sonin.mn

КИЕВ. /Ukrinform/. Манай улс таван жилийн дотор Европын Холбоонд нэгдэхэд шаардлагатай бүх шинэчлэлтийг хэрэгжүүлж, ЕХ-нд нэгдэхэд бэлэн болно гэж Украины Дээд радагийн дарга Александер Турчинов мэдэгдлээ.

Балтын тэнгисийн бүс нутгийн улсуудын мэдээллийн агентлаг “BNS”-т Украины парламентын дарга ингэж мэдэгдсэн аж. “Бид ЕХ-нд нэгдэхийн тулд таван жилийн төлөвлөгөө гаргасан” гэж Турчиновын хэлснийг Украины Дээд радагийн хэвлэл, мэдээллийн алба иш татан мэдээлсэн юм.

“Украин улс ЕХ болон НАТО-гийн гишүүн болох хэрэгтэй. Ингэх нь ОХУ-ын түрэмгий хүсэл эрмэлзлэлийг дарах найдвартай баталгаа болох болно” гэж Турчинов хэлсэн байна. Украины Дээд радагийн дарга Александер Турчинов энэ сарын 17-19-нд Литвийн Паланга хотод болсон Скандинавын хойг болон Балтын тэнгисийн бүс нутгийн улсуудын парламентын дарга нарын бага хуралд оролцжээ.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг