sonin.mn
Монголын улстөр зуны урт амралтаа эдэлсэн энэ л үед төрийн ордон хоосорч, эрхэм улстөрчид маань өвөл, хаврынхаа ядаргааг тайлсан шиг тив алгасан нисч, зарим нэг нь Макао, Сөүлийн ка­зинод алтан шооны нү­хээр азаа үзэж яваа.
 
Лав л саяхан АН-ын хэдэн сайн эр Сөүлийн казинод хүчээ үзэж яваа тухай тэнд амьдардаг монголчууд жиргэсэн байна лээ. Харин тэдгээр сайн эрчүүд хэний мөнгөөр сохор азаа үзэж, алдаж асгаж яваа нь жичдээ асуудал билээ.
 
Нам нэгтэй казиночид нь Сөүлд аз сорьж явахад Эрүү­гийн хуулийн 273,150 дугаар зүйл ангийн дагуу хоёр сараар баривчлагдаад байгаа Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх Төв аймгийн хорихоос УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатад за­хидал илгээж, орчин ца­гийн их хэл­мэг­дүү­лэл­тэд өртөн ба­раг л улстөрийн хоригдол болчихоод байгаагаа барин тавин нотлохыг оролдоод сууж байна.
 
Уг нь тонныг нь 20500-аар зардаг байсан Багануурын уур­хай нүүрсийг шигшиж ялгаад 27500-аар авч уурхайд бага­гүй ашиг оруулсан тэ­рээр улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан нэр дуулж хоригдож суугаа. 
 
Монголын улстөр амарч байх хойгуур УИХ-ын гишүүн О.Баасанхүүг хөлдөө чирж, нэгэн эмэгтэй энэ өдрүүдийн гол дүрийн жүжигчин болчихоод байна. Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг золигт гаргачих дөхсөн Г.Сарангэрэл гэгч улс­төрчдөөс хатуухан хариу авахаар эргэлт буцалтгүй шийдсэн бололтой юм.
 
УИХ-ын гишүүн О.Баасанхүү Г.Сарангэрэлийн хэргийг шүүхээр шийдээ­гүй бай­хад “хар тамхичин, биеэ үнэлэгч” зэргээр олон ний­тийн хэрэгслээр нийтэд тараасан нүгэлтэн болж 10 тэрбумын өрөнд орчихоод байгаа. 
 
Хамгийн сонирхолтой нь “УИХ-ын ги­­шүүнээс 10 тэрбум биш юм гэхэд 100 саяыг салгаж л таараа” гэж тооцоолсон Г.Сарангэрэл нь амьжиргааны түвшин доо­­гуур учир тэмдэгтийн ху­раамж 100 сая төгрөгөөс чө­лөөлөгдчихдөг юм байна. 
 
Хар тамхины хэргээр анхан шат­ны шүүхээс 1.6 жилийн хорих ял сонссон Г.Сарангэрэл УИХ-ын ги­шүүн О.Баасан­хүүгээс 10 тэрбум төгрөг нэхэмж­лэхээр Дүүргийн Иргэний хэргийн нэгдүгээр шүүхэд хандсанаар тухайн мөнгөн дүнгийн 10 хувийг тэм­дэгтийн хураамж болгон төлөх ёстой.
 
Энэ дагуу Г.Сарангэрэл 100 сая төгрөг тэм­дэгтийн хураамж болгон төлөх байсан ч шүүхээс Г.Сарангэрэлийг тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн байна. 
 
Г.Сарангэрэлийн өмгөө­лөгч Г.Батбаяр шүүхэд Г.Сарангэрэл нь амь­жиргааны түв­­шин доо­гуур, тодорхой эрхэлсэн ажил­гүй, тэтгэвэрт байх хөгшин эцэг эхийн хамт амь­дардаг.
 
Тиймээс УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс нэхэм­жилсэн иргэний нэ­хэмжлэлд улсын тэм­дэгтийн хураамжид төлөх төлбөрийн чадваргүй учир чө­лөөлж өгнө үү гэх хүсэлт гар­гаснаар Сонгино­хайрхан дүүр­гийн 16 дугаар хорооны Засаг дарга Зулцэцэг Г.Саран­гэрэлийг амьжир­гааны түвшин доогуур гэсэн тодорхойлолт гарган өгч шүүх тэмдэгтийн ху­раамжаас чөлөөлжээ. 
 
Гурван шатны шүүх хар тамхи хэ­рэглэснийг нь тогтоож 1.6 жилийн ял оноо­сон Г.Сарангэрэл Монголд анх удаа бус­даас 10 тэрбум төгрөгийн торгууль нэ­хэмжилж дээд амжилт тогтоочихлоо. 
 
Хэдийгээр хар тамхи хэрэглэж ялтан болсон ч УИХ-ын гишүүнээс 10 тэрбум төгрөг нэхэмжлэх эрхтэй гэж өмгөөлөгч нь үзэж л дээ. За даа, Монголд бүх л юм болно доо. Болж бүтдэгийн хамгийн энгийн жишээ гэвэл Г.Сарангэрэл, О.Баасанхүү хоёрын энэхүү дуэль биш гэж үү. 
 
Харин УИХ-ын гишүүний цалин амьдралд нь хүрэлцэхгүй байгаа талаар гомдол гаргаж байсан О.Баасанхүү гишүүн 10 тэрбумын дороос хэрхэн мултрах нь одоохондоо то­дорхойгүй л байна. Гэхдээ яаж ийгээд мултрах л байлгүй дээ. Монголд болно, болно болохгүй юм гэж байхгүй. 
 
 
Эх сурвалж: