sonin.mn

Жижиг хүсэлтэнгүүдээр удирдуулсан бид Монгол үндэстний хүслийг биелүүлж чадахгүй..,

Монгол үндэстний хүсэл /Mongols nation will/ бол хамтаараа амьдрах нэгэн хувь тавилантай энэ л ард түмний хамтын дээд хүсэл байх учиртай. Тэр хүсэл нь Монголчууд хамтаараа чөлөөтэй, амар амгалан, шударга нийгэмд хангалуун амьдрах. Энэ нэг хүний биш үндэстний хүслийн тухай ярьж байна.

Өнөөдөр яагаад Монгол хүн тулга тойрсон юм ярьж хийдэг жижигхэн хүсэлтэй болчихсны шалтгааныг бид хайх хэрэгтэй. Жижиг хүсэлтэнгүүдийг ингэж бэлддэг юм гэдгийн баталгааг өнөөдөр боловсролын тогтолцоо, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, төр хийж өгч байгааг харж болно. Монгол хүний төлөвшилтийг товчхон гүйлгэж харъя л даа.

Цэцэрлэгт орсноос эхлээд бага анги, дунд анги болон ахлах анги хүртэл онц сурч, оноо авч, өргөмжлөл медалиар шагнуулах гэсэн хүсэлд сургаж өгдөг. Аав ээж нь хүүгээ онц л сурахыг шаардаж, амжилт гаргаж медаль л авч  сайн гэсэн хандлагыг төрүүлж үүнийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, төр хоёр хүүхдүүдэд багаас нь ухаанд нь гүн суулгаж өгч байна шүү дээ.

Телевизүүдээр нь үргэлж дуулсан бүжиглэсэн, баян тансаг, ялсан хожсон хүмүүсийг гаргаж, уралдаж, тэмцэлдэж ялж л байвал сайн гэсэн буруу хэвшлийг төрүүлж байна. Дээр нь төр гэж үргэлж л хүмүүсийг шагнаж, медаль олгож байна.

Сүүлдээ медаль авснаас нь илүүтэйгээ медаль аваагүй хүмүүс нь сайн юм шиг санагдах боллоо. Танил тал, улс төрийн хэлхээ холбоо, намын эсвэл хуйвалдагчдаа шагнаад байх шиг харагдаж байна.

Монголын төр монголын ирээдүйн эсрэг ажиллаж байна. Архи ууж мансуурсан яруу найрагчдын бичсэн шүлгүүдийг ямар ч шүүлтүүргүй хүүхдүүдэд цээжлүүлж хүүхэд залуучуудын ухааныг эвдэж, мэдлэг эзэмшихэд том саад болж байна.

Мэдлэг боловсролоос илүү мухар сүсгийг нь дэмжин дэлгэрүүлэгч төрийн бодлого нь Монгол хүнийг жижиг хүсэлтэй дээр нь мэдлэггүй, аймхай, хулчгар, өөртөө итгэлгүй, бусдаас тусламж эрдэг болгон хүмүүжүүлж байна.

Үүний үр дүнд Монголчуудын хүслүүд гэвэл Онц сурах, медаль авах, Их Сургуульд орох, Ажилтай болох, Байр, машинтай болох, авгай авах ... өндөр албан тушаалд томилогдох гэх мэтийн хүсэлтэй л хүмүүсээр нийгэм дүүрчээ. Хэний төлөө, юуны төлөө гэдгээ мэдэж байгаа болов уу?

Эдгээрийг хүсэл гэх үү, хэрэгцээ гэх үү гэдгийг ярилцах хэрэгтэй. Үнэндээ бол эдгээр нь зөвхөн л хүмүүсийн анхан шатны л хэрэгцээнүүд. Харамсалтай нь үүнийгээ хүсэл гэж ойлгочихсон хүмүүс Монголоор дүүрэн байна. Тиймээс бүгд л эхнэр, хүүхдээ магтан дуулсан хүмүүс. Ядуу орны хүмүүсийн хүсэл нь хүртэл ядуу байдаг юм байна даа.

Байртай, машинтай, авгайтай, хүүхэдтэй бас дээр нь албан тушаалд хүрчихсэн бол одоо яах вэ гэдэг асуулт гарна. Монголын нийгмийг хараад байхад эхнэр, хүүхдийнхээ төлөө л ажиллаад байх шиг харагдах юм. Юун бусдын төлөө тэр зөвхөн хүмүүсийн амны уншлага. Хүсэл бага учраас л хулгайчид ихэсдэг.

Төрийн өндөр албан тушаалд оччихоод юу хийхээ ч мэдэхгүй. Хэний төлөө, юуны төлөө тэр өндөр албан тушаал томилогдох гэж байгаагаа ч мэдэхгүй, томилогдчихоод ажиллаж байгаагаа учрыг бүрэн ойлгоогүй хүмүүс өнөөдөр төрөөс хулгай хийж байна. Хөөрхий зарим нь хамтын сайн сайхны төлөө байгууллага болох төрд ажиллаж, төрийн алба хашиж ард түмний төлөө ажиллах ёстой гэдгээ ч мэдэхгүй сууцгаана.

Тулга тойрсон жижиг зүйл хүсэж амьдарлаа үрдэг хүмүүсийг “жижгүүд” гэж нэрлэж болно. Хүн гэдэг хүслээсээ хамаарч л том эсвэл жижиг байх боломжтой. Хүнийг хэн бэ гэдгийг нь тодорхойлж өгдөг тэр зүйл бол тухайн хүний “хүсэл”.

Мэдээж хүнийг юу хүсэхийг, яаж хүсэхийг хэн ч толгойд нь хийчихээгүй нь ойлгомжтой. Тэр хүний өссөн орчин, аав ээжийн нөлөө зэрэг олон хамтарсан хүчин зүйлүүдийн нийлбэр. Аливаа хүнийг танья гэвэл хүслийг нь эхлээд асуу гэсэн үг бий. Хэрэв хүслийг нь таниагүй бол тухайн хүнийг таниагүй гэсэн үг.

Монголчуудыг танья гэвэл Монголчуудын хүслийг нь л асууж, харах хэрэгтэй. Өнөөдөр Монголын төрд байгаа хүмүүсийг харахаар дүүрэн “жижигхэн” хүмүүс. Энэ хүний биеийн өндөр намын тухай биш харин “жижиг” хүсэлтэй хүмүүсийн тухай л яриад байгааг ойлгож байгаа биз дээ.

Хүн өөрийгөө танъя гэвэл хамгийн түрүүнд өөрийн хүслээ таних хэрэгтэй байдаг.

Миний хүсэл юу вэ? Энэ хүслийн шалтгаан нь юу вэ? Энэхүү хүслийг биелүүлэхэд надад ямар ямар чадвар байх хэрэгтэй вэ гэх мэт асуултуудад хариулж байж л өөрийгөө танина. Хэрэв юу хүсэж байгаагаа мэдэхгүй байгаа хүн өөрийгөө хэн гэдгээ, ганц олдох амьдралдаа юу хийх ёстой вэ гэдгээ мэдээгүй л хүн гэсэн үг.

Хэрэгтэй, хэрэггүй эд зүйл цуглуулж түүнийгээ бусдад гайхуулах нь яг л жаахан хүүхэд шиг. Эсвэл шар айраг ууж, ууланд авирч, дуу дуулж,  ном уншиж, учрыг нь ойлгоогүй байж улс төр эдийн засаг ярих гэж оролдох нь түүнийг хэн гэдгийг нь илтгэнэ. Олон зүйлийг хийж амжуулах гэсэн энэ үйлдэл нь хүний хүсэлтэй хамаатай биш харин дуртай  нь л хамаатай.

Аливаа хүн мэддэг, чаддаг зүйлээл хийх хэрэгтэй. Чадахгүй байж чаддаг юм шиг жүжиглэх, мэдэхгүй байж мэддэг юм шиг жүжиглэх хэрэг байна уу даа.
Аливаа нэг үндэстний хүслийн илэрхийлэл бол тусгаар тогтнол.  Монгол улсын тусгаар тогтнол бол Монгол үндэстний л хүслийн илэрхийлэл юм.

Цаашлаад тусгаар тогтносон улсад хүмүүс чөлөөтэй, шударга, бүгдээрээ хоорондоо тэнцүү амар амгалан, сайн сайхан амьдралаар амьдрах л ганц хүсэлтэй. Мөн аливаа нэг үндэстэн нэр хүндтэй амьдрах хүсэлтэй.

 Аливаа үндэстний хүслийг хэрэгжүүлэхийн тулд хамгийн түрүүнд шинэ мэдлэг, хүчтэй эдийн засаг, амбицтай улс төр шаардлагатай.
Дотроо хэдий их хэмхэлдэнэ тэр чинээгээр гадныханы үдийн зоог болно..,



Монгол Консерватив намын дарга Н.Дашдаваа