sonin.mn

Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн "Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног" дуусаад байна. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн тэргүүтэй олон улс төрч энэ 100 хоног гэгч нь ердөө л цаг хугацаа хожсон төдий зүйл байсан тухай өгүүлж буй.


Мөн сүүлийн үед УИХ-ын дарга З.Энхболд, МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд  нар дараагийн Засгийн газрыг хамтарч байгуулах тохироонд хэдийн хүрсэн тухай эх сурвалжууд өгүүлж эхлээд байна.
Ерөнхий сайдаар З.Энхболд, шадар сайд буюу Эдийн Засгийн Хөгжлийн сайдаар Р.Амаржаргал ажиллах нь бараг тодорхой болсон гэх.
Харин шинээр байгуулагдах Засгийн газрын 40 хувь нь МАН-ын гишүүдээс бүрдэх аж.
Тэгвэл дээрх 40 хувьд хэн хэн багтах тухай яриа ч МАН-ын Тусгаар Тогтнолын Ордноор яригдаж эхэлжээ.
Засгийн газрын сайдаар томилогдох улс төрчдийн дийлэнхи нь М.Энхболдын хүмүүс байх гэнэ.
Тодруулбал Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн сайдаар Т.Бадамжунай, Эрүүл Мэндийн сайдаар Ц.Цогзолмаа, Барилга, Хот байгуулалтын сайдаар Ц.Сандуй, Боловсрол Шинжлэх Ухааны сайдаар Т.Гантулга ажиллахаар яригдаж буй юм байна.
Шинэ Засгийн газар УИХ-ын намрын чуулган нээгдсэнээс хойш буюу 2014 оны 11 сард багтан байгуулагдах бололтой.

Л.Ганзориг