Сумдын ой, шинэ гэрийн найр, шинэ хос хурим гээд наадмын эхний өдрөөс ажин түжинд автсан төрийн ордон, Монголын улстөрийг өмнөд хөршийн төрийн тэргүүний албан ёсны айлчлал амь оруулж, чих баясгахуйц гэрээ хэлцлүүдийн сураг дуулдаж эхэллээ.
Төрийн ордонд улстөрчдөөс илүүтэй Төрийн ёслол хүндэтгэлийн алба, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яамны Консулын газар, Ерөнхийлөгчийн хэвлэл, мэдээллийн албаны ажилтнууд сандруухан гүйлдэж, чиглэл чиглэлийнхээ ажлыг хөөцөлдөөд өчигдөр чухам завгүй өнжсөн.
Эрх баригч АН-ын гишүүдээс БШУ-ны сайд Л.Гантөмөр, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, М.Зоригт, Б.Гарамгайбаатар нарын цөөхөн гишүүн орж гарч яваа үзэгдсэн бол сөрөг хүчний бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар нар Японы парламентын доод танхимын гишүүдтэй уулзаж харагдсан.
“Ажил муутай албан газар шалгалт ирэхээр сандардаг” гэгчээр ордны үйлчлэгч, хамгаалалтын албаныхан л ажилчин шоргоолж шиг чөлөө завгүй бужигналдаж байсан бол УИХ-ын хуралдааны танхимын техник хэрэгслийг солонгос мэргэжилтнүүд шинэчлэн суурилуулж, түүнийгээ монголчуудад зааварчилж, хааяа нэг чанга дуугарах нь сонирхолтой л харагдаж байна лээ.
Дэлхийд хоёрдугаарт ордог эдийн засагтай БНХАУ-ын дарга Си Зиньпин өмнөх дарга Ху Жинтаогийн айлчлалаас хойш 11 жилийн дараа Монгол Улсад албан ёсны найрсаг айлчлал хийхээр өнөөдөр өглөө Улаанбаатарт хөл тавиад байгаа.
БНХАУ-ын дарга Си Зиньпинийг дагалдан тус улсын удирдлагын жолоог атгасан Коммунист намын Улстөрийн товчооны хоёр ч гишүүн ирсэн дуулдана. Дэлхийн хамгийн олон гишүүнтэй, хамгийн том нам болох БНХАУ-ын Коммунист намын Улстөрийн товчоо есөн хүнээс бүрддэг. Тэд тус улсын сургуулиудад ямар хичээл заахаас эхлээд гадаад бодлого тодорхойлох гэх мэт бүх бүхий л асуудлыг эцэслэн шийддэг, маш их эрх мэдэлтэй.
Мөн Гадаад харилцааны сайд Ван И, Шинэчлэлийн хорооны дарга болон 80 орчим хүний бүрэлдэхүүнтэй хэвлэлийн баг ирсэн. Тэдний 32 нь инженер техникийн ажилтнууд, үлдсэн нь сэтгүүлчид гэсэн.
Дашрамд сонирхуулахад, Си Зиньпин дарга ажлаа аваад анхныхаа төрийн айлчлалыг ОХУ-аас эхлүүлэхэд дагалдан явж даян дэлхийд БНХАУ-ын үе үеийн удирдагчдын албан ёсны айлчлалд эхнэрүүдээ төдийлөн ил гаргадаггүй хуучин уламжлалыг зоригтой эвдсэн тэргүүн хатагтай, хошууч генерал, Цэргийн ансамблийн гоцлол дуучин асан Пэн Лиюан иржээ.
Энэ онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65, Найрсаг харилцаа, Хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байгаа. Өчигдөрхөн Монголын улстөр төдийгүй Улаанбаатарын амьдрал ч ажин түжин байсан бол өнөөдөр гудамжаар дүүрэн цагдаа ярайж, замын хөдөлгөөнийг хязгаарлан амьдрал жинхэнэ буцалж байна. Арга ч үгүй юм.
Өнөөдөр Монгол Улсад бүртгэлтэй гадаадын хөрөнгө оруулалт бүхий аж ахуйн нэгжүүдийн 50 хувь, нийт хөрөнгө оруулалтын 49 хувь нь БНХАУ-д ногдож, гадаадын хөрөнгө оруулалтыг сүүлийн 14 жил тэргүүлсээр байгаа билээ. Түүнчлэн байнгын ажиллагаатай зургаа, улирлын шинж чанартай долоо, нийт 13 хилийн боомтоор манай хоёр улс худалдаа арилжаагаа явуулдаг. Өнгөрсөн оны эхний арван сарын байдлаар Монгол, БНХАУ-ын хоорондын худалдаа 4498.7 сая ам.долларт хүрсэн нь манай нийт экспортын 91.4 хувь, импортын 30 хувь нь болж байгаа юм.
Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар АН, МАН-ын аль нь ч үнэмлэхүй ялалт байгуулж чадалгүй сонгогчдоос 45,40 хувийн санал авснаар өнөөдөр Монгол Улсын эдийн засгийг элгээр нь хэвтүүлчихээд байгаа шинэчлэлийн гэгдэх хамтарсан Засгийн газар байгуулагдах нөхцөлийг бүрдүүлсэн билээ. Шинэчлэлийн Засгийн газар хоёрхон жилийн дотор өнгөрсөн 20 жилийнхтэй ойролцоо буюу 2.2 тэрбум ам.долларын өр зээл тавьчихаад сууж буй.
Хамгийн олон яам байгуулж, төрийг жинхэнэ утгаар нь данхайлгасан одоогийн эрх баригчдын “аргаа барсан” гэж хэлж болохуйц “ЭЗЭН-100” буюу эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн ажил олигтой үр дүнд хүрэлгүй шувтарсан. Ийм л тун эгзэгтэй цаг үед БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад хөл тавилаа.
Си Зиньпин дарга ганзага хоосон ирээгүй нь тодорхой. Урьд өмнө сонсогдож байгаагүй их хэмжээний буцалтгүй тусламж, өр зээлийн гэрээ хэлцэл дуулдаж эхлээд байна. Зарим эх сурвалж Си Зиньпин даргын богцолж ирсэн мөнгөний дүнг 10 тэрбум ам.доллар гэх нь хуурай өвсөнд авалцсан гал шиг л хүрээгээ тэлэв.
Яг өнөөдрийн хувьд өчигдөр нам жим байсан Монголын улстөр амь орж, их мөнгөний сургаар “тамын тогооны үлгэр”-ээ эхэлчихсэн дуулдана. Тун удахгүй засгаа унагаж, дахин бялуу хуваах ажиллагаа энэ өдрүүдэд чимээгүйхэн хийхэн хийх гэж буй сурагтай. БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлалтай холбогдуулан УИХ баасан гарагт хүндэтгэлийн хуралдаан хийнэ. Манай улстөрчид малилзтал инээсээр эв найрамдлын “жүжгээ” тоглох бизээ. Харин дараа нь засгаа унагах нь тодорхой болоод байгаа аж.
Төрийн ордны хонгилоор тэнүүчилж яваа сэм яриа, тохиролцоонуудаас хамгийн хэрэгжих магадлалтай нь УИХ-ын дарга З.Энхболд, МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд нар дараагийн Засгийн газрыг хамтарч байгуулах тохироонд хэдийнэ хүрсэн тухай шуугиан.
Ерөнхий сайдаар З.Энхболд, Шадар сайд буюу Эдийн засгийн хөгжлийн сайдаар Р.Амаржаргал ажиллах нь бараггүй юм байх.
Харин шинээр байгуулагдах Засгийн газрын 40 хувь нь МАН-ын гишүүдээс бүрдэх гэнэ. Тэгвэл дээрх 40 хувьд хэн хэн багтах тухай яриа ч МАН-ын Тусгаар тогтнолын ордноор яригдаж эхэлжээ. Засгийн газрын сайдаар томилогдох улстөрчдийн дийлэнх нь М.Энхболдын хүмүүс байх аж.
Тодруулбал, Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн сайдаар МАН-ын гол санхүүжүүлэгч гэгддэг өнөөх Т.Бадамжунай, Эрүүл Мэндийн сайдаар Ц.Цогзолмаа, Барилга, Хот байгуулалтын сайдаар Ц.Сандуй, Боловсрол Шинжлэх Ухааны сайдаар Т.Гантулга гэгч томилогдохоор яригдаж байгаа сурагтай.
Харин шинэ Засгийн газар УИХ-ын намрын чуулган нээгдсэнээс хойш буюу 2014 оны арваннэгдүгээр сард багтан байгуулагдана гэдгийг талууд үндсэндээ харилцан ойлголцсон бололтой.
БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлалыг дагах найдлага сүүмэлзүүлсэн нам жимийн цаана Монголын улстөрд иймэрхүү бужигнаан тун удахгүй өрнөж эхлэх нь тодорхой болоод байна. Гэхдээ одоохондоо их тулааны өмнөх сэтгэл эмзэглүүлсэн нам гүм хараахан бүрмөсөн сарниж алга болоогүй л байна.
Д.Энхтүвшин
Эх сурвалж:
Сэтгэгдэл0