sonin.mn

ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, төслийн удирдагч, Шинжлэх ухааны доктор, профессор Ш.Дэмбэрэл энэ оны хоёрдугаар сарын 14-ний өдөр болж өнгөрсөн Монгол улсын ШУА-ийн ээлжит их чуулганаар академич хэргэм хүртсэн билээ.

Түүнд ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин академичаар сонгогдсоны батламж, үнэмлэхийг нь наадмын өмнөхөн гардуулан өгсөн юм. Эх орныхоо эдийн засгийн тулгуур салбар шинжлэх ухааныг хөгжүүлэхэд ихийг хийж бүтээсэн ч эгэл даруухан орших энэ эрдэмтэнтэй уулзаж ярилцлаа.

- Юуны өмнө танд шинжлэх ухааны ноён оргил гэж хэлж болох эрхэм хүндтэй академич хэргэм хүртсэнд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Энэ оргилд хүрэх зам тийм ч шулуун дардан байгаагүй байх. Таны намтартай танилцаж байхад сумын малын эмчээр томилогдон ажлынхаа гарааг эхэлж байсан юм билээ. Сумын малын эмчээс академич болсон түүх их сонирхолтой санагдаж байна?

-Баярлалаа. Шинжлэх ухааны Академийн гишүүн буюу академичийг хэргэм гэж нэрлэдэг. Энэхүү хэргэмийг олгохдоо академийн гишүүн сонгох дүрмийн болзол хангасан Шинжлэх ухааны докторын зэрэгтэй эрдэмтэн судлаачдыг их сургууль, хүрээлэнгийн эрдмийн зөвлөлөөс эхлэн ШУА-ийн салбар академи, бага чуулганы шат дараалсан хуралдаануудаас нууц санал хураалтаар дэвшүүлдэг.

Хамгийн сүүлийн шалгаруулалтыг ШУА-ийн чуулганаар шийддэг. Ингэхдээ бүх гишүүдийн (академичдын) нууц санал хураалтаар 75 хувиас дээш санал авсан нэр дэвшигч академичаар сонгогддог. Ийм л журмаар академич цол хүртлээ. Намайг сургууль төгсөж байх тухайн үед шинэхэн мэргэжилтэнүүдийг хөдөөгийн амьдралыг үзүүлэхээр үйлдвэрлэлд ажиллуулдаг арга барил байсан.

Тэр л журмын дагуу ХААИС-ийг төгсмөгц Баянхонгор аймагт томилогдож, сумын мал эмнэлгийн тасгийн эрхлэгч, их эмч гэсэн албанд очсон. Тасгийн эрхлэгчийн ажлыг хүлээж авсан эд зүйлсийн бүртгэлд 15000 төгрөгийн үнэтэй Мал эмнэлгийн түргэн тусламжийн (гадна талдаа Ветеринарная помощь гэсэн бичигтэй) ачааны ногоон өнгийн Газ-69 машин миний нэр дээр данслагдаж байв.

Хэдэн номноос өөр хөрөнгөгүй надад машины үнэ их л өндөр санагдаж, тооцож үзвэл 20 гаруй сарын цалинтай тэнцэж байлаа. Тасагт маань сум дундын оношлох кабинеттайгаа нийлээд ниитдээ 10 хүн ажилладаг, тэдгээрийн цалин цуух шатахууны зардал гэх мэт нь cap бүр миний нэрээр орж ирнэ.

Нэг бодлын санхүүжилттэй, унаатай, тэмдэгтэй албан газар байв даа. Улсын мал эмнэлгийн албаны анхан шатны нэгж ийм л хүчирхэг чадалтай сум нэгдлийн удирдлагаас хамаарал багатай албаныхаа ажлын шаардлагыг тэдэнд зоригтой хэлж, шаардаж чаддаг тийм л байсан.

Энэ зохион байгуулалт, хангамжийг тухайн үеийн Улсын мал эмнэлгийн албаны ерөнхий их эмчээр ажиллаж байсан, манай ХААИС-ийн ахмад багш нарын нэг дэд эрдэмтэн Г. Дашнямтай холбон үзэх нь зүйтэй юм.

Ингэж тухайн үеийн хөдөөгийн амьдралын эргүүлгэнд орж, малын эмчийн ажлын хажуугаар сумын хөдөө аж ахуй эрхэлсэн орлогч гэдэг сонгууль хүлээж, бригадаар морь, тэмээгээр шогшин, ажлаа амжуулахын тулд төрөл бүрийн ааш араншинтай хүмүүстэй хэрхэн харилцах гэх мэт арга эвэнд суралцаж эхэлсэн дээ.

Сум-нэгдлийн 103 мянган толгой малд ажиглалт судалгаа явуулах хангалттай боломжийг бүрдүүлж байсан. Мэдэхгүй, чадахгүй юм ч чамгүй их. Тэр үед сум нэгдлийн даргаар Жамц гэж мундаг зохион байгуулагч ажилладаг байлаа. Хожим мэдэхнээ "Энэ хүүхнүүд үү" киноны нэгдлийн дарга Жамцын дүрийг түүний үйл ажиллагаанаас сэдэвлэсэн гэж ярьдаг юм.

Сумын малын эмчээс эрдэм шинжилгээний ажилтан болсон түүх бас сонин. Тэр үеийн "Үнэн" сонинд эрдэм шинжилгээний ажилтанг уралдаант шалгаруулалтаар сонгож авах тухай зар гарсан байв. Удалгүй амралтаа аваад хотод ирж, шалгалтад орон, гайгүй дүн үзүүлсэнээр Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Мал эмнэлгийн салбарт ажиллах болсон юм. Тэр үеэс хойш эдүгээ 42 жил улиран оджээ.

Энэ хугацаанд аспирантур, докторантурт суралцаж, судалгааны нэгжээс салбарын шинжлэх ухааны удирдлагын төвшин хүртэл ажилласан даа. Энэ хугацаанд гол төлөв өсөлтийн физиологи, биологи, төлийн дотор өвчний чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил явуулж иржээ.

Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд мал эмнэлгийн болон салбар дундын хэрэглээнд ашиглах боломжтой пробиотик бүтээгдэхүүнийг бий болгох, үйлдвэрлэл хэрэглээний хүрээг өргөтгөх, судлаачдын баг боловсон хүчнийг бэлтгэх гэх мэт чиглэлүүдэд түлхүү анхаарсан.

Энэ хүрээнд Монголын уламжлалт гүүний айраг, тараг, ингэний ундааны хөрөнгийн найрлагыг судлах, тэндээс эмчилгээний ач холбогдолтой нянг цэврээр ялгах ажлыг идэвхтэй явуулж зохих үр дүнд хүрсэний дээр пробиотик, преобиотикийн чиглэлээр шинжлэх ухааны доктор, боловсролын доктор, магистрын 10 гаруй бүтээлүүд туурвисан.

Эдгээр ажлуудын үндэс нь мал, амьтны өсөлтийн биологийн чадавх болон тэжээл боловсруулалтын физиологийн эерэг үйл явцыг дэмжин идэвхжүүлэх ашиглахад чиглэгдсэн юм.

Манай судалгааны багаас сүүлийн жилүүдэд шинэ бүтээлийн 10-аад патент, бүтээгдэхүүний технологийн баримт бичиг, стандартууд 20 гаруйг боловсруулж баталгаажуулсаны дотор хэд хэдэн био бүтээгдэхүүнийг өөрсдийн санаачлагаар байгуулсан Пробиотикийн төвд үйлдвэрлэж эхэллээ.

Судалгаа шинжилгээний ажилд суралцах, төлөвших, төрөл бүрийн шатанд амжилттай ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд хөдөө аж ахуйн салбарын, тэр дундаа мал эмнэлгийн салбарын олон тэргүүлэх эрдэмтэдийн тусламж дэмжлэг, бүтээлч хамтын ажиллагаа чухал байсан. Тэдний уламжлалыг залгамжлан ажиллаж буй одоогийн хамт олондоо талархаж явдаг даа.

-Судалгааны ажил нарийн төвөгтэй, магадгүй их тэвчээр шаардсан ажил байх гэж би боддог. Чухам жаргал, зовлон нь юундаа байдаг юм бэ?

-Санал нэг байна. Манай хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний ажил бүхэлдээ туршилт харьцуулалтад тулгуурласан, үйлдвэрлэлийн технологи нь тодорхой цаг хугацаанд хийгддэг гэх мэт онцлогтой. Жишээлбэл, жилд нэг л удаа мал төллүүлэх компанит ажил явагддаг тул тухайн чиглэлийн судалгааг тэр цаг үед нь л амжуулахгүй бол хоцорно.

Тариалалт хавар, ургац хураалт намар л явагдана. Бэлтгэлээ сайн базааж байгаад технологийн энэ цаг үед нь л анаж судалгаа туршилтаа хийхгүй бол хугацаа алдах аюултай.

Мал эмнэлгийн талын судалгааны ажил гэхэд л үйлдвэрлэлийн технологийн туршилтаас өмнө хэд хэдэн хувилбараар судалгааны загваруудаа лабораторийн нөхцөлд болон туршилтын жижиг амьтад дээр хийж боловсруулах нь дадал зуршил болсон зүйл.

Боловсруулах явцад дахин дахин уйгагүй хийх, гадаад дотоодын хэвлэлийн өгөгдөхүүнтэй харьцуулах, үр дүнг үнэлэх, үйлдвэрлэлийн туршилтад нөлөөлж болох зүйлүүдийг анхааралд авах зэрэг ёстой л тэвчээр, тархи гашилгасан ажил өрнөдөг. Боловсруулсан хувилбаруудаас оновчтой сонгох нь туршилтыг амжилтад хүргэх суурь нөхцөл болдогыг манай судлаачид андахгүй дээ.

Ажлын явцад сэтгэн бодож, боловсруулсан хувилбарууд бүтэхгүй байх, онолын төсөөлөлүүд практиктай уялдаж өгөхгүй болох, олон хоног сараар хийсэн туршилтууд бүтэлгүйтэх нь судалгааны ажилд байдаг л зүйлүүдийн нэг. Гэхдээ болохгүй туршилтынхаа дүнг нэгд нэгэнгүй бичиж тэмдэглэх нь дараагийн зөв судалгааны эхлэл болдог.

Өөр хүний нүдээр харахад хуруу шилэнд элдэв зүйл хийж, хольж хутгасан нөхөр байгаад байдаг. Зарим нь энэ ч дээ сайн зүйл гарахгүй дээ гэж боддог байх. Гэхдээ л түүний цаана том ажлын эхлэл, амжилт, өөрчлөлт шинэчлэлт байхыг үгүйсгэхгүй. Энд нэг хууч яриаг дурдая л даа.

"Өнгөрсөн зууны эхээр химийн чиглэлийн судлаач эрдэмтэний туслахаас танай эрдэмтэн юу хийдэг юм гэж асуухад нь манай хүн өдөржингөө л шил, саванд элдэв зүйл хийж, хольж хутгаад суудаг. Орой тийшээ би түүнийг нь асгадаг юм" гэсэн байдаг.

Микробиологийн судалгааны явцад гэхэд л арай ядан олон дамжуулалтаар гаргаж авсан хэрэгцээтэй нян маань хувьсаж, өөрчлөгдөөд үхэж үрэгдэх нь ч бий. Энэ мэт бэрхшээл зовлонгууд олон байна л даа. Одоо харин хөрөнгө, санхүүжилтийн боломж хомсдох бэрхшээл их гарах боллоо.

Туршилтын загваруудаа үйлдвэрлэлд хэрэглээ болгох, судалгааны үр дүнгүүдээ нэгтгэн дүгнээд шинэ санаа сэдэлд хүрэх, өөрийн гэсэн өнгө аястай судалгааны чиглэлийг шавь нарынхаа хамт гаргах, түүнийхээ орон зайг салбар шинжлэх ухаандаа бий болгож үр дүнг үзэх гэх мэт сайхан мөчүүд байна л даа.

Тухайлбал дээр хэлсэнчлэн бид санаачлан хөөцөлдсөнөөр удирдах байгууллагын дэмжлэг авч хүрээлэнгийнхээ дэргэд пробиотикийн судалгаа үйлдвэрлэлийн төвийг цехийн хамт ашиглалтад оруулсан. Энэ бас л манай багийн тэргүүлэгч эрдэмтэдийн бодол санаагаар бүтсэн зүйлийн нэг боловч, санхүүжилтийн мөчиг тачигаас үүдэн зохих шаардлагын хэмжээнд хүртэл ажиллаж чадахгүй байгаа.

Гэвч цаг нь ирэхээр байдал сайжирна гэж тэвчээртэй хүлээж байна. Судалгааны ажилд бусад ажлын нэгэн адил тэвчээр хэрэгтэй. Пробиотикийн асуудлыг анагаах ухааны салбар маш чухалд тооцож, аль болох бидэнтэй хамтран ажиллахыг эрэлхийлж байхад манай салбарын холбооны удирдлага дэвшүүлсэн төслийг шүүмжлэн хасуулж байх жишээтэй, бид тэвчээртэй байгаа Судалгааны ажилд гадаад харилцаа маш чухал гэж үзэн өөрсдийн чиглэлээр олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэдтэй бүтээлчээр хамтран ажилласны дүнд,залуусынхаа онол арга зүйн мэдлэгийг дээшлүүлж, тэдцийхээ ажлын үр дүнг харах ч баяр жаргал шүү.

Залуусынхаа хурдтай үйл ажиллагааг ахмад тэргүүлэх эрдэмтэдийнхээ туршлагатай чадварлаг хослуулан ажиллуулах ч бас нэг жаргал. Уламжлалд тулгуурласан мэдлэгтэй үйл ажиллагаа хөгжлийн үндэс болох ёстой.

- Шинжлэх ухааны академи хэмээх босго өндөртэй энэ том айл өнөөдөр хэдэн гишүүнтэй вэ. Хөдөө аж ахуйн салбарын шинжлэх ухааны төлөөлөл болсон эрдэмтэн хэр олон байдаг бол ?

- Монголын Шинжлэх Ухааны Академи одоогор 53 гишүүнтэй. Энэ жил бидний шинээр сонгогдсон 4 хүн нэмэгдээд 57 болсон. Манай салбарын эрдэмтэдийн төлөөлөл гэвэл Хөдөө аж ахуйн чиглэлээр Академич Г.Чадраабал, Академич Ч.Содномцэрэн, Биологийн чиглэлээр Академич М.Төмөржав, Мал эмнэлгээр Академич Б.Бямбаа, Д.Цэрэндорж нар байна.

Үүнээс өмнө манай салбарын ахмад тэргүүлэх эрдэмтэд болох Я.Тойвгоо, М.Наваанчимид, Д.Гончиг, Д.Цэдэв, Х.Цэрэв, Р.Цэрэндулам, М.Даш агсан зэрэг үе үеийн төлөөлөлүүд Академич хэргэмтэй ажиллаж байв. Манай салбарын нэг онцлог бол Шинжлэх ухааны академийн дүрмийн дагуу Хөдөө аж ахуйн салбар академийг 2009 онд байгуулсан явдал юм.

Салбарын шинжлэх ухаан технологийн бүхий л асуудлыг салбарын хэмжээнд уул академи, түүний ажлын алба Шинжлэх ухааны зөвлөлөөс зохицуулж ирсэн. Салбар академийн ерөнхийлөгчөөр Академич Б.Бямбаа, тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Доктор, профессор А.Бакей нар сонгогдон ажиллаж ирлээ.

-Эрдэмтдийн оюуны энэ их нөөцийг төр засаг, харьяа яамд бодлого шийдвэртээ хангалттай тусгаж, санал зөвлөгөө авч чаддаг уу. Энэ талаар Та ямар бодолтой байдаг вэ?

-Мэдлэгийг хэдий чинээ үйлдвэрлэлд ашиглаж, оюуны багтаамж сайтай бүтээгдэхүүн, хэрэглээг бий болгож чадна төдий чинээ улс орны хөгжил түргэсэх учиртай. Салбарын яам агентлагуудаас өөрсдийн захиалсан шинжлэх ухаан технологийн төслүүдийн үр дүнд задлан шинжилгээ хийн, тэдгээрээс эхний ээлжинд үйлдвэрлэл болгох үр дүнг ялган авч, хэрэгжүүлэх тендерийг зарлах, нийт санхүүжилтийнх нь тодорхой хувийг /50 хүртэл хувийг/ тухайн салбарын сайдын багцаас гаргах зарчмыг баримталбал оюуны багтаамж сайтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл хэрэглээ өсөх бас нэг гарц бий.

Судалгааны ажил захиалсан л бол үр дүнг нь хэрэглээ болгох ёстой гэсэн зарчимтай тохирох юм даа. Ялангуяа мэргэжлийн чиглэлийн яам агентлагуудын бодлого, шийдвэрийг боловсруулахдаа шинжлэх ухааны үндэслэлийг нь юуны турүүнд анхаарах нь зөв л дөө.

Одоогийн байр байдлаас харвал тэр бүр сайн ашиглаж чадахгүй байна. Гэхдээ бодлого, шийдвэр боловсруулахад оролцох тал дээр манай эрдэмтэн судлаачдын санаачлага, идэвх муу байгааг ч хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Дээр нэрийг нь дурдсан академич нар тухайн үеийнхээ төр засгийн бодлого боловсруулахад чамгүй оролцдог байсныг тэр үеийн залуус бид сайн мэдэх юм. Тухайлбал, Академич М.Даш тухайн үеийн Засгийн газрын гишүүн, Шинжлэх ухаан технологийн улсын хорооны даргын албыг хашиж байв.

Академич Д.Цэдэв малын тэжээлийн хангамжийн бодлогыг боловсруулахад гол үүрэг гүйцэтгэж, одоогийн Мал аж ахуйн хүрээлэнгийн байрыг бариулсаны дээр тэжээлийн үйлдвэрүүд барих шинжлэх ухааны үндэслэлийг гаргасан.

Академич М.Төмөржав "Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх" тухай шийдвэр боловсруулах ажлын хэсэгт ажиллаж, түүний дагуу байгуулагдсан Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны зөвлөлийг толгойлж байсан билээ.

Эрдэмтэдийн чадавх, оюуны нөөцийг ашиглах бас нэг гарц бол салбарын яам агентлагийн дэргэд мэргэжлийн зөвлөл, комисс, ажлын хэсгүүдэд судлаачдыг өргөн оролцуулах явдал байж болох юм. Энэ нь яам агентлагийн мэргэжилтэн, судлаачдын хамтарсан бүтээлч үйл ажиллагааг нэг чиглэлд зангидах таатай боломж мөн гэж би боддог.

Р.Батчимэг

Эх сурвалж: "Монголын" хөдөө