sonin.mn

БНХАУ-ын дарга Си Зиньпиний энэ удаагийн айлчлалын хамгийн гол гэрээ хэлэлцээрийг Монгол Улсын Зам, тээврийн яам эцэслэн шийдлээ.

Хоёр улсын Засгийн газар нийтдээ 11 гэрээ хэлэлцээр хийж байгаагаас дөрөв нь Зам, тээврийн яаманд харъяалагдах бөгөөд энэ дунд олон жил яригдсан Хятад улстай хийх транзит тээврийг хөгжүүлэх гэрээ, хэлцэлд эцсийн байдлаар гарын үсэг зурлаа. Энэ нь манай улс далайд гарцгүй орон учраас дамжин өнгөрөх тээврийн асуудалд анхаарал хандуулж байгаагийн илрэл юм.

Гуравдагч зах зээлд бүтээгдэхүүн экспортлохын тулд хойд, урд хоёр хөршөөрөө дамжуулан тээвэрлэхээс өөр гарцгүй юм. Тодруулбал, Монгол Улс энэ удаагийн гэрээ хэлэлцээрийн үр дүнд БНХАУ-ын найман боомтыг ашиглах эрх авч байгаа нь эдийн засгийн хувьд урьд өмнө байгаагүй томоохон амжилт боллоо гэдгийг хоёр тал хоёулаа онцолсон юм. Түүнчлэн транзит тээвэр, төмөр замын харилцаа, далайн боомттой холбоотой гэрээ хэлцлүүдэд Зам, тээврийн сайд А.Гансүх гарын үсэг зурж баталгаажууллаа. Дээрх гэрээ хэлцлүүдийг хийснээр Монгол Улсын нийгэм, эдийн засагт маш чухал хөрөнгө оруулалт болж байна.

                                                                                                                                                                                                

Д.Эрдэнэсувд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг