sonin.mn

УЛААНБААТАР. /RIA Novosti/. Монголын “Улаанбаатар төмөр зам” (УБТЗ) компанийн ачаа тээврийн үнийг индексжүүлэх асуудлыг улсынхаа эдийн засгийн байдалтай уялдуулан шат дараатайгаар шийднэ гэж тус улсын Зам, тээврийн сайд А.Гансүх мэдэгджээ.

УБТЗ компанийн хувьцааны 50 хувийг Оросын тал эзэмшдэг.  Тус компанийг 2009 оны арванхоёрдугаар сараас эхлэн “Оросын төмөр замууд” (“ОТЗ”) компани удирдаж байгаа юм. Ачаа тээврийн тарифыг доод тал нь инфляцийн түвшинтэй уялдуулан индексжүүлэх, тэрчлэн хөгжлийн сан байгуулах асуудлыг хэлэлцэх хэрэгтэй байна гэж УБТЗ-ын Ерөнхий хорооны дарга, “ОТЗ” компанийн тэргүүн дэд захирал Вадим Морозов зургадугаар сард РИА Новости агентлагт ярилцлага өгөхдөө хэлжээ.

“Ачааны үнэ тариф бол маш эгзэгтэй, тулгамдсан асуудал юм” гэж Гансүх хэлсэн байна. Түүний мэдээлж буйгаар, УБТЗ дотоодын нүүрсний болон дотоодын зорчигч тээвэр гэсэн хоёр төрөлд алдагдалтай ажиллаж байна. “Бид үнэ тарифыг алдагдалгүй ажиллах түвшинд хүргэхийн тулд зорилт тавин ажиллаж байна.

2013 онд дотоодын нүүрсний тээврийн үнийг өсгөсөн. Гэвч энэ үнэ хараахан алдагдалгүй ажиллах түвшнээс доогуур байгаа” гэж Монголын сайд хэлжээ. “Цаашид бид индексжүүлэлтийг улс орны эдийн засгийн байдалтай уялдуулан үе шаттайгаар явуулна” гэж Гансүх ярьсан байна. Түүний хэлснээр, үнэ тарифын асуудлаарх Оросын талын тавьж буй шаардлагыг Монголын Засгийн газар мэдэж байгаа аж.

УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндорж мөн үнийг индексжүүлэхийг Засгийн газрын хэмжээнд хэлэлцэж буй хүнд асуудал гэжээ. “Тарифыг шууд инфляцийн түвшинд хүргэх хараахан боломжгүй” гэж Сэрээнэндорж РИА Новости агентлагийн сурвалжлагчтай ярилцахдаа хэлсэн байна.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг