөн энэ хугацаанд амжиж, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж амжлаа. Үүний үр дүнд "2014 оны эхний хагасын байдлаар улсын төсөвт ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөр гэж 17.5 тэрбум төгрөгийн орлого оржээ. Энэ нь 2014 оны төлөвлөгөөт дүнгийн 69 хувьтай тэнцэх үзүүлэлт боллоо.

2. Ашигт малтмал, тансаг хэрэглээнээс бусад салбарт ажиллаж байгаа аж ахуйн нэгжид татварын таатай нөхцөл бүрдүүлж, ажиллах;

Энэ заалтад бизнес эрхлэгчид нэлээд сэтгэл дундуур байгаа. Тухайлбал, барилгын компаниудын хувьд бүтээн байгуулалтын улиралд тоног төхөөрөмж оруулж ирэхэд гаалийн татвар, НӨАТ-аас чөлөөлөх, хөнгөлөх таатай орчинг бүрдүүлсэнгүй. Гэвч барилгын материалын үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгохдоо хятад эзэнтэй хоёр ч үйлдвэрийг шинээр нэмсэн тухай яриа бий.

3. Төрийн өмчийн тогтолцоог шинэчилж, засаглал, удирдлага, хараат бус үйл ажиллагааг бизнесийн зарчимд бүрэн нийцүүлэх, энэ хүрээнд "Монголын баялаг" холдинг компанийг байгуулах, Засгийн газраас төрийн өмчит компанитай зөвхөн татвар ногдуулах, ноогдол ашиг хуваарилах сувгаар харилцдаг байх тогтолцоог бүрдүүлэх;

"Төрийн өмчийн томоохон аж ахуйн нэгжүүдийг эзэнжүүлэх хөтөлбөр боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх" зорилтын хүрээнд улс орны хөгжлийн хөшүүрэг болсон томоохон аж ахуйн нэгжүүдийг хувьчлахаар болж байна. Тухайлбал, "Хөтөлийн цемент шохой", "Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ", "Багануур, Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ", "Оргил рашаан сувилал" гэх аж ахуйн нэгжийг хувьчлах гэж байгаа бол "МИАТ", "Монголын цахилгаан холбоо", "Мэдээлэл холбооны сүлжээ", "Шивээ-Овоо", "Багануур" компаниудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг бууруулж, эдийн засгийг эрчимжүүлэх нэрээр ард түмний өмчийг цөөн хэдэн эзэнтэй болгох нөхцөлийг бүрдүүлэв.

4. Үндэсний үйлдвэр, дотоодын аж ахуйн нэгжийн тогтвортой үйл ажиллагааг санхүүгийн, бодлогын болон зохицуулалтын арга хэрэгслээр дэмжих хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлэх:

Засгийн газар татварын ачааллыг бууруулах, тайлагнах журмыг хөнгөвчлөх, ил тод, нээлттэй болгох чиглэлтэй Татварын багц хууль, далд эдийн засгийг бууруулах, татварын баазыг өргөтгөх зорилгоор боловсруулсан Эдийн засгийн өршөөлийн тухай хууль, Өмчлөх эрхийн тухай хууль, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд давхцсан хяналт шалгалтыг хийхгүй байх Хяналтын тухай хууль, Хөдлөх болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлээд байгаа.

4.1.Жижиг бизнес эрхлэгчидтэй яриа, хэлэлцээр хийсний үндсэн дээр тэдэнд төрөөс үзүүлэх бодлогын дэмжлэгийн зохистой хэлбэрийг тодорхойлж, тэдгээрийн үндсэн үйл ажиллагааны өртөг, зардлыг нэмэгдүүлж байгаа хүчин зүйлсийн нөлөөллийг саармагжуулах, улмаар бууруулах арга хэмжээ авах, жижиг бизнес эрхлэх зөвшөөрлийг хөнгөвчлөх, татвар, түрээсийг тодорхой хугацаанд тогтвортой байлгах арга замыг судалж шийдвэрлэх.

Хувийн хэвшлийн зүгээс уулзалтыг зохион байгуулж, хэлэлцээд бодит санал боловсруулж, Засгийн газарт хүргүүлж байгаа. Үүнд, хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөл, нүүрсний компаниуд, Монголын Банкуудын холбоо, Барилгын ассоциаци, Лиценз тусгай зөвшөөрөлтэй холбоотой сонирхлыг төлөөлсөн нийгэмлэг, Монголын Бизнесийн зөвлөл, олон улсын байгууллага, төслүүд, Арилжаа эрхлэгчийн холбоо, Банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо гэх бизнесийн олон төлөөлөл саналаа оруулсан.

4.2.Дунд хэмжээний компаниудын бизнес эрхлэх орчинг сайжруулж, тэдгээрт зээлийн болон зээлийн даатгалын дэмжлэг үзүүлэх.

Энэ хөтөлбөрийн хүрээнд хоёр сарын дотор гадаад, дотоодын бизнес эрхлэгчдийн уулзалт, зөвлөгөөнийг 10 гаруй удаа зохион байгуулсныг дурдах нь зүйтэй. Мөн даатгалын дэмжлэг үзүүлэх талаар нааштай шийдэх магадлал өндөртэй байгаа тухай эдийн засагчид хэлж байна.

4.3.Томоохон компаниудын тогтвортой үйл ажиллагааг хангах, тэдгээрийг гадаад, дотоодын хөрөнгийн зах зээлд оролцоход нь дэмжлэг үзүүлэх.

Хэрэгжихэд хүндрэл багатай хэдий ч Засгийн газраас олон хууль, тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан ч хаврын чуулганаараа хэлэлцэн баталж амжсангүй. Ерөнхий сайд Н.Алтанхуяг эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөрийн хүрээнд 29 хууль, тогтоомжийн төсөл өргөн барьсан ч есийг нь баталлаа хэмээн чамлаж байсан удаа бий.

5.    Хөрөнгө оруулалтын сангууд болон урт хугацааны даатгалын бүтээгдэхүүний үр дүнд бий болсон хөрөнгийн эх үүсвэрийг эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэхэд ашиглах, эдгээр сан болон банк бус санхүүгийн байгууллага, санхүүгийн корпорацийн бизнесийн санхүүжилтийн үйл ажиллагааг Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс бодлогоор дэмжих;

Хөрөнгө оруулалтын сан бий болгох шийдвэрийг Засгийн газар гаргасан. Тус сангийн анхны хөрөнгө оруулалтыг Хөгжлийн банкнаас гаргахаар боллоо. Санг хараахан байгуулаагүй байна.

Мөн Төрийн өмчийн хороог сан болгож, Засгийн газраас төрийн өмчит компанитай зөвхөн татвар ногдуулах, ногдол ашиг хуваарилж харилцдаг болгохоор Сингапурын "Темасек холдинг" компанийн туршлагыг судалж, хуулийн төсөл боловсруулж байгаа аж.

6.    Хөгжлийн банкны үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлж, бие даасан байдлыг нэмэгдүүлэх, Хөгжлийн банкнаас хийж байгаа хөрөнгө оруулалтыг зохистой болгох чиглэлээр Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

Хөгжлийн банкны үйл ажиллагааны цар хүрээг тэлэх, бие даасан байдлыг хангах, хөрөнгө оруулалтыг оновчтой болгохоор хуулийн төсөл боловсруулж байгаа. Тиймээс тов гаргасан өдрөө амжихгүй нь мэдээж.

7.    Бичил, жижиг, дунд бизнесийн хөгжлийн санхүүжилтийн арга хэлбэрийг боловсронгуй болгох чиглэлээр Засгийн газар, Монголбанкны үйл ажиллагааг уялдуулах, энэ чиглэлийн сангийн үйл ажиллагаанд Монголбанкны оролцоог хангах, сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх;

Эдийн засгийн хүндрэлээс болоод өмнө нь хэвийн үйл ажиллагаа явуулж байсан үйлдвэрүүд түүхий эдээ авч чадахгүйд хүрч, улмаар бараа бүтээгдэхүүнээ зарж чадахаа больж байна. Зарим нэг нь орлогогүй болж эхэллээ. Ихэнх нь банкны зээлтэй аж төрж байна. Мөн Төв банкийг улс төрийн хараат байсаар байгааг үндэсний эдийн засагчид дуу нэгтэйгээр хэлж байгаа.

8.  Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшид огцом хэлбэлзэл үүсч, валютын захад цочрол бий болсон үед түүний нөлөөллийг саармагжуулах арга хэмжээг цаг тухайд нь авч байх, санхүү, эдийн засгийн болзошгүй хямралын эрсдэлээс сэргийлэх зорилгоор гадаад валютын урсгалыг сайжруулах;

Ам.долларын ханш өчигдрийн байдлаар Монголбанкны албан ёсны сайтад 1850 төгрөгтэй тэнцэж байв. Сонирхуулахад нэгийн тоотой "ногоон" мөнгө 1700 төгрөгтэй тэнцэж байх үед эсэргүүцэж хэсэг нөхөд Чингисийн талбайд салаавч үзүүлж байсан билээ. Тэгэхээр энэ заалт огт хэрэгжээгүй гэсэн үг.

9.    Валютын ханшийн эрсдэлийг бууруулах санхүүгийн үүсмэл хэрэгслийн хэрэглээг бүх чиглэлд идэвхжүүлэх;

Валютын ханшийн өөрчлөлтөөс болоод улсын өр ДНБ-ий 60-аас дээш хувьд хүрсэн.

10.    Хөрөнгийн зах зээл, корпорацийн үнэт цаасны зах зээлийн хөгжлийг мөнгөний бодлоготой уялдуулан дэмжих;

Эдийн засгийн зөвлөлөөс одоогоор Банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо, Барилгын ассоциаци, Бизнесийг дэмжих төсөл, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв, Арилжаа эрхлэгчдийн холбоо зэрэг байгууллагын саналыг хүлээн авч хэлэлцэж байгаа.

11.    Гадаадад байгаа Монгол улсын иргэдийн хөрөнгийн урсгалыг татах, иргэд, аж ахуйн нэгжийн гадаад дахь мөнгөн хадгаламжийг эх орондоо шилжүүлэх тааламжтай нөхцөл бүрдүүлэх;

Гадаадад байгаа иргэд мөнгөө эх орондоо санаа амар хадгалах тийм боломжийг бүрдүүлж чадсангүй. Тэр ч бүү хэл чанаргүй зээлийн хэмжээ эрс өссөн үзүүлэлттэй байгаа.

12.    Үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангах, ханшийн эрсдэлээс хамгаалах зорилгоор CBOП(SWAP) 1 хэлцлээр бий болсон боломж, нөхцөлийг үнэ тогтворжуулах хөтөлбөрт хамрагдаж байгаа болон экспортлогч, импортлогч томоохон аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр ашиглах талаар тодорхой бодлого боловсруулж хэрэгжүүлэх;

Өнгөрсөн тавдугаар сарын байдлаар Монгол Улсын эрдэнэсийн сан жилийн өмнөхөөс хоёр дахин дундарсан үзүүлэлттэй байна. Мөн Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн дунджаар 25 хувь өссөн.

13. Улсын өрийн хэмжээг зохистой түвшинд байлгах, гадаадын өр, зээлийг тооцох аргачлалыг боловсронгуй болгох, эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр Засгийн газрын баталгаа олгохтой холбогдуулан холбогдох хуулийн төсөл боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

Энэ зорилтын ард өрийн хэмжээг 70 хувьд хүргэх гэсэн санаа нуугдаж байгаа хэмээн олон нийт хардаж байгаа. Тиймээс УИХ-аар Өрийн удирдлагын тухай хуулийг батална гэдэг тун төвөгтэй байгаа.

Харин УИХ 2014 оны Улсын төсвийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хуулийн нэмэлт өөрчлөлт зэрэг тоймтой хэдэн төслийг өнгөрсөн хугацаанд баталж дөнгөв.

14.    Тавантолгойн ордын олборлолт, борлуулалтын үйл ажиллагаанд стратегийн хөрөнгө оруулагч гадаадын компаниудын оролцоог хангах, нүүрсний нийлүүлэлтийн урт хугацааны гэрээ байгуулах замаар эрчимжүүлж, борлуулалтын орлогын тодорхой хэсгээр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, уурхайн дэд бүтцийг хөгжүүлэхэд зарцуулах санхүүжилт, даатгалын механизм бүрдүүлэх;

Тавантолгойн ордоос олборлож буй нүүрсний өрсөлдөх чадварыг сайжруулах, орд газрыг иж бүрэн хөгжүүлэхэд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг оролцуулахаа Засгийн газар зарласан. Гэхдээ хөрөнгө оруулагчидтай яриа хэлэлцээ эхлүүлсэн эсэх нь тодорхойгүй байна. Ирэх есдүгээр сарын 1-нээс ажил эхлэх төлөвтэй байгаа.

15.   Үйл ажиллагаа, үйлдвэрлэддээ их хэмжээний бараа, материал худалдан авдаг төрийн байгууллагууд болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Монголд үйлдвэрлэдэг бараа, бүтээгдэхүүнийг худалдан авдаг байх. Ингэхдээ дамжуулан зуучлагчгүйгээр үйлдвэрлэгчээс шууд авдаг болох эрх зүйн орчныг бүрдүүлэх;

Төрийн өмчийн оролцоотой байгууллагуудын хувьд эдийн засгийн хямралаас шалтгаалж "Биеийн" байдал мөн ялгаагүй хүнд байгаа. Засгийн газрын Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн дагуу 3.8 их наяд төгрөг хэвлэн он дамжуулан зах зээлд нийлүүлснээр мөнгөний ханш эдүгээ 30 орчим хувиар унав.

Ханшийн уналт импортын үнийг түрэн өсгөж, олон компани үйл ажиллагаагаа хумин, улмаар татвар болон төсвийн орлого эрс багассанаас төрийн хөрөнгө оруулалттай зам барилга, нийгмийн байгууламжийн ажил зогссон байдалтай байгаа.

Харин манай улс Японд ноос, ноолуур, савхин эдлэл, боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн, гоймон, давс, аарцны ундаа зэрэг хүнс, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр болон гаалийн татваргүйгээр зах зээлд гаргахаар болсон таатай мэдээ Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр дуулдлаа.

16.    Хөрш хоёр оронтойгоо эдийн засгийн хамтын ажиллагаагаа шинэ түвшинд хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор таван шугам буюу ОХУ, БНХАУ-ыг холбосон төмөр зам, авто зам, нефть, байгалийн хий, эрчим хүчний дэд бүтцийн урсгал бий болгох ажлыг эрчимжүүлэх;

ОХУ, БНХАУ-ыг холбосон төмөр зам, хурдны авто зам, нефть, байгалийн хий, эрчим хүчний дэд бүтэц бий болгох ажил амжихгүй нь энэ хугацаанд тодорхой боллоо.

17.    Гадаад, дотоодын аялал жуулчлалыг хөхиүлэн дэмжих, аялал жуулчлалын улирлын хамаарлыг бууруулж, тус салбарын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор бусад улсын чөлөөт бүс, амралт зугаалгын төвийн зарим үйлчилгээг хязгаарлагдмал хүрээнд нэвтрүүлэх чиглэлээр хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх;

Энэ хөтөлбөрийн хүрээнд байгаа ажлаас иргэдийн анхаарлыг ихээр татаж буй заалтын нэг нь энэ. Учир нь, аялал, жуулчлалын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор казино байгуулахаар санаархаж буй. Энэ зорилт иргэдийн эсэргүүцлийг давж, иргэний нийгмийн байгууллагуудтай эв зүйгээ олж хэрэгжинэ гэдэг тун эргэлзээтэй байгаа юм.

18.   Экспортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор худалдан авагчийн төмөр замтай шууд холбогдох асуудал болон дамжин өнгөрөх тээвэр, логистикийн хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

Экспортын бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулах хүрээнд төмөр замын цариг, тээврийн бусад дэд бүтцийг шийдвэрлэх тогтоолын төслийг өргөн барьсан ч буцаан татсан, Энэ тогтоолын төсөлд урд хөрш рүү долоон чиглэлээр нарийн царигтай төмөр зам тавина гэж тусгасан нь улстөрчдийн хооронд хэрүүл үүсгэсэн билээ. Өмнөд хөрш рүү тавих төмөр замын гурав нь нарийн, дөрөв нь өргөн царигтай байхаар тогтоолын төсөл бэлтгэн дахин өргөн барих сураг бий.

19.   Эрчим хүчний нэмэлт эх үүсвэрүүдийг шинээр барьж байгуулах асуудлыг шийдвэрлэх;

Олон жил сунжирсан ДЦС-V-ын концессийн гэрээнд гарын үсэг зурсан. Мөн Газрын тосны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталснаар уламжпалт бус газрын тос, нүүрс шингэрүүлэх, хийжүүлэх, эрчим хүч экспортлох төсөл, хөтөлбөрүүдэд томоохон дэмжлэг болох гэнэ.

20.    Төрийн өмчит томоохон аж ахуйн нэгжийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд 2014-2016 онд хувьчлах хөтөлбөр боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

Хөтөлбөрийн хүрээнд төрийн өмчит томоохон аж ахуйн нэгжүүдийг 2014-2016 онд хувьчлах, тэдгээрийн удирдлагыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчимд шилжүүлэх тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан.

21.    Бизнесийн орчны шинэтгэлийн үйл явцад эрс шинэтгэлийн хандлага, арга барилыг голчлон хэрэглэх чиглэлээр УИХ-аас шаардлагатай бодлогын дэмжлэг үзүүлэх;

Олон улсын зах зээлээс татсан Засгийн газрын үнэт цаасны хөрөнгийн зарцуулалтын ил тод байдлыг хангах, хяналтыг сайжруулах, улсын өрийг зохистой байлгах Өрийн удирдлагын тухай хууль, бодлогын залгамж чанар, тогтвортой байдлыг хадгалах Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль, төрийн байгууллагын хүнд суртлыг багасгах, тусгай зөвшөөрлийн тоог эрс цөөлөх Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьжээ.

22.    Төсвийн орлогыг бүрдүүлэх, хууль тогтоомжийн биелэлтийг хангах нэрийн доор хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хэт дарамт учруулсан, давхцсан хяналт шалгалтыг хийхгүй байх, хяналт шалгалтыг зөвхөн эрсдэлд суурилсан зарчим, тухайн салбарын чиглэлийн хүрээнд хийж байх;

Хувийн хэвшлийн үйл ажиллагаанд давхцсан хяналт шалгалтыг хийхгүй байх Хяналтын тухай хууль, Хөдлөх болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлээд байгаа.

23,    Хөгжингүй орны иргэд болон гадаадын хөрөнгө оруулагчдад бизнесийн зориулалттай болон олон удаагийн визийн дэглэмийг тааламжтай, урт хугацаатай болгох;

Гадаадын хөрөнгө оруулагч, бизнөс эрхлэгч, жуулчдад визийн дэглэмийг тааламжтай болгох арга хэмжээг авлаа.

Д.Ганбаатар

Эх сурвалж: