sonin.mn

МОСКВА. /ВВС/. Өрнөдийн улсуудаас хүнсний бүтээгдэхүүн импортлохыг хориглосонтой холбоотойгоор гарч байгаа нөлөөг бууруулах арга хэмжээнүүдийг ОХУ авч байна.

Украины хямралтай холбогдуулан улсад нь хориг арга хэмжээ авсны хариуд АНУ, Европын Холбоо, Австрали болон бусад олон тооны улсаас хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний бүтээгдэхүүн импортлохыг нэг жилээр хориглох  шийдвэрийг энэ сарын 7-нд ОХУ гаргасан юм.

Хөрш Беларусь болон Казахстанд боловсруулсан өрнөдийн бүтээгдэхүүнийг импортлохыг зөвшөөрнө гэж Оросын Шадар сайд Аркадий Дворкович засгийн газрын сайд нартаа мэдэгджээ. Тус хоёр улс болон ОХУ нь татваргүй Гаалийн холбооны гишүүн билээ.

Мөн Чили, Бразил болон Азийн улсууд, тэдгээрийн дотор, Вьетнамаас импортлох жимс жимсгэнэ, хүнсний ногоо, загасны хэмжээгээ нэмэхээр ОХУ төлөвлөж байна.

Өрнөдийн хориг арга хэмжээний хариуд тавьсан улсынх нь хоригтой холбоотойгоор өвөл болох дөхөж буй энэ үед хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөж болзошгүй гэж оросуудын олонх эмээж байгаа юм. Сүүлийн арга хэмжээнүүдээр дамжуулан хүнсний үнийг өсгөхгүй байхыг ОХУ-ын Засгийн газар зорьж байгаа нь илэрхий байна.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг