sonin.mn
БНСУ-ын Сөүлийн их сургуулийн зүрхний мэс заслын профессор Ким ахлагчтай 11 хүний бүрэлдэхүүнтэй баг энэ сарын 21-26-ны хооронд П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрхний мэс заслын тасагт ажиллалаа. 
 
Багийн бүрэлдэхүүнд хүүхдийн зүрхний мэс засалч хоёр, хүүхдийн зүрх судасны эмч нэг, хагалгааны ба эрчимт эмчилгээний найман сувилагч иржээ. Мэс заслын баг нь Зүрхний төрөлхийн маш хүнд гажигтай нэг сар 23 хоногтойгоос найман сар хүртэлх насны нийт долоон хүүхдэд зүрхний хүнд хэлбэрийн мэс заслын эмчилгээг амжилттай хийлээ.
 
Тодруулбал, хагалгаанд орсон хүүхдүүд ховдол тосгуурын таславч нээлттэй байх гажиг, зүрхний төрөлхийн дөрвөлсөн гажиг, уушгины артерийн атрези, ховдол хоорондын таславчийн цоорхойтой, маш хүнд хэлбэрийн зүрхний хэм алдагдалтай зэрэг оноштой байв.
 
Өнөөдрийн байдлаар хоёр хүүхэд эмнэлгээс гарч, дөрвөн хүүхэд эмчилгээний тасагт, нэг хүүхэд мэс заслын дараах эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.
 
Ж.Болор
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг