sonin.mn

Саяхан Японд болж өнгөрсөн Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ажлын айлчлалын үр дүнтэй холбогдуулан Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Такенори Шимизү 7-р сарын 28-нд сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Монгол Японы  хооронд “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” байгуулах яриа хэлэлцээ зарчмын тохиролцоонд хүрсэн болон хоёр талын хамтран гаргасан хамтарсан мэдэгдлийн үзэл санаа, ач холбогдлын талаар ноён элчин сайд сэтгүүлчдэд дэлгэрэнгүй танилцуулав. “Монгол Японы стратегийн түншлэл”-ийн дунд хугацааны хөтөлбөр амжилттай хэрэгжсэн үндсэн дээр энэхүү түншлэлийг шинэ шатанд улам эрчимжүүлэхийн чухлыг хоёр тал санал нэгтэй онцлон тэмдэглэв.

Одоо зарчмын хувьд хоёр талын тохирсон хамтын ажиллагааны дунд болон урт хугацааны хөлбөр боловсруулах, эцэслэн гарын үсэг зурж баталгаажуулах их ажил хүлээж байна гэж хамтарсан мэдэгдэлд тэмдэглэсэн юм гэж элчин сайд онцлов. Өмнө нь Японы засгийн газраас Монголд буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл гэсэн үндсэн хоёр хэлбэрээр эдийн засгийн тусламж үзүүлж байсан бол үүнээс хойш буцалтгүй тусламжийг багасгаж, гол төлөв дунд болон урт  хугацааны хөнгөлөлттэй зээл олгох хэлбэрт шилжихээр болж байна.

Энэ нь Монгол улс урьд өмнөхөөсөө эдийн засгийн чадамжаараа ихээхэн өсч тогтворжсон явдалтай холбоотой юм гэж элчин сайд Такинори Шимизү онцлов. Дараа нь тус ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Фукасава Хироши, Кондо Казүмаса болон хоёрдугаар нарийн бичгийн дарга Иноүэ Каёко нар Япон улсын оршин тогнолыг баталгаажуулах, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах эрх зүйн шинэчлэл хийж байгаа болон, Монгол улсад үзүүлэх зээл тусламжийн  хөтөлбөрийн чиглэл, Монгол улсад хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн төлөвлөгөө зэрэг сэдвээр мэдээлэл, танилцуулга хийлээ.

Мөн Японоос монгол руу импортолж байгаа автомашины гаалийн татварын зохицуулалтын асуудлаар зарим тохиролцоо хийснийг тодорхой тайлбарлав. Уулзалт танилцуулгын дараа Японы дипломатууд болон монголын сэтгүүлчид найрсаг ярилцлага хийж асуулт асууж хариулт авав.

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг