sonin.mn
2014-2015 оны хичээлийн жилд шинээр хэвлэх шаардлагатай бүх сурах бичгийг хэвлэн нийлүүлэх ажил дуусах шатандаа оржээ.
 
Өнөөдрийн байдлаар сурах бичгийг хэвлэн нийлүүлэх ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө бүх сурах бичгийг бүрэн  нийлүүлэх юм байна.Засгийн газрын 2009 оны 28 дугаар тэмдэглэлийн дагуу төрөөс бага ангиийн сурагчдын 100 хувь, дунд, ахлах ангийн сурагчдын 40 хувьд сурах бичгийг үнэ төлбөргүйгээр, сургуулийн номын сангаар дамжуулан олгож байна.
 
Энэ хичээлийн жилд ЕБС-ийн 95 нэрийн 2 148 661 ширхэг сурах бичиг, 65 нэрийн 100 431 ширхэг багшийн ном тус тус хэвлэх юм. Бага ангийн бүх сурах бичгийг багшийн номын хамт шинээр зохиож, хэвлэн нийлүүлж байгаагаараа энэ жилийн  сурах бичиг ханган нийлүүлэлт онцлогтой.
 
Зах зээлд борлуулах сурах бичгийн дундаж үнэ 2820 төгрөг байна. Өнгөрсөн жилүүдэд хэвлэгдсэн сурах бичгүүд энэ онд хуучин үнээрээ борлуулагдах юм. Сурах бичгүүд энэ сарын 20-ноос эхлэн худалдаанд гарна.
 
Эдгээр сурах бичгийг худалдан борлуулах цэгийн байршил болон худалдах үнэтэй холбоотой мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэх аж.
 
Энэ онд шинээр хэвлэж буй ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийг Монгол Улсын үндэсний үйлдвэрлэгч “Соёмбо принтинг” ХХК, “Бит пресс” ХХК, “Мөнхийн-Үсэг” ХХК, “Адмон принт” ХХК, “Сод пресс” ХХК, “Би Си Ай” ХХК, “Тэнгэрлэг-Үсэг” ХХК, “Сэлэнгэ пресс” ХХК, “Өнгөт хэвлэл” ХХК, “Таван богд” ХХК, “Экимто” ХХК зэрэг хэвлэлийн үйлдвэрүүд хэвлэж байгаа юм.
 
Ж.Болор
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг