sonin.mn

Дэлхийд эдийн засгаараа хоёрт бичигддэг хүчирхэг их гүрний тав дахь үеийн удирдагч, Си Зиньпиний хоёр өдрийн айлчлал ам­жилттай өндөр­­лөж Монгол-БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түнш­лэлийн ба­римт бичигт хоёр Ерөнхийлөгч гарын үсэг зурцгаалаа.

Си Зиньпин дарга анх 2008 онд БНХАУ-ын дэд даргын хувиар Монголд айлчилж байснаас хойш зургаан жи­лийн дараа БНХАУ-ын даргын хувьд хийсэн энэ­хүү түүхэн айлчлалынхаа зорилгыг нэгдүгээрт найдвартай, ха­­­риуцлагатай стратегийн түнш байх, хоёрдугаарт хамтран хүртэж, хамтдаа хожихыг хичээдэг харилцан ашигтай түнш байх, гуравдугаарт чин сэтгэлээсээ байн­га харилцах найрсаг түнш байх, дөрөв­дүгээрт энхийн төлөө гар нийлэн ажиллах бүс нутгийн түнш байх хэмээн тодорхойлсон билээ.

Айлчлалын хүрээнд ху­далдаа, эдийн засгийн бодит хамтын ажил­лагааг иж бүрнээр хөгжүүлж, 2020 он гэхэд хоёр улсын ху­далдааны хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэх зо­рилтыг биелүүлэхээр бол­сон нь зургаахан жилийн дараа зөвхөн хоёр орны худал­дааны эргэлт нь өнөөд­рийн Монгол Улсын жи­лийн төсвийг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэм­жээнд хүргэнэ гэсэн үг юм.

Энэхүү тохиролцоо нь зөвхөн зорилт бус заавал хамтран хэрэг­жүүлэх “даал­гавар”-ыг аль аль тал нь авчээ гэж ойлгож болно. Мөн хоёр тал үндэсний мөн­гөн тэмдэгт солилцох своп хэлцлийн хэмжээг 15 тэрбум юанийн хэм­жээнд нэ­мэг­дүүлэхээр болсон гээд тохи­ролцсон ажил цөөнгүй бий.

Тухайлбал, хил дам­на­сан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс бай­гуу­лахыг Хятадын тал нааш­тай шийдэхээр болсон нь манайхны хэдэн арван жил яриад хэрэгжүүлж чадахгүй байгаа эдийн засгийн чөлөөт бүс жинхэнэ утгаараа бай­гуулагдах найдвартай эх­лэлийг тавьсан хэрэг юм.

БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлалын үеэр албан ёсны 24 гэрээнд хоёр талаас гарын үсэг зурсан нь урьд өмнө хийгдэж бай­гаагүй эдийн засаг, стра­тегийн түншлэлийн шинэ эринийг эхлүүлсэн түүхэн үйл явдал боллоо.

Эдгээр гэрээ хэлцлүүдээс монголчуудын хамгийн их хүсэн хүлээж байсан “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНХАУ-ын гэрээ”-ний батламж жуух бичгийг со­лилцох протоколд Монгол Улсын Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар, Монгол Улс Хятад Улсын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт Мон­гол Улсын Зам, тээврийн сайд А.Гансүх, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар, Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээр, Төмөр замын хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг, “Монгол, Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-ийг ши­нэчлэн байгуулах тухай Монгол Улсын Зам, тээврийн яам, БНХАУ-ын Улсын Төмөр замын газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт Монгол Улсын Зам, тээврийн сайд А.Гансүх, БНХАУ-ын Тээврийн яамны дэд сайд бөгөөд Төмөр замын газрын дарга Лу Дун Фу нар тус тус гарын үсэг зурсныг онцлон тэмдэглэвэл зохилтой.

Түүнчлэн Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн долоодугаар хорооллын “Г” хэсэг орон сууцны хо­­роол­лын төслийг хэрэг­жүү­лэх Төрийн орон сууц­ны корпораци, Хя­тадын Экспорт-импорт банк хоо­рондын зээлийн хэлэл­цээрт Төрийн орон сууцны кор­порацийн Ерөнхий захирал А.Гантулга, БНХАУ-ын Экспорт, импорт банкны ерөн­хийлөгч Ли Руогу нар, 162 сая ам.долларын арил­жааны зээлийн тухай Монгол Улсын Хөгжлийн банк, БНХАУ-ын Хөгжлийн банк хоорондын хэлэлцээрт Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, БНХАУ-ын Хөгж­лийн банкны Ерөн­хийлөгч Жэн Жизие нар гарын үсэг зурсныг ч Монгол Улсын хөгжил дэвшилд багагүй ач холбогдолтой хэмээн дүгнэж болно.

Мөн Монголын говьд булаастай байгаа асар их баялаг, хүрэн нүүрсийг дахин боловсруулж шин­гэ­рүүлээд Хятад руу экс­портлох, Улаанбаатар хо­тын эрчим хүчний хан­гамжийг сайжруулах, хоёр орны соёлын харилцааг гүнз­гийрүүлэх зэрэг ихээхэн ач холбогдолтой гэрээнд гарын үсэг зурлаа.

Си Зиньпин даргын айлч­лалын үеэр хоёр орны аж ахуйн нэгжүүд шууд хамтран ажиллах чиглэлд түүхэн дэвшил гарлаа гэж дүгнэж болно. Зарим томоохноос нь дурьдвал “Монгол алт” ХХК нь Харбины Олон улсын Эрчим хүчний ком­панитай Адуунчулууны 300 МВт цахилгаан станцыг барьж байгуулах төслийг хамтарч хэрэгжүүлэх, На­рийн сухайтын 195 МВт цахилгаан станцыг барьж байгуулах төслийг хамтарч хэрэгжүүлэх ерөнхий хэлэл­цээрт тус тус гарын үсэг зурав.

Мөн Тавантолгой-Хан­ги чиглэлийн 435 км авто замын төслийн тухай “Нако” ХХК болон БНХАУ-ын Төмөр замын барилга байгууламжийн корпораци хоорондын хамтын ажил­лагааны гэрээнд гарын үсэг зурсан юм. Хөдөө аж ахуйн цогцолбор төсөл хэрэгжүүлэх “Эмээлт прогресс” ХХК, “Дун Юань” ХХК, Shandoy Ageshen Group” хоорондын хамтын ажиллагааны гэ­рээнд мөн гарын үсэг зурсан.

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж байгаа сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг хангахын тулд “Голден сояа бийн” ХХК, “Хожуулын эх” ХХК болон БНХАУ-ын “Өү Най Те” сүү, сүүн бү­тээгдэхүүний компани хоорондын хамтран ажил­лах гэрээнд мөн л гарын үсэг зурсан.

БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монгол Улсад хий­сэн төрийн айлч­лалаас хамгийн гол нь монгол­чуудын хүсэн хүлээсэн “Бид Монгол Улсын газар нутаг, тусгаар тогтнол, сонгон авсан хөгжлийн замыг үеийн үед хүндэтгэн үзэх болно” гэсэн үгийг Си Зиньпин дарга хэлсэн нь энэхүү түүхэн айлчлалыг бүх талаар базан тодорхойлсон үг гэж дүгнэж болно.

Ийнхүү БНХАУ, ОХУ гэсэн аварга том хоёр хөршийн дунд оршдог далайд гарцгүй, төв Азийн Монгол Улсын хувьд өмнөд хөрш БНХАУ-ын дарга Си Зиньпиний хоёр өдрийн төрийн айлчлал түүхэн ач холбогдолтой, “Монгол мөрөөдөл”-ийг бодит ажил хэрэг болоход түлхэц өгсөн ХХI зууны айлчлал боллоо.

Д.Энхтүвшин

Эх сурвалж: