sonin.mn

АНКАРА./ANADOLU/. Өнгөрсөн онд ОХУ-ын экспортын нийт орлогын 68 хувь нефть, байгалийн хийн борлуулалтаас орж иржээ.

ОХУ-ын Холбооны гаалийн газрын мэдэгдсэнээр, тус улс 2013 онд 356 тэрбум долларын нефть, байгалийн хий борлуулсан байна. Мөн нефть, байгалийн хий  нь тус улсын засгийн газрын нийт орлогын 50 гаруй хувийг бүрдүүлсэн аж.

Европын улсууд, тэдгээрийн дотор Турк улс ОХУ-ын түүхий нефть, нефтийн бүтээгдэхүүн болон байгалийн хийн экспортын дийлэнх хувийг авдаг гэж АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн газар мэдэгдлээ. Дорнод Сибирийн ордуудаас Хятадад 400 тэрбум долларын байгалийн хий нийлүүлэх 30 жилийн гэрээг БНХАУ болон ОХУ саяхан байгуулсан юм. Энэ гэрээ хэрэгжиж эхэлснээр Оросын экспортын орлого улам нэмэгдэх болно.

Гэхдээ Оросын түүхийн нефть, байгалийн хийн экспорт дотоодын хэрэглээнээсээ хамаагүй бага байна. Харин түүхий нефть, байгалийн хийн дотоодын борлуулалт үнийн хувьд экспортынхоос мөн хамаагүй бага байгаа юм. 2013 онд тус улсын байгалийн хий болон түүхий нефтийн дотоодын хэрэглээний борлуулалт 20 тэрбум доллар болжээ.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг