sonin.mn
БНХАУ-ын дарга Си Зиньпиний манай улсад дээд хэмжээний айлчлал маргаашаас эхэлнэ.  Айлчлал хоёр өдөр үргэлжлэх юм. Талууд гэрээ хэлэлцээр хийхээс гадна түүнд зориулсан Бэсрэг наадам зохион байгуулж байна.
 
Си Зиньпинийг хууль тогтоох байгууллага, шинэчлэлийн хорооны төлөөлөгчид, сайд нар дагалдаж яваа гэнэ. Харин бизнесийн хүрээнийхэн айлчлалын бүрэлдэхүүнд төдийлөн багтаагүй талаар эх сурвалж хэллээ.
 
Айлчлалын хүрээнд стратегийн түншлэлийн харилцаагаа иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа болгон өргөжүүлэх, хоёр орны аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, дамжин өнгөрөх тээвэр, төмөр замын харилцаа, далайн боомттой холбоотой хоёр орны Засгийн газар хоорондын болон дэд бүтцийн асуудлаар том ахиц дэвшил гарна гэв.
 
Мөн олон талт хамтын ажиллагааны агуулга, хэлбэрийг баяжуулах, эрчим хүчний үйлдвэрлэл, нүүрс болон ашигт малтмалын салбар, дэд бүтэц, соёл, хүмүүнлэгийн салбарын чиглэлээр тодорхой гэрээ, хэлэлцээрүүд хийнэ.
 
Аюулгүй байдлын хамтын ажиллагааны талаар тодорхой баримт бичигт гарын үсэг зурахаас гадна хоёр орны хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг харилцан ашигтайгаар шинэ шатанд гаргах зэрэг олон асуудлаар гэрээ, хэлэлцээр хийх бололтой. Дашрамд сонирхуулахад БНХАУ-ын даргын айлчлалыг МҮОНРТ, ТВ-5 зэрэг таван телевиз шууд дамжуулах юм байна.
 
Ц.Батболд
 
Эх сурвалж: