sonin.mn

Монгол Улс, ОХУ-ын хамтарсан “Сэлэнгэ 2014” цэргийн хээрийн сургуулийн талаар тус сургуулийн монголын талын удирдагч, ЕЗЦ-ийн командлалын штабын дарга, хурандаа Б.Амгаланбаатараас тодруулга авлаа.

-Энэ сарын 15-18-ны өдрүүдэд Чойбалсан хотод төгсгөлийн шатны төлөвлөлтийн хурал болсон. ОХУ-аас Дорнод цэргийн тойргийн төлөөлөгчид ирж, бидэнтэй хамтран сургуулийн газар оронтой танилцаж, сургууль зохион байгуулахтай холбоотой бүхий л асуудлыг хэлэлцэж тохиролцсон. Өмнөх сургуулиудаас ялгагдах онцлог гэвэл нэгд, хоёр талаас оролцох бүрэлдэхүүний тоо нэмэгдэж байгаа, хоёрт, хамтарсан сургуулийг анх удаа тал хээрийн нөхцөлд явуулна, гуравт, сургуульд хоёр талын нисэхийн ангиуд оролцоно. Түүнчлэн хамтарсан сургуулийн төгсгөлд сургуульд оролцсон бүрэлдэхүүн Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойн баярын арга хэмжээ, цэргийн ёслолын жагсаалд оролцох юм.

Сургуулийн бэлтгэл батлагдсан төлөвлөгөөний дагуу хангагдаж байна. Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн штаб, салбарууд үндсэн бүрэлдэхүүн болж орно. Бусад ангиудаас оролцох, хүн хүч, зэвсэг, техникийн гурван цуваа Улаанбаатараас сургуулийн газар орон руу марш үйлдээд байна. Сургуулийн хээрийн лагерилалт ”Мөнх хэт” сургуулийн төвд төвлөрч байгаа.