sonin.mn
ШИНЭ-ДЕЛИ. /АР/. Энэтхэгийн баруун нутагт их хэмжээний хөрсний гулсалт үүссэний улмаас 15 хүн амь эрсдэж, 150 гаруй хүн сураггүй болжээ.
 
Энэтхэгийн холбогдох албаны хүмүүсийн хэлснээр, өчигдөр өглөө тус улсын Махараштра мужийн Пуна хотоос хойш 150 км зайтай орших уулын тосгон хөрсний нурангинд дарагдсан байна. 700 орчим хүнтэй тус тосгоны 40 гаруй байшин барилга эвдэрчээ.
 
80 орчим аврагч газар дээр нь очсон ч тус бүсийг хаасан элс, хад чулуу аврах ажиллагаанд саад учруулж байна. Дотоод хэргийн сайд Шри Ражнатыг тус тосгон руу илгээнэ гэж Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди хэллээ.
 
Тус улсын борооны улирал 7-9 дүгээр сарын хооронд үргэлжилдэг. Жил бүр энэ хугацаанд үер ус, хөрсний гулсалтын улмаас олон хүн амиа алддаг юм.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг