sonin.mn
МЕХИКО./ИТАР-ТАСС/. Эквадорын Ерөнхийлөгч Рафаэль Корреа “Wikileaks” цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанжид орогнох эрх олгох шийдвэрээ гаргаснаа нотолсон байна. Ассанж Их Британийн Лондон хот дахь Эквадорын Элчин сайдын яаманд хоёр жилийн турш хоргодож байгаа билээ.
 
“Хэрвээ Их Британийн эрх баригчид Ассанжид тус улсаас гарах зөвшөөрөл олговол түүний байдал маргааш гэхэд шийдэгдэнэ” гэж Рафаэль Корреагийн хэлснийг Эквадорын “Notimex” сонинд бичжээ. Тэрбээр дээрх мэдэгдлийг Гватемал улсад айлчлал хийх үеэрээ хийсэн байна.
 
Элчин сайдын яамыг удахгүй орхино гэж өдгөө 43 настай Ассанж даваа гарагт Лондон дахь Эквадорын дипломат төлөөлөгчийн газарт болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн юм.
 
2012 оны зун Британийн шүүхээс Ассанжийг бэлгийн хүчирхийллийн хэрэгт сэжиглэж байгаа Шведэд шилжүүлэн өгөх шийдвэр гаргасан билээ. Хэрэв түүнийг Шведэд шилжүүлэн өгсөн тохиолдол АНУ-ын талд өгнө гэж тэрбээр үзэж байгаа аж. АНУ-д түүнийг “Wikileaks” цахим хуудсанд нууц материал нийтэлсэн хэрэгт буруутгаж байгаа юм.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг