sonin.mn

Монгол цэргийн музейн хамт олон Халхын голын дайны ялалтын 75 жилийн ойн хүрээнд хийж байгаа ажил өрнүүн байна. Тэд өчигдөр зөвхөн Халхын голын дайны ул мөрийг өгүүлэх биет өлөг, гэрэл зураг, кино дүрс бичлэг, энэхүү дайнаас төрсөн монгол, оросын баатрууд, зэр зэвсэг, онцлогийг илэрхийлэх 200 гаруй үзмэр дэглэсэн “Халхын гол-75” үзэсгэлэнгээ нээлээ.

“Номонханы будлиан”, “Хилийн тулгаралт”, “Номунханы тулалдаан”, “Халхын голын байлдаан” гэх зэргээр өөр өөрөөр нэрлэдэг ч Монгол орны тусгар тогтнол,  нутаг дэвсгэрийн халдашгүй дархан байдал, ард түмний амар амгаланг сахин хамгаалахад онц чухал үүрэг гүйцэтгэсэн Халхын голын дайнүүссэн учир шалтгаан, эхлэл буюу тавдугаар сарын байлдаан, монголын түүхэнд төдийгүй дэлхийд тооцогдох хамгийн их онгоц тэнгэрт байлдсан онцлогийг өгүүлэх агаарын байлдаан болон өрнөл-Баянцагааны тулалдаан, Ерөнхий давшилт, төгсгөл, аугаа ялалтыг мөнхөлсөн нь гэсэн бүлэг хэсгүүдээс энэхүү үзэсгэлэн бүрдэж байгаа ажээ.

Энэ өдөр мөн Монголын Уран зургийн галерейд “Халх гол-75” үзэсгэлэн нээгдлээ. Халхын голын дайны ялалтын 75 жилийн ойд зориулж, Ерөнхий сайдын ивээл дор БХЯ-тай хамтран Монголын Уран зургийн галерейгаас үзэсгэлэнг зохион байгуулж байна.

Улсын сан хөмрөгт хадгалагддаг Халхын голын дайн болон Монгол орны тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөөх үе үеийнхний тэмцэлтэй холбоотой 50 гаруй шилдэг уран зураг, баримал дэлгэгдсэн энэхүү үзэсгэлэн энэ сарын 27-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд Халхын голын дайнтай холбогдолтой залуу зураачдын уран бүтээлийн үзэсгэлэн залгуулаад нээлтээ хийх ажээ.