sonin.mn

Монгол Улсын ЭМЯ, Япон Улсын Сисмекс корпораци хоорондын байгуулсан хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Энэхүү хамтын ажиллагааны гэрээнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Сисмекс корпорацийн Тэргүүн дэд захирал ноён Масаёши Хаяши нар гарын үсэг зурав. Ёслолд Япон улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Шимизү Такэнори, Сисмекс корпорацийн гүйцэтгэх захирал Кейжи Фужимото, гүйцэтгэх дэд захирал Кунихиро Фунакоши, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Я.Амаржаргал болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Эрүүл мэндийн яам, Япон улсын Сисмекс корпораци 2008 оны 06 дугаар сарын 02-ны өдөр “Монгол улсад лавлагаа лаборатори, гематологийн чанарын гадаад хяналтын тогтолцоо бүрдүүлэх” чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулсан байдаг. Харин энэ удаа хамтын ажиллагааны гэрээгээ 2014-2017 он хүртэл гурван жилийн хугацаатай шинэчлэн байгууллаа.

Уг ёслолын ажиллагааг нээж эрүүл мэндийн сайд Н.Удвал хэлсэн үгэндээ,  "Манай эрүүл мэндийн салбарын чухал хэсэг болох оношилгоо, шинжилгээний чанарыг сайжруулах , эмч мэргэжилтнүүдийг сургах үйлсэд та бүгдийн оруулж буй хувь нэмэр, хүчин чармайлтыг бид үнэлж, хамтран ажиллаж байгаадаа сэтгэл өндөр байдаг юм. Эмнэлгийн тусламж, нийгмийн эрүүл мэндэд чиглэсэн бүхий л үйл ажиллагааны үр дүн болон үр ашиг нь найдвартай лабораторийн шинжилгээ, оношилгооноос шууд хамааралтай. Энэхүү нотолгоонд суурилсан лабораторийн шинжилгээний чанарыг сайжруулах бидний 2010-2015 оны стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд бидний хамтын ажиллагаа том алхам болно гэдэгт итгэлтэй байна" хэмээн онцоллоо.

Харин Сисмекс корпорацийн Тэргүүн дэд захирал ноён Масаёши Хаяши, "Өнөөдөр лабораторийн чанарын хяналтын системд дэмжлэг үзүүлэх гэрээг дахин гурван жилээр сунгах болсондоо бид баяртай байна. Бидний өнгөрсөн зургаан жилийн хугацаанд хийсэн ажлыг өндрөөр үнэлж байгаад баярлахын зэрэгцээ ирэх гурван жилд  өндөр үүрэг хариуцлагыг хүлээн авч буйгаа мэдэрч байна. Монгол-Япон хоёр орны найрамдалт харилцааг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэг бол бид бүхний бахархал юм" гэв.

Өнгөрсөн хугацаанд чанарын гадаад үнэлгээ явуулсан тухай бүр ЭМЯ, Японы Сисмекс корпорацитай хамтран нийт лабораторийн эмч, мэргэжилтний дунд олон улсын сургалт семинар зохион байгуулан, чанарын гадаад үнэлгээний дүн, тайланг тавьж, хяналтад оролцогсдод гэрчилгээ, үнэлгээний хуудас, чанарын хяналтын гарын авлага ном товхимлуудыг монгол хэлнээ хэвлүүлэн тараасан. Мөн лабораторийн эмч нарт Японы нэр хүндтэй профессоруудыг урьж, сургалт явуулж байгаа нь лабораториудын шинжилгээний чанарыг сайжруулахад ихээхэн түлхэц өгч байгаа юм.

2008 оны долдугаар сард анхны чанарын гадаад үнэлгээг явуулснаас хойш өдгөө гематологийн шинжилгээний 12 дахь, биохимийн 6 дахь удаагийн чанарын гадаад үнэлгээг амжилттай явуулжээ. Чанарын гадаад үнэлгээнд одоогийн байдлаар Улаанбаатар хот, 21 аймгаас улсын болон хувийн хэвшлийн нийт 180 лабораторийг хамруулжээ.

Ж.Болор

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг