sonin.mn

ГААГ. /NHK/. Нефтийн татан буугдсан томоохон компани “Юкос”-оос хууль бусаар хураасан хөрөнгийн хариуд 50 тэрбум доллар төлөхийг ОХУ-ын Засгийн газарт олон улсын арбитрын шүүх тушаалаа.

“Юкос”-ыг дампууруулахын тулд Оросын албаны хүмүүс хуулийн тогтолцоог овжин ашиглаж, тэргүүнийг нь шоронд хорьсон гэж Гааг дахь Олон улсын арбитрын байнгын шүүх мэдэгдсэн юм. Тиймээс “Юкос”-ын хувьцаа эзэмшигчид байсан хүмүүсийн хохирлыг барагдуулж, хууль бусаар хураасан хөрөнгийнхөө хариуд ОХУ-ын Засгийн газар 50 тэрбум доллар төлөх ёстой гэсэн шийдвэрийг тус шүүх гаргажээ.

Тус компанийг их хэмжээний татвараас зайлсхийсэн гэж Ерөнхийлөгч Владимир Путины Засгийн газар 2003 онд нэхэмжлэл хүргүүлж, улмаар төлбөрийн чадваргүй болгосон юм. Дараа нь тус группын гол өмч хөрөнгийг төрийн өмчийн нэг компанид худалдаж, компанийн эзэн Михаил Ходорковскийг баривчилж, шоронд хорьсон билээ.

Шүүхийн шийдвэрт, “ОХУ-ын Засгийн газрын энэ үйлдэл нь эрчим хүчний хөрөнгө оруулалтыг хамгаалах тухай олон улсын конвенцын эрчим хүчний тухай заалтыг зөрчсөн хэрэг” гэжээ.

Харин ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров шүүхийн шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн юм. Түүний хэлсэнчлэн, ОХУ-ын эрх баригчид өөрсдийн байр сууриа хамгаалахын тулд хууль эрх зүйн боломжит бүх аргыг ашиглах бололтой.

Улс төрийн өрсөлдөгч Ходорковскийг чимээгүй болгохын тулд “Юкос”-ыг нарийн зохион байгуулалттайгаар дампууруулсан гэж Путиныг Өрнөдийн улсууд буруутгасаар ирсэн билээ. Алдсан өмч хөрөнгөө хувьцаа эзэмшигчид буцааж авах боломжтой болсонд баяртай байна гэж Ходорковский хэлсэн юм.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг