sonin.mn
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн 2014 оны 7 дугаар сарын 31-нд болсон хуралдаанаар  хот тохижилт, хог хаягдлын чиглэлээр гарсан хууль, тогтоомжийг сурталчлах, биелэлтийг хангуулах, хяналт  тавих, зөрчил дутагдлыг арилгуулах чиг үүрэг бүхий тохижилт, хог хаягдлын олон нийтийн байцаагч томилон ажиллуулах журмын тухай хэлэлцлээ.
 
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадралын танилцуулснаар, олон нийтийн байцаагч нь нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн тохижилт, цэвэрлэгээ, нийтийн эзэмшлийн тавилга, эд хөрөнгийн арчлалт, хамгаалалт, үерийн хамгаалалтын далан суваг, барилга байгууламжийн засвар, цэвэрлэгээ үйлчилгээнд хяналт тавих, орон сууцны болон гэр хорооллын гудамж, зам талбайд ил задгай хог хаягдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, гарсан зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч ажиллах юм байна.
 
Түүнчлэн нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн эзэмшил, ашиглалтад байгаа орчны 50м хүртэлх нийтийн эдэлбэр газрын тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээг эзэнжүүлэн тогмолжуулахад чухал нөлөө үзүүлнэ гэж үзжээ. 
 
Олон нийтийн байцаагчийн гаргасан тэмдэглэлийг үндэслэн дүүргийн Засаг дарга, эрх бүхий Улсын байцаагч нар зөрчил гаргасан иргэн аж ахуйн нэгжид зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг өгч, үүргийг биелүүлээгүй тохиолдолд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх гэрчилгээ, тугай зөвшөөрлийг цуцлах, инженерийн үйлчилгээ үзүүлэхгүй байхаар дүгнэлт гаргах юм байна.
 
Тохижилт, хог хаягдлын олон нийтийн байцаагчийн цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр сард нэг удаа олгох бөгөөд ажлын гүйцэтгэлээс хамааран урамшуулал олгохоор төлөвлөжээ.
 
Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс тохижилт хог хаягдлын олон нийтийн байцаагчийн цалин хөлс,  урамшуулалыг гаргах боломжтой гэж үзсэн байна.
 
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар энэхүү асуудлыг хэлэлцээд, журмыг нийслэлийн Засаг даргын захирамжаар батлахаар шийдвэрлэлээ гэж Нийслэлийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харицлах хэлтсээс мэдээллээ.