sonin.mn

БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлалын хүрээнд Монгол болон БНХАУ-ын 20 компани хамтран ажиллах ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

“Монгол алт” компани (МАК) Харбины Олон улсын эрчим хүчний компанитай Адуун чулууны 300 MBт цахилгаан станци болон Нарийнсухайтын 195 MBт цахилгаан станци байгуулах төслийг хамтран хэрэгжүүлэх ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурав. Мөн “Эрдэнэцогт Энержи” компани “China Power Engineering Consulting Group” хооронд “Эрдэнэцогтын цахилгаан станц барих тухай” харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа.

Энэ үеэр тус байгууллагуудын удирдлагуудтай уулзлаа.

“МАК” ХХК-ийн ерөнхийлөгч Б.Нямтайшир “Адуунчулууны 300 МВт болон Нарийнсухайтын 195 МВт-ын цахилгаан станц барих төсөл нь нийтдээ 500-600 орчим сая долларын өртөгтэй. Хэлэлцээрийн дагуу түлхүүр хүлээж авах нөхцлөөр буюу бүх ажлыг хятадын тал хийсний дараа манайх хүлээж авна.

Харбины Олон улсын эрчим хүчний компани нь Хятаддаа төдийгүй дэлхийд нэр хүндтэй компани юм. Адуунчулууны цахилгаан станц 2018 онд ашиглалтад орно. Харин Харин Нарийнсухайтын 195 МВт цахилгаан станц 2017 онд ашиглалтад орох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэлээ” гэв.

МАК компанийн Төслийн удирдагч Ж.Золжаргал, “МАК компани “Нүүрснээс шатахуун үйлдвэрлэх” төсөл хэрэгжих нөхцөл өнөөдөр бүрдлээ. Өөрөөр хэлбэл, дээрх төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрчим хүчний эх үүсвэр Дорнод аймагт байхгүй. Өнөөдөр ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурснаас Дорнод аймгийн Адуун чулууны хүрэн нүүрсний ордыг түшиглэн 300 MBт цахилгаан станц барих гэрээг байгууллаа.

Мөн БНХАУ руу нүүрс экспортолдог Нарийнсухайт болон Тавантолгой гэсэн гол ордууд бий. Тэгэхээр Өмнөговь аймгийн Нарийнсухайтын орчмын нүүрсний ордыг ашиглах, дэд бүтцийг байгуулж хөгжүүлэх, нүүрс дамжуулах конвер зэрэг олон төсөл бий. Эдгээр төслийг хэрэгжүүлэхэд эрчим хүч шаардлагатай. Ингэснээр нүүрс олборлох өртөг буурч, экспортод гаргахад өрсөлдөх чадвар нэмэгдэнэ.

Тиймээс Нарийнсухайтын нүүрсний ордыг түшиглэн 195 MBт цахилгаан станц барих гэрээ байгууллаа. Мөн баруун өмнөд бүсэд томоохон төслүүд шинээр зарлаад байгаа. Тиймээс Нарийнсухайт болон тэр хэсгийн уул уурхайн үйл ажиллагааг урт хугацаанд тогтвортой явуулахад гол нөхцөл болох нөхцөл бүрдэж байгаа юм” гэлээ.

“Цагаан шонхор” компанийн Ерөнхийлөгч Ч.Энхтайван, “Манай компани ЭХЯ-наас Дорноговь аймгийн Алтан ширээ суманд Эрдэнэцогтын нүүрсний ордыг түшиглэн 600 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барих зөвшөөрөл авсан. Энэ хүрээнд “China Power Engineering Consulting Group”-тэй хамтран ажиллах гэрээ байгууллаа. Эрдэнэцогтын нүүрсний орд 2.4 тэрбум тоннын нөөцтэй том орд.

Тиймээс бид ирээдүйд цахилгаан станцынхаа хүчин чадлыг 6000 MBт болгох зорилт тавьсан. Ингэснээр Монгол Улс эрчим хүч импортлогч орноос экспортлогч болох бүрэн боломжтой. Эхний ээлжинд бид төвийн бүсийн эрчим хүчний сүлжээнд холбогдоно. Ойрын хугацаанд тус аймагт хэд хэдэн томоохон үйлдвэр ашиглалтад орох төлөвтэй байгаа. Тиймээс эхлээд дотоодынхоо хэрэгцээг хангана.

Үүний дараа БНХАУ руу экспортлох тухай ярих болно. Одоо цахилгаан станц барих ТЭЗҮ-ийг “China Power Engineering Consulting Group” хийж байна. ТЭЗҮ дууссаны дараа станцыг байгуулахад шаардагдах хөрөнгийн хэмжээ тодорхой болно байх. Шаардлагатай хөрөнгийн 15 хувийг манай компани, 85 хувийг БНХАУ-ын талаас гаргана” гэлээ.

Дээрх компаниудаас гадна Нако ХХК болон БНХАУ-ын Төмөр зам барилга байгууламжийн корпораци “Тавантолгой- Ханги чиглэлийн 435 км автозам барих төсөл”-д хамтран ажиллах болсон бол “Хүрмэн Энержи” ХХК ӨМӨЗО-ны Kingho Group-тэй хамтран “Нүүрс гүн боловсруулах төсөл” хэрэгжүүлэх боллоо.

Мөн “Голден сояа бийн” ХХК, “Хожуулын эх” ХХК БНХАУ-ын “Өү Най Тэ” компанитай сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд, “Талын Монгол групп” БНХАУ-ын “Хөлөнбуйр аялал жуулчлалын групп”-тэй аялал жуулчлалын чиглэлд хамтран ажиллах болов.

Ч.Ариунболд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг