sonin.mn

“Хичээлийн шинэ жил-2014” үзэсгэлэн худалдаа Улсын драмын эрдмийн театрын өмнөх талбайд үргэлжилж байна.

Үзэсгэлэн худалдааны ерөнхий зохион байгуулагчаар “Global event” компани, хамтран зохион байгуулагч, ивээн тэтгэгчээр “Скайтел” групп, Сүхбаатар дүүргийн ЗДТГ, Монголын оюутны холбоо, Худалдаа аж үйлдвэрийн танхим ажиллаж байна.

Нэгдсэн үзэсгэлэн худалдаанд Монголын оюутны холбоо, Скай их дэлгүүрийн бичиг хэргийн тасаг, Интерном, Сурагчийн дүрэмт хувцасны албан ёсны үйлдвэрүүд, Оффис Малл бичиг хэргийн төрөлжсөн дэлгүүр, Хөөндий сурагчийн цүнхний үйлдвэр зэрэг үндэсний үйлдвэрлэгч 50 гаруй аж ахуйн нэгж, компаниуд оролцож байгаа юм. Мөн их, дээд сургууль, дунд сургууль, цэцэрлэг, зуучлалын төвүүд үйл ажиллагаагаа сурталчлан  таниулж байна.

“Эх орон шингэсэн эрдмийн дүрэмт хувцас”-ны үнийн хувьд бага ангийн эрэгтэй сурагчийн дүрэмт хувцасны иж бүрдэл 79856 төгрөг бол охидын иж бүрдэл 58030, дунд ангийн хөвгүүдийнх 97916, охидынх 95144 төгрөг бол ахлах ангийн хөвгүүдэд зориулсан бүрэн хэрэглэл 130616, охидынх 120771 төгрөгийн үнэтэй байна. Энэ жилийн хувьд өнгөрсөн жил 9900 төгрөгийн үнэтэй байсан эмэгтэй хүүхдийн цэнхэр даавуун цамц 14500 төгрөг болж үнэ нь нэмэгджээ.

Энэхүү дүрэмт хувцас нь Монгол орны цаг агаар, уур амьсгалын нөхцөлд тохирсон, үндсэн болон нэмэлт иж бүрдлийг сонгох боломжтой, хүүхдийн биеийн онцлог, хөдөлгөөн, биеийн өсөлт, хөгжилтөд саад болохгүй хийцийг сонгосон, золбоолог, цэвэр цэмцгэр, жавхаалаг харагдуулах дизайнтай гэдгээрээ онцлог аж.

Мөн хичээлийн цүнх 25-50 мянга, Улаанбаатар принт үйлдвэрийн 12 хуудастай дөрвөлжин болон тууш хуудастай дэвтэр нэг ширхэг нь 180 төгрөг, бал 500-2000, номын тавиур 5500, өнгийн харандаа 2500-6000, баримлын шавар 3500-5000 төгрөгийн үнэ ханштай байна.

Хичээлийн хэрэгслийн үнэ өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал бага зэрэг өссөн байгааг худалдан авагчид хэлж байлаа. Өргөтгөсөн худалдаа энэ сарын 31-нийг хүртэл өглөөний 10:00 цагаас оройн 19:00 цагийн хооронд үргэлжилнэ.

Ж.Болор

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг