sonin.mn
Тус ангийн салаан захирагч, дэслэгч Баатарсүрэнгээр ахлуулсан салааг ажиллуулсан байх юм 
 
Монгол Улсын Зэвсэгт хүчний зарим ангийн захирагч, штабын дарга хоёр өөр хоорондоо үгсэн хуй­валдаж, дээд газар­таа мэдэг­дэлгүй­гээр ху­га­цаат цэргийн алба хаагчдаар боолын хө­дөлмөр эрхлүүлж бо­ломжийн хөрөнгө бос­гоод авдаг нь нууц биш болоод байгаа билээ.
 
Тэр байтугай, бусдыг тансаг харштай болгохын төлөө захи­рагчийнхаа өгсөн үүр­­гийг эх орныхоо өм­нө өргөсөн тангараг хэ­мээн үзэн хөдөлмөр хам­гааллын нөхцөл хан­гаагүй барилга дээр ажиллаж байсан бор цэрэг амь насаа алдаж байсан тохиолдлыг Мон­­голын нийгэм мар­таагүй байгаа. 
 
Бидэнд энэ удаад Сонсголонд байрлах Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн хугацаат цэргийн дөрвөн алба хаагч хаа байгаа нь мэдэгдэхгүй сураггүй байгаа талаар мэдээлэл ирсэн юм. Эх сурвалж “Тэд ангиасаа чөлөө зөвшөөрөлгүйгээр ор­гон зайлаагүй, ангийнхаа захирагчийн тушаалаар хаа нэгтээ, хэн нэгний орд харш дээр ажиллаж байгаа нь тодорхой” гэв. 
 
Манай сурвалжлах баг дээрх мэдээллийг нягтлахын тулд юун түрүүнд ЗХЖШ-ын даргын нэгдүгээр ор­логч, хошууч генерал Б.Баяр­­магнайтай холбогдохыг оролдсон боловч тэрбээр Дорнод аймагт зохион байгуу­лагдаж буй Орос- Монголын хамтарсан хээрийн сур­гуулийг Монголын талаас удирдахаар яваад эзгүй байлаа. 
 
Тиймээс ЗХ-ний 013 дугаар ангийг Жанжин штабт харьяалдаг ЗХЖШ-ын Холбооны хэлтсийн дарга, хурандаа н.Энхбаатарын 9918..... дугаар руу болон ал­бан өрөөнийх нь 26... дугаар руу нэлээд хэдэн удаа залгасан боловч тусыг эс олов. 
 
Тиймээс салбарынх нь эрх бүхий албан тушаалтнаас лавлах нь дээр гэж үзэн Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болд­баатар руу утас цо­хиж, сураггүй гэгдэх хугацаат цэргийн дөрвөн албан хаагч хаана, хэнийд боолчлогдож байгаа талаар асуухад тэрбээр “Би энэ тухай дуулаагүй юм байна. 
 
Гэхдээ би холбогдох албан тушаалтнуудтай нь холбогдож, асуудлыг тодруулаад эргээд хариу өгөе хэмээн утсаа тасалсан ч генерал хэлсэндээ хүрч цагийн дараа бидэнтэй эргэн холбогдсон. 
 
Төрийн нарийн бич­гийн дарга “Би ангийн захирагчтай нь холбогдлоо. Анги бүрэн бүрэлдэхүүнээрээ өдөр тутмынхаа үүргийг гүйцэтгэж байна. Чөлөөгөөр болон тушаалаар нэг ч хугацаат цэргийн албан хаагч ангийн хашаа­наас гараагүй хэмээн хариуц­лагатайгаар мэдэгдэж байна.
 
Та бүхэн ямар эх сур­валжийн мэдээллээр дөрвөн цэрэг алга болсон гэж яриад байгааг гайхаж байна” гэсэн юм. 
 
 
Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга нь хүртэл сураггүй алга болсон гэгдэж буй дөрвөн цэрэгтэй холбоотой асуудлыг тодруулах гэсэн боловч хэзээнээс амиа хоо­хойлж, бүхнийг аргалж сурсан ангийн захирагч, штабын дарга нь энэ удаа ч эрхэм хошууч генералыг төвөггүйхэн хуурч дөн­гөлөө. 
 
Тэгэхээр бүтэн 10 гаруй хоног бусдад боолчлогдож, хугацаат цэргийн албаны дүрэмт хувцсыг барилгачны шавартай хувцсаар солин тогооч авгайн хоолоо хэзээ өгөхийг хүлээн халуун на­ранд хүрлийн барилга дээр ажиллаж байгаа дөрвөн бор цэргийг сэтгүүлчид тө­дийгүй яамны хэмжээнд эрж хайн сураг тавиад ирэхээр тус ангийн удирд­лагууд хэрэг бишдэх нь гээд түргэн авч тэднийг тэр дор нь анги руугаа татсан байхыг үгүйсгэх аргагүй юм. 
 
Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар “Зэвсэгт хүчний 013 дугаар ан­гийн захирагч хурандаа н.Дэлгэрцог дээр дурдсан хугацаат цэргийн дөрвөн албан хаагч ч бус бүхэл бүтэн салаа цэргээр боолын хөдөлмөр эрхлүүлж, тэд­ний олж ирсэн мөнгийг халаасалсан ч байж мэднэ. 
 
Энэ тухай тодруулах аваас эрхэм хурандаа, штабынхаа даргатай нийлэн Нүхтийн аманд шинээр сүндэр­лэн босч буй зөвхөн баячуудад зориулагдсан Ху­римын ордны барилга дээр салаан захирагч, дэслэгч Баатарсүрэнгээр ахлуулсан салааг ажиллуулсан байх юм.
 
Ангийн захирагч шинэ цэрэг шигээ шинэ дэслэгчид үүрэг өгөн “Нүхтийн ам руу алхаад марш” хэ­мээн командлахад тэр “амь­тан” бусдын амь насыг толгой­гоороо хариуцаж байгаагаа ухаарсан болов уу. 
 
Нөгөөтэйгүүр, сүүлийн үед барилгын бизнес эрх­лэгчид хугацаат цэргийн албан хаагч, хятад хоёрт нугасгүй болоод байгаа. Хятадад нь мэдээж хамгийн хямд өртөг бүхий мантуу байцаа хоёрыг амсуулаад байхад болоод явчихна.
 
Хугацаат цэргийн албан хаагчдын тухайд тэд ямар ч тохиолдолд хүнстэйгээ явдаг учраас тэднийг хооллох зовлонг тэд амсахгүй. Бас барилгачид шиг өдрийн 50 мянга төгрөг гэж үнэрхэхгүй зөөлөн хоол. 
 
Үнэн хэрэгтээ эл үйлдэл Батлан хамгаалах салбарын хэмжээнд ганцхан энэ анги дээр анх удаа тохиолдов уу гэвэл үгүй юм. Төв айм­гийн Сэргэлэн сум дахь ЗХ-ний дугаар ангийн за­хирагч, Бригадын генерал Онцгойбаяр мөн л цэргээ “ху­далдаж” халаасаа түн­тийлгээд амжсан тө­дий­гүй өдгөө ЗХЖШ-ын дарга бол­но гээд саарал ордноор сэм гүйж яваа. 
 
Магадгүй түүнд найдвар бий учраас тийн жороолсон байж таарна. Үгүй байтлаа согтуугаар ангийн бие бүрэл­дэхүүнийг талбайд нэгт­чихээд “ЗХЖШ-ын ирээ­дүйн дарга өмнө чинь зогсч байна” хэмээн томорч байхав.
 
Салбар тань ийм л байна даа, сайд минь. Эрхэм дэслэгч генералын ту­хайд байдлыг мэдээд бай­гаа мөртөө захирч ча­дах­гүй толгой дээрээ гарга­саар тэтгэвэртээ суух нь бололтой. 
 
Нөгөөтэйгүүр, ангийн за­­хирагч нараа та бүхэнд хан­даж захихад ард түмэн хүүгээ баячуудыг тансаг харш­тай болгуулахын төлөө цэргийн албанд илгээгээгүй юм шүү. Тэд эх орноо батлан хамгаалах ариун үйлсэд зүтгэхийн төлөө мордсон эрс. 
Үргэлжлэл бий...
 
 
Р.Саруул
 
Эх сурвалж: