sonin.mn

Монгол Улсын засгийн газраас мэдээллийн технологи хурдацтай хөгжиж буй өнөө үетэйгээ хөл нийлүүлж, иргэддээ хурдан шуурхай төрийн үйлчилгээг хүргэх зорилготойгоор "ТҮЦ машин"-ыг нэвтрүүлсэн.

Энэхүү ТҮЦ машинаар дамжуулан иргэд 10 гаруй төрлийн төрийн үйлчилгээг авч байгаагаас төрсний бүртгэлийн, иргэний үнэмлэхийн, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлт цуцлалтын, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа болон эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн, хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа  зэрэг улсын бүртгэлийн 20 төрлийн үйлчилгээг авч байна.

Тухайлбал, хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй эсэх  лавлагааг авахын тулд иргэн 5000 төгрөг төлж ажлын 7 хоног зарцуулдаг байсан бол одоо бусад лавлагааны адил хурууны хээгээ уншуулан үйлчилгээний хураамж 1000 төгрөгийг төлөөд шууд авч байна.

Түүнчлэн хаяж, үрэгдүүлсэн цахим үнэмлэхээ хороондоо  биечлэн очиж хүсэлтээ гаргахын зэрэгцээ төлбөр хураамжаа банкинд тушаадаг байсан бол одоо ТҮЦ машинаар дамжуулан захиалаад зогсохгүй аль ч банкны картаар төлбөр тооцоогоо хийх боломжтой болсон. Энэ нь иргэдийн цаг зав болоод эдийн засгийг хэмнэж байгаагаараа ихээхэн давуу талтай.

Өнгөрсөн хугацаанд ТҮЦ машинаар дамжуулан өнөөдрийн байдлаар 442 мянга 308 иргэн үйлчлүүлсэнээс хамгийн их нь буюу 221 мянга гаруй иргэн иргэний үнэмлэхийн лавлагаа авсан байна.

Ч.Ариунболд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг