sonin.mn

КАБУЛ. /AP/. Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзайн үеэл, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн хоёр хүний нэгнийх нь ойрын холбоотон тус улсын өмнөд нутгийн Хандахар мужид амиа золиослогчийн халдлагад өртөн амь үрэгджээ.

Лалын ариун сар буюу Рамаданы сүүлийн өдөр тэмдэглэдэг “Ид ал-Фитрь” баярыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэхээр гэрт нь  очсон нэг этгээд Хашмат Карзайг өчигдөр хөнөөсөн гэж Афганистаны албаны хүмүүс мэдэгдлээ.

Халдагчийн толгойн боолтондоо нуусан тэсрэх төхөөрөг дэлбэрч, Хашмат Карзай газар дээрээ амьсгал хураажээ. Хашмат Карзай нь Афганистанд байрласан олон улсын цэргүүдийг хариуцсан аюулгүй байдлын компанийн үйл ажиллагааг эрхлэн явуулдаг байсан аж.

Тэрбээр мөн ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Сангийн сайд асан Ашраф Ганийн кампанит ажлыг зохицуулагчаар ажиллаж байжээ.  Гани нь өнгөрсөн зургадугаар сард болсон хоёр дахь шатны сонгуульд өрсөлдсөн хоёр нэр дэвшигчийн нэг юм. Энэ халдлагыг үйлдсэн гэж  ямар нэг бүлэглэл мэдэгдээгүй ч “Талибан”-ыбосогчид холбоотой байж магадгүй гэж цагдаа нар сэжиглэж байна.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг