sonin.mn
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн эхний ээлжинд хамрагдаж буй залуусын хичээл, сургалт, амьдарч буй орчин нөхцөлтэй танилцаж, сурвалжлахаар 10 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчид Алтанбулаг дахь сургалтын төвийг зорилоо.
 
Сэтгүүлчдийг очиход амьд гарах арга ухаан, галын бэлтгэлийн хичээл ид явагдаж байв. Хичээлийн явцтай танилцаж, оюутан-цэргүүдийн буудах, хөл тавин алхахыг харсан сэтгүүлчид “Хоёрхон сарын дотор ийм “мундаг” болчихож байгаа юмуу” гэж итгэж ядан бас хүүгээ, дүүгээ, эрчүүд нь өөрсдөө ч оюутан цэрэг болох тухай яриа өрнүүлэв.
 
Тэд сонирхсон асуултаа цэргүүдээс асууж, “манай хэд” ч товхийтэл хариулж байлаа. Өмнөх дугаартаа оюутан цэргүүдийнхээ тухай дэлгэрэнгүй сурвалжлагыг хүргэсэн болохоор энэ удаа сэтгүүлчдээс уг хөтөлбөрийн талаарх сэтгэгдлийг нь хуваалцсан юм.
 
Оюутан байсан бол хамгийн түрүүнд ирэх байлаа
 
“Оллоо.mn” сайтын сэтгүүлч Л.ТАМИР:
-“Оюутан-цэрэг” хөтөлбөр бол залуусын хувьд алдаж болохгүй боломж. Оюутан болоод, төгсөөд ажил дээр гараад, за тэгээд гэр бүл, үр хүүхэд гээд цэргийн алба хаахад хүндрэлтэй зүйл олон. Харин оюутан байх хугацаанд алба хаах боломж олдоно гэдэг олзуурхууштай.
 
Миний үед ийм хөтөлбөр хэрэгжсэн бол хамгийн түрүүнд явах байлаа. Сургалт, орчин нөхцөл, хоол унд гээд бүх зүйлтэй нь танилцсан. Сэтгэл хангалуун байна. Залуус минь ч их зүйл сурсан нь илт, зааж сургаж байгаа бие бүрэлдэхүүнд ч талархаж буйгаа илэрхийлж амжилт хүсье.
 
Цэргийн ангийн үйл ажиллагаатай танилцуулбал…
 
“Эх орон” телевизийн сэтгүүлч Э.МӨНХ-ЭРДЭНЭ:
-“Хоёрхон сарын дотор их зүйл сурсан хөрслөг бор эрчүүд болсон байна. Би хувьдаа уг хөтөлбөрийг нүдээ олсон арга хэмжээ гэж талархан хүлээж авч байгаа. Гэхдээ хугацааны хувьд жаахан бага санагдлаа. Мөн нэг сарын хугацаанд ч юмуу цэргийн ангид байрлуулж үйл ажиллагаа, дүрэм журам гээд анги, байгууллагатай танилцуулбал илүү үр өгөөжтэй байх болов уу.
 
Мөн дан ганц l гэлтгүй, ахлах болон төгсөх дамжааны оюутнуудыг хамруулаасай, тэд ч бас үүнийг хүсч хүлээж байгаа гэж бодож байна. Бас хамгийн дотно санагдсан зүйл бол дүрэмт хувцас байлаа. “Жинхэнэ цэргүүд” л гэж хэлмээр байна.
 
 
Хүүгээ явуулмаар байна
 
“Үндэсний шуудан” сонины сэтгүүлч М.АЛТАНЦЭЦЭГ:
-Охид шиг хөвгүүд олширсон одоо цагт хамгийн зөв зүйл бол яах аргагүй “Оюутан-цэрэг” хөтөлбөр. Биечлэн танилцаад энэ бодол бүр лавширч байна. Залуус маань бие бялдар, ёс суртахуун, хүмүүжил, эх оронч үзэл гээд маш олон зүйлийг сурч мэдэж чадна гэдэг нь тэдэнтэй ярилцахад л илт байна.
 
Халагдаж очоод үе тэнгийн залуусаасаа ямарч тохиолдолд илүүрхэнэ шүү дээ. Хэрийн хүйтэнд ханиад томуу хүрээд байхгүй, хэр баргийн үгэнд эмзэглээд байхааргүй эрчүүд болсон гэхэд эргэлзэхгүй. Би ч гэсэн оюутан хүүтэй. Ийш нь л явуулмаар санагдлаа. Гэхдээ хөтөлбөрийг улам боловсронгуй болгож, иргэдэд мэдээллийг сайн хүргэх хэрэгтэй.
 
Эх оронч үзлийг эндээс олж авна
 
“Айст монголия” телевизийн сэтгүүлч Б.ДЭНСМАА:
-“Оюутан-цэрэг” хөтөлбөр залууст төдийгүй нийгэмд эергээр нөлөөлөх ач холбогдолтой. Цэргийн эрдэмд суралцахаас гадна бие хүн болон төлөвшиж, нийгэмд байр сууриа эзэлж, амьдралд хөлөө олоход нь их түлхэц болох байх. Одоо энэ залуусыг гаднаас нь харахад л үеийнхнээсээ эрс ялгарч байгаа биз дээ.
 
Хэд хэдэн цэрэгтэй ярилцаж үзлээ, хэлж ярьж буй нь цэгцтэй, өөрсдөө ч сэтгэл хангалуун байгаа нь ажиглагдлаа. Эднийг харсан, өөрчлөлтийг мэдэрсэн үе тэнгийнхэн нь ч нэгийг бодож хоёрыг тунгаана гэдэг нь эргэлзээгүй.
 
Хамгийн гол зүйл бол бидний ярих дуртай эх оронч үзэл, хүмүүжлийн суурь энд л тавигдаж эх орон, тусгаар тогтнол, эрх чөлөөний үнэ цэнийг илүү их ойлгож мэдэрч байгаа нь олзуурхууштай. Аль болох олон залуусыг хамруулах юмсан.
 
 
Ахмад Х.ГАНЗУЛ